ҮСХ: Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 335.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ  оны нэгдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 335.7  мянган төгрөг буюу 23.2%-иар, өмнөх улирлаас 142.9 мянган төгрөг буюу 8.7%-иар нэмэгджээ.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.8 (7.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 52.6 (4.5%) мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 49.6 мянган төгрөг буюу 17.6%-иар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр нэгдүгээр улиралд 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 307.7 (23.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 125.2 (34.6%) мянган төгрөгөөр, цалин хөлсний орлого 97.5 (14.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 121.3 (8.0%) мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 79.5 (11.3%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 25.9 (5.6%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(103.242.47.14) 2022 оны 05 сарын 17

Юмны үнэ нэмнэгдсэн

0  |  0
Top