Ж.Мөнхбат: Нэг ч бөхөд цол олгоё гэсэн заалт байхгүй

2022 оны 06 сарын 21

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хийсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал хэлсэн.

Тэрбээр “Энэ хуулийг их олон хоног хэлэлцсэн. Ажлын хэсэг болон дэд хэсэг гарч ажилласан. Бөхийн холбоо, морины хоёр холбоо, сур болон шагайн харвааныхан бүгд ярилцаад баяр наадмынхаа хууль дээр тодорхой хүрээнд зөвшилцөлд хүрсэн юм байна лээ. Тиймээс одоо энэ хуулийг ингээд гаргахад Ажлын хэсэг, холбоодууд болно гэж байна. Хуулийн дараа дагалдах маш их дүрэм, журам батална. Түүнийг нь ирэх сарын 1 гэхэд баталсан байх шаардлагатай. Тиймээс зөвхөн зарчмын зөрүүтэй санал дээрээ асуулт, хариултаар явъя” гэсэн юм.

Н.Наранбаатар: Засгийн газраас оруулж ирсэн төслийг дэмжиж байсан. Гэтэл нэлээд өөрчлөөд ирсэн байна. Тухайлбал, баяр наадмыг улс, аймаг, суманд нэгэн зэрэг тэмдэглэнэ гэсэн байснаа аймаг, сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 11, 12, 13-нд гээд өөрчилсөн байна. Аймгийн наадмыг будилуулдаг ганц зүйл чинь энэ шүү дээ. Бөхчүүд нь яваад самарчихдаг, хэрүүл тэмцэл болгодог.

Ж.Мөнхбат: Улс орон даяар наадмын зөрүүтэй байдал байхаар л уяачид нь морьдоо ачиж очоод, улсын цолтой бөхчүүд нь аймгийн наадмыг будилуулаад байдаг. Тийм болохоор орон даяар аймаг, сумын наадмыг долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулъя гэж байгаа юм. Ингээд нэг өдөр хийчихээр баяр наадмыг будилуулдаг байдал байхгүй болно.

Ш.Адьшаа: Ажлын хэсэг дээр хоёр холбоог оролцуулж шийдэлд хүрсэн. Одоо морин дээр элдэв маргаан байхгүй. Засгийн газрын шийдвэрээр бүсийн наадмыг зохион байгуулна гэсэн мөртлөө хоёр холбоотойгоо тохироод ороод ирэхэд Төрийн байгуулалтын байнгын хороон дээр бүсийн наадамд цол олгохгүй гэдэг юм ярьсан. Бүсийн наадам дээр цол олгохгүй болчихоор нийт уяачдын хүсэл зоригийг хангахгүй байгаа юм.

Ж.Мөнхбат: Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд улсын цол олгох асуудал анхнаасаа зөрчилдөөнтэй төсөл орж ирсэн. Үүнийг Ажлын хэсэг дээр ярьж байгаад цол олгодог болъё гээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан руу оруулсан. Байнгын хорооны санал хураахад цөөнх болсон. Бүсийн уралдааныг цэгцлээд жилдээ дөрвөн бүсийн уралдаан хийдэг байхаар хуульчилж байгаа. Харин “Их хурд”-тай жил гурван бүс уралдана. Дээр нь орон даяар нэг өдөр, нэгэн зэрэг бүсийн уралдаан болно. Энэ хуулийн төсөлд нэг ч бөхөд цол олгоё гэсэн заалт байхгүй.

С.Бямбацогт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр өнгөрсөн жилийн наадамд барилдсан бөхчүүдэд цол олгоё гэдэг санал гаргасан биш нэлээд адлуулж байна. Цол олгоно гэж зарлаад допингийн шинжилгээгээ аваад барилдаан болгосон. Нэгэнт цол олгоно гээд хэлчихсэн болохоор өгчихсөн нь дээр гэж л санал болгоод байгаа юм. Дээрээс нь өнгөрсөн жилийн морины уралдаан, сурын харваанд шалгарсан хүмүүстээ цол олгочихсон. Гэсэн мөртлөө бөхчүүддээ цол өгдөггүй. Мөн энэ хуулиар 2003 оноос өмнө барилдсан 70-аад бөхчүүдэд цол олгоно, түүнээс хойш барилдсан бөхчүүдэд цол олгохгүй гээд байгаа. Тийм болохоор олгох гэж байгаа юм бол бүгдэд нь олго гээд байгаа юм. Аливаа хууль ижил тэгш үйлчилдэг байх ёстой.  

