Аманд ороод л хайлах өнгө өнгийн зайрмаг, арааны шүлс асгаруулам бялуу гээд л яг л амттаны ертөнцөд ирсэн мэт санагдах энэ газрын тохижилт нь хүртэл "амттай" харагдана. Энэ бол 20 настай П.Лхамаагийн нээсэн "NIJI dessert" кофе шоп. П.Лхамаа одоо Санхүү Эдийн засгийн их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Тэр гарааны бизнесээ эхлүүлж, кофе шопоо нээхийн тулд хичээлээсээ хагас жилийн чөлөө авч, судалгаа хийж байжээ.
Оюутан, залуус хичээлээ хийх тохилог газар олддоггүй. Номын санд суух гэхэд чимээ гаргаж болохгүй, кофе шопд суухын тулд ямар нэгэн захиалга өгөх ёстой, эсвэл удаан хугацаагаар суухад уурлаж, ундууцдаг гэх мэт асуудалд тэр дурамжхан байсан нэгэн. Улмаар кофе шопд ажилладаг байсан найзыгаа хараад энэ салбар руу хөл тавих болжээ. Ингээд л өнгөрсөн зунаас кофе шопоо нээх ажилдаа орсон байна.
Энэ тухайгаа ярихдаа тэрбээр "Монголд кофе шопоор үйлчлүүлэхдээ интернетийг нь ашиглахын тулд заавал захиалга өгөх ёстой. Мөн удаан хугацаанд сууж, хичээлээ хийхэд дургүйлхдэг гэх мэт хандлага гаргах тохиолдол бий. Үүнийг бодож, үйлчилгээндээ анхаарч байгаа.
Харин тохижилтын тухайд "Кофе шопуудны нийтлэг зүйл нь тайван байдлыг илтгэсэн бор өнгөтэй байдаг. Харин манайх залуучуудад зориулсан, илүү өнгөлөг байлгахыг хичээсэн. Энэ зорилго маань биелсэн гэж бодож байгаа. Үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүс "Яасан гоё юм бэ, кофе шоп мөн үү" гээд л зураг дарж, бичлэг хийдэг. Орчин үеийн хүүхдүүд сошиалд идэвхтэй шүү дээ" гээд инээмсэглэв.
"NIJI"-ийн амттанг идэхээр зорьж ирдэг хүмүүс олон байдаг гэнэ. Учир нь тэд зайрмаг, бялуу, bubble tea, boxcake, тирамисү гэх мэт бүхий л бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг.
NIJI гэх энэ нэрийн тухайд Японоор СОЛОНГО гэсэн утгатай үг гэнэ. Тэд кофе шопынхоо дотоод тохижилтыг хийсний дараа энэ нэрээ өгчээ.
Хаалга дуугарахад л мэнд мэдэж, үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж авах энэ газарт одоо 18-24 насны зургаан залуусыг ажиллаж байгаа. Санал бодлоо чөлөөтэй солилцож, ажиллахад илүү амар байдаг учраас ийн өөрийн үеийн залуустай хамтарч ажиллаж байгаа аж.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
П.Лхамаа зөвхөн өөрийн хүсэл, эрмэлзлээр кофе шопоо нээгээгүй. Хамтарч ажилласан найзууд болон гэр бүлийн дэмжлэгтэйгээр энэ газраа нээж, олон залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлсэн.Тиймээс ч тэрбээр гарааны бизнес эхлүүлэх гэж буй залууст хандан "Би хийж чадна гээд өөртөө хэтэрхий их бардаж болохгүй. Ах, эгч нарынхаа үгийг сонсож байгаарай" хэмээн хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Дүүдээ амжилт хүсье.
Шавь нартаа амжилт хүсье
Lhamaa dvvdee amjlt hvsii mundag shvv dvv\n
Мундаг