Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан энэ долоо хоногт болж 42 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.
Хуралдаанаар Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг гаргах замаар шаардлагатай санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх сонирхол ихээхэн нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгж, иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол ихээхэн нэмэгдэж буйн зэрэгцээ Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд олноор бий болж байна.
Тухайлбал, өнгөрсөн сард Санхүүгийн зохицуулах хороо Монголын хамгийн анхны хамтын, нээлттэй сангуудыг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн бол энэ хуралдаанаар эдгээр сангийн нэгж эрхийн танилцуулгыг тус тус бүртгэлээ.
Ингэснээр сангууд нь бүртгүүлсэн танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлж, түүний дараагаар Хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм.
Нэгж эрхийг худалдан авах, худалдах ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрийн онлайн арилжааны системээр дамжуулж гүйцэтгэх бөгөөд ийм төрлийн сангуудын онцлог нь эрэлтийн хэмжээгээрээ нэгж эрх нэмж гаргадгийн зэрэгцээ нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг.
Мөн хуралдаанаар үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тус бүр нэг, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоёр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх долоо, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх нийт гурван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.
Түүнчлэн 2 хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5 компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шалихгүй жижиг гаруудыг бүртгэсэн болтой. Хөрөнгө оруулагчид дор хаяж тэрбум $ оор яригдах ёстой.