[ БИДНИЙ НЭГ ] Ц.Мөнгөншагай: Хурдан морь унаж сурсан тэсвэр, тэвчээр ФИТНЕСС МОДЕЛЬ болоход давуу тал болсон

2022 оны 06 сарын 11

БИДНИЙ НЭГ булангийн ээлжит дугаар бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 54 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй Ц.Мөнгөншагайг онцлон хүргэж байна. Одоо 21 настай тэрбээр 5 наснаасаа хурдан морь унаж, олон ч тэмцээний айраг, түрүү авч, хурдалдаг байжээ. Унаач хүүхдээс нас нь хасагдсаны дараа тэрбээр наадамд оролцохын тулд сур харваагаар хичээллэх болжээ. Харин дараа нь тэсвэр, тэвчээр шаардсан бодибилдингийн спортод хөл тавьсан байна.

ВИДЕО ҮЗЭХ:

-Өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Намайг Ц.Мөнгөншагай гэдэг. ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Одоо 21 настай. Фитнессийн спортоор хичээллэдэг. Мөн үндэсний сур харваагаар хичээллэдэг байгаа. 

-Багадаа хурдан морь унадаг, унаач хүүхэд байсан гэсэн?

-Тиймээ. Би Төв аймгийн Заамар сумын хүүхэд л дээ. Аав, ээж маань малчин хүмүүс. Багаасаа л морь унах дуртай байлаа. Тэгээд 5 настайдаа анх морь унаж сурч байсан юм. 6 настайгаасаа хурдан морь унадаг болсон. 

Цагаан сарын үеэр болсон хурдан морины уралдаанд түрүүлээд, түүнээс хойш хурдны морь унах маш их дуртай болсон. Тэгээд л маш олон айраг, түрүү авч, аав, ах нартайгаа наадам хэсээд л, уралдаанд ороод явдаг болсон доо. 

Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж бол хурдны морь унаж, уралдаанд ордог байсан үе. 

-Сур харваагаар хэзээнээс хичээллэх болов? 

-Хурдан морь унах хүүхдийн наснаас хасагдсанаасаа таван жилийн дараа үндэсний сур харваагаар хичээллэж эхэлсэн. Морь унах наснаас хасагдахаар наадам хэсэж чадахгүй болчихсон юм. Сур харваагаар хичээллэх юм бол наадам хэсэж болох юм байна гэж бодоод хичээллэж байлаа. 

Ер нь хурдан морь, сур харваа гэдэг бол монголын үндэсний өв соёл. Монгол хүний дээдэлж, дэлгэрүүлж байх ёстой зүйл гэж боддог. 

-Үндэсний спортоор хичээллэдэг байсан хүн бодибилдингийн тамирчин болсон гэхээр сонирхолтой санагдаж байна?

-2019 онд фитнессээр хичээллэж эхлээд, бодибилдингийн тэмцээнд орж байсан. Тэр үед 18 настай байсан гэсэн үг. Үндэсний сур харваагаар өвлийн улиралд хичээллэх боломжгүй. Тэгэхээр өвөлд нь зүгээр байхаар бие сулраад байсан. Тиймээс фитнессд явж биеэ чангална гээд анх ирж байлаа. 

Бикини модель, juneor ангилалд ордог юм. Хамгийн анх энэ ангилалдаа хотын аварга шалгаруулах тэмцээнд ороод зургаадугаар байранд орж байсан. Тэгээд л энэ тэмцээнээс урам, зориг аваад тамирчин болж чадах юм шиг санагдаад итгэлтэйгээр хөл тавьж байлаа.

-Одоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа гэсэн? 

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд Азийн аваргад явах эрхтэй болсон. Одоо Мальдив улсад зохион байгуулагдах 54 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. 

Тамирчдад тулгардаг хамгийн том асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Сайхан зүйл намайг энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Заамар өгөөмөр хайрхан" ХХК болон Улсын начин Ж.Отгонбаяр ах маань ивээн тэтгэсэн. Мөн Заамар сумын маань удирдлагууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгаа. 

Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүс, компаниудад баярласнаа илэрхийлье. Мэдээж хэрэг энэ удаагийн тэмцээнээс маш их зүйлийг хүлээж байгаа. Медальтай ирэхийг хичээж, бэлтгэлээ хийж байна.

-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bav(66.181.161.96) 2022 оны 06 сарын 13

Udahgui heluu n urgaad goyo bolno doo nyam2

0  |  0
1(103.57.93.204) 2022 оны 06 сарын 12

Үхсэн ацных нь фитнесс. Ажил хийж цаас цэвэрлэх

1  |  0
irgen(70.180.215.167) 2022 оны 06 сарын 12

Amjilt husie!!!

0  |  0
зочин(103.251.167.21) 2022 оны 06 сарын 12

болж, үзүүлээд өгөөрэй. ёстой гоё бүсгүй байна, царайлаг ч юм. эртний монгол эмэгтэй гэж ийм л байсан байх.

2  |  0
Top