АНХААРЛЫН ТӨВД: Японд 400 хүнд 1 буу ногддог

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

127 сая хүн амтай Япон улсад галт зэвсгээр хүний амь хөнөөсөн хэрэг жилд 10 хүрэхгүй гардаг байна.

Ийм доогуур үзүүлэлт нь юуны өмнө япончуудын соёл, галт зэвсгийн хатуу хяналттай холбоотой. Өнгөрсөн онд Токио хотод галт зэвсэгтэй холбоотой ганц ч хэрэг бүртгэгдээгүй байна. 2019 оны байдлаар тус улсын иргэдийн гарт 310400 галт зэвсэг байна гэсэн статистик бий.

Энэ нь 100 хүнд 0.25 хувийн магадлалтай буюу буюу 400 хүнд нэг буу ногддог гэсэн үг. “Их 7” бүлгийн орнуудаас хамгийