Төрийн аудитын байгууллага 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахдаа, аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлсэн гэж мэдэгдлээ. Төрийн аудитын байгууллагаас өнгөрсөн онд 4134 аудит хийж дүгнэлт, тайлан гаргажээ.
Үүнээс бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн тайлант хугацааны аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан гэсэн мэдээллийг өгч байна.
Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлжээ. Энэ хүрээнд үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10 мянга гаруй зөвлөмж өгсөн. Үүнээс гадна тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 53.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагаас 757.3 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 31.3 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон гэлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Төрийн аудитын хянан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, аудитын бүхий л шатанд хяналтын үр нөлөөг дээшлүүлж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн, илүү үнэ цэнтэй, үр өгөөж өгөхүйц аудитыг гүйцэтгэхэд чанарын хяналтын үр нөлөөтэй тогтолцоог хөгжүүлэхийг чухалчлан 2022 оныг “Аудитын чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах жил” гэж тодорхойлсон гэдгийг онцлов.
Төсвийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн төлөвлөлтийн үе шатанд төрийн аудитын хяналтыг хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцолсон бол УИХ-ын гишүүн Ж.Батжаргал эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжихээс өмнө аудит хийх хэрэгтэй гэв. Харин Ч.Өнөрболор гишүүн “Төрийн аудитын байгууллагын акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд УИХ дэмжлэг үзүүлэх ёстой. Мөн төрийн байгууллага өөрсдийнхөө хараат бус байдлыг бэхжүүлэх талаар яриад явахад хэцүү байдаг. Тиймээс Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх, баталгааг хангах тал дээр УИХ өөрөө санаачилгатай ажиллах хэрэгтэй байна” гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Төрийн аудитын байгууллага сайн УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тодотгов.
Сэтгэгдэл ( 0 )