Г.Занданшатар: Энэ маргаан нэгдүгээрт Үндсэн хуультай зөрчилдөнө. Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдана. Гуравдугаарт, тэгш шударга ёсны зарчимд харшилна. Тийм болохоор энэ яриаг дахиж гаргах хэрэггүй. Бөхийн холбоо хамаг юмыг мандуулдагаа болих хэрэгтэй. Аливаа зүйлд үзэмжээр хандахаа боль. Баяр наадмаа аятайхан, эв нэгдэлтэй хиймээр байна.

Б.Пүрэвдорж: Ер нь 2000-аад оноос өмнө төвийн хэдэн аймгийнхан л улсын баяр наадмаар морио уралдуулдаг байсан. Баруун аймгийнхан тэр бүр оролцож байгаагүй. Тиймээс бүсийн наадам зохион байгуулж, цол чимэг олгож эхэлсэн. Та нар морь уралддаг гээд яриад байх юм. Цаана хүн буюу уяачид уралддаг. Тэр уяачид чинь гаргасан хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж нэр хүнд, эрч хүч олж авдаг. Энэ зүйлийг нь байхгүй болгоод хаячихлаа. Бүсийн наадамд төрөөс ямар ч зардал гардаггүй. Аймаг, сумын бүсийн уралдаан байхгүй болчихлоо.

Н.Ганибал: Энэ хууль дээр 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно гэсэн маш чухал заалт орсон байна. Гэхдээ хугацааны хувьд жаахан бодох ёстой. Оныг нь 2030 он болгох саналтай байна. Үндсэний баяр наадмын морин уралдааныг муухай харагдуулж байгаа гол зүйл нь импортын адуунууд.

Ж.Мөнхбат: Эрлийз адуу, монгол адуу гэж маргаан баахан явсан. Хоёр холбоо байгаа. Бид ярьж байгаад хамгийн зөв зарчмаараа оруулж ирж байгаа юм. ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоодтойгоо хамтарч эрлийз, цэвэр цусны адуунуудыг бүртгэлжүүлэх ажлыг 2025 оны зургаадугаар сарын 1 хүртэл хийхээр болсон.  

О.Цогтгэрэл: Унаач хүүхдийн асуудал маш чухал, нийгэмд нэлээд хэлэлцүүлэг болсон зүйл. Хүүхдийн осол эндэгдэл, эрхийг хамгаалсан ямар зүйл заалт орж байгаа вэ. Монгол угсаатны бөхчүүд ирж барилдах нөхцөл нээлттэй байгаа юу.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Хурдан морины уралдаанд унаач хүүхдийн насыг өмнөх хуулиар долоо ба түүнээс дээш гэж заасан байсан. харин шинэчилсэн найруулгын төсөл дээр найм ба түүнээс дээш болгож өөрчилсөн. Мөн баяр наадмын өдрүүдээд даатгал үйлчилж байсныг бүтэн жилийн даатгалтай байх, эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр авах, ямар нэгэн байдлаар унаач хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээний бүхий л зардлыг уяач бүрэн хариуцахаар оруулж өгсөн. Цаашдаа нутаг усаар нь бөхчүүдийг ялгаварлан гадуурхах зүйл байхгүй. Аль нэг улсын иргэншлээс нь хамааран барилдуудахгүй гэх зүйл байхгүй. Үндэсний бөхийн холбоогоор дамжуулан одоогийн байдлаар ОХУ-ын Тува, Халимаг, Буриадын бөхчүүд барилдах хүсэлт өгсөн. Тэдний оролцох байдлыг хангах чиглэлд ажиллаж байгаа.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top