Финланд, Швед улс нь НАТО-д эслэх өргөдлөө өгсөн тохиолдолд бүрэн эрхт гишүүн болох шилжилтийн үеийг аль болох түргэтгэнэ гэж тус эвслийн тэргүүн Йенс Столтенберг Берлинд болсон Умард Атлантын гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгджээ.
Тэрбээр Турк улс энэ тал дээр санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэхдээ эвслийн гишүүн орнууд Турк улстай хамтран тус хоёр улсыг элсүүлэх асуудал дээр нэгдсэн шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Турк улс Умард Атлантын эвслийг өргөжүүлэхийг эсэргүүцээгүй ч алан хядагчдыг дэмждэг орнуудын эсрэг байр суурьтай байдаг гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгджээ. Тэрбээр “Бид наймаалцдаггүй. Энэ бол улс төрийн наймааны асуудал биш. Турк улсын байр суурь тодорхой. Турк улс нь Финланд, Швед террорист байгууллагуудтай хамтран ажиллахаа бүрэн зогсоож, Туркт батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьсан хязгаарлалтаа хүчингүй болгох ёстой” гэж онцолсон байна. Чавушоглу тус хоёр улс Курдистаны Хөдөлмөрийн нам, Сирийн “Өрийгөө хамгаалах ардын хүч”-тэй холбоотой байдагт, ялангуяа Швед улс эдгээр байгууллагыг зэвсгээр дэмжиж байгаа нь сэтгэл зовниож байна гэж тодруулжээ.
Энэ сарын 13-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх боломжийг эерэг гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Үүнтэй зэрэгцэн Европын парламентын томоохон фракц болох Европын ардын намын фракцын тэргүүн Манфред Вебер хэрэв Турк улс Швед, Финландыг НАТО-д элсүүлэх асуудал дээр саад учруулбал тус улсыг тусгаарлах арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгджээ. Тэрбээр “НАТО-гийн нэгдмэл байдлыг ганхуулахыг оролдсон аль ч улсыг хамтын нийгэмлэгийн хүрээнд тусгаарлах болно” гэж мэдэгдсэн байна.
Энэ үеэр Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, тус улс ойрын үед НАТО-д элсэх өргөдлөө өгөх болсон тухай мэдээлжээ.
Ниинистё 2021 оны сүүлээр Оросын зүгээс тавьсан НАТО-д бусад улс орнуудыг элсүүлэхгүй байх шаардлага, 2022 оны хоёрдугаар сард Украинд эхлүүлсэн Оросын цэргийн ажиллагаа Финландын аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн гэж мэдэгджээ.
Кремлиэс гаргасан мэдэгдэлд, ОХУ-ын Ерөнхийлөгч Финландын аюулгүй байдалд ямар нэгэн заналхийлэл үгүй учир төвийг сахисан бодлогоос татгалзах нь алдаатай алхам байх болно гэж онцолсон байна. Финланд улс гадаад бодлогоо ийн өөрчлөх нь Орос, Финландын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж сануулжээ.
Хоёр улсын харилцаанд хүндрэл гарах эрсдэлийн нэг дохио болгож, Москва энэ сарын 14-нд Хельсинкид нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг зогсоох шийдвэр гаргажээ.
Финландын эрчим хүчний салбарын төлөөлөгчийн мэдээлснээр, Орос улс цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоосон нь тус улсын эрчим хүчний хангамжид ямар нэгэн асуудал үүсгээгүй байна. Финландын цахилгаан эрчим хүчний импортын 10 хувь Орост ногддог тул үүнийг бусад эх үүсвэрээр орлох боломжтой гэж Финландын тал үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манайх ч мөн адил эрчим хүчний хараат байдлаа Оросоос салгах хэрэгтэй. Муу пийшингийн Иванууд түүгээр дамжуулж хор л учруулна. Байгалийн хий ч манайд хэрэггүй бас нэг хэрүүлийн алим, ашиг гэж түй ч байхгүй. Оросууд манай бараа материалд тавьдаг өндөр татвараа л олон улсын жишигт хүргэж багасгахад Монгол улс шууд хараат байдлаас гарна.