Бичил уурхайчид гарц, шийдэл хайв

2022 оны 06 сарын 21

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос өнгөрсөн баасан гарагт “Бичил уурхай-бодит шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дээрх холбооны удирдлага, гишүүд болон “Planet GOLD” төслийн төлөөлөл, сэтгүүлчид оролцов.

Тус хэлэлцүүлгийг Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд нээж, холбооны зөвлөх Г.Мөнхцэцэг “Бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, бичил уурхайн талаарх гаргасан, дээр дурдсан хууль, журам хэрэгжихгүй байгааг хяналт, хариуцлага суларсантай холбон тайлбарлаж байлаа. Мөн бичил уурхайд олгох газрын дүгнэлтийг олон шат дамжлагаар явуулан удаан гаргадаг зэрэг олон хүчин зүйл бичил уул уурхайг зогсооход нөлөөлж буйг онцолж байв.

Энэ үеэр олон улсын “Planet GOLD” төслийн мэргэжилтэн Д.Хишгээ төслийн үйл ажиллагаа, Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой эхлүүлээд буй хамтын ажиллагааны талаар танилцуулж, тус төсөл алт олборлолт дахь мөнгөн усны ялгарлыг багасгаж халах талаар бичил уурхай эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж. “Planet GOLD” олон улсын байгууллагыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр голлон удирдаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Байгаль хамгаалах олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр төслүүдээ хэрэгжүүлдэг юм байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн нөхөрлөлийг үүсгэн байгуулсан О.Цэцэгмаа энэ тал “Бид бичил уурхайн үйл ажиллагааны талаар Засгийн газраас 2019 онд гаргасан 355 дугаар тогтоолыг тууштай, тогтвортой хэрэгжүүлээч гэсэн саналыг төр, засгийн шат шатанд тавьж байна. Уг тогтоолд 2019 оноос өмнө байгуулсан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа хэвийн явуулах заалттай юм. Гэтэл доороо, орон нутагт дээрх тогтоолыг аймаг, сумын, доод шатны удирдлага завхруулж бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Хэрэв бичил уурхайг ажиллуулахгүй бол аймаг, сумын Засаг дарга нар тэднийг бүртгэж ажлын байраар хангах заалт нь хүртэл байдаг. Аль алиныг шат, шатандаа хэрэгжүүлэхгүй байна” гэсэн юм.

Бичил уурхайн талаар 2017 онд гаргасан Засгийн газрын 151 дүгээр тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Дээрх тогтоолын дагуу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” гарч хэрэгжиж ирсэн байдаг. Гэсэн хэдий ч төр, захиргааны байгууллагын дунд шатанд тухайн тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байгаа учраас ийнхүү бичил уурхайчид өөрсдийн зүгээс гарц, шийдлээ хэлэлцэж шийдвэр гаргах түвшинд хүргэхээр дуу хоолойгоо нэгтгэн, бичил уурхайг дахин албажуулах талаар хэлэлцлээ.

Манай улсад 40-60 мянган хүн хувиараа ашигт малтмал оролборлох үйл ажиллагаанд оролцдог гэсэн судалгаа гарчээ. Харин Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь Экологийн цагдаагийн албатай хамтран хариуцлагатай бибил уурхайг дэмжих, хууль бус олборлолтыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ хүрээнд 540 га талбайг нөхөн сэргээж 150 мянган мод тарьжээ. 

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top