НИТХ-ын ажлын алба, Хууль зүй дотоод хэргийн яам, Байгаль орчны яам, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын яам, Монголын оюутны холбооноос хамтран зохион байгуулж буй “Оюутан цагдаа-2022” хөтөлбөрийн нээлт пүрэв гаригт боллоо.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, оюутан залуусыг түр ажлын байраар хангаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тус хөтөлбөр 2014 оноос эхэлсэн аж. 2014-19 онд нийт 400 оюутан залуусыг “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулж байсан бол энэ онд 168 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа аж.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Энэ онд нийслэлд гарч буй гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Монгол улсад гарч буй нийт гэмт хэргийн 70-80 хувийг эзэлж байна. Тийм учраас гэт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийтийг татан оролцуулах шаардлагатай байна.
“Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гадаадын жуулчид ямар нэг зөрчилд өртөх нь 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Мөн “School police” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг цөөрсөн. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд хууль эрх зүйн мэдлэгтэй болох, гэмт хэргийн зөрчил буурах, өөрийн гэсэн цалин орлоготой болох давуу талтай. Нийслэлийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын захирамжаар Энэ хөтөлбөрт 157.1 сая төгрөгийг төсөвлөсөн.
Энэ жил Засгийн газраас Аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулж манай оронд гадаадын жуулчид маш олноор ирэх төлөвтэй. Монгол орныхоо үзэсгэлэнт газрыг тайлбарлаж таниулах, тодорхой мэдээллийг авахад “Оюутан цагдаа” нарын тусламжийг авах юм. Энэ утгаараа хөдөө орон нутагт хүртэл хүрч өргөн хүрээтэй ажиллана. Оюутнуудыг хууль, эрх зүй, жуулчны аюулгүй байдал, нийслэл хотын түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулж, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авч, холбогдох яамнаас арга зүйн зөвлөмж өгч, гарын авлага тараасан. Тэд нийслэл хотын жуулчны урсгал ихтэй гудамж, талбайд эргүүл хийж, жуулчдад зориулсан томоохон үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үндэсний баяр наадмын үеэр болон нийслэлийн гудамжинд ажиллаж гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, туслан дэмжиж ажиллах юм” гэлээ.
Тус хөтөлбөрт хамрагдаж буй Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн сонсогч Э.Өсөхбаяр “Манай сургуулиас 54 сонсогч энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Бид “Оюутан цагдаа” болсноор хууль эрх зүйн мэдлэгээ бататгах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх ая холбогдолтой. Залуус бид иргэдтэйгээ ойр байж, хотынхоо аюулгүй байдлыг хангах гэж байгаадаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцав. Тус хөтөлбөрийн санхүүжилтийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Гэмт хэрэг зөрчилд холбогдсон этгээдээс ногдуулсан торгуулийн 40 хувийг зарцуулж байгаа юм байна. Оюутнуудын өмнөх хантааз, малгай, хэрэгслийг ханган ажиллаж, өдөрт дөрвөн цагаар ажиллуулж нэг цагийн 5500 төгрөгийн урамшуулалтай байх ажээ.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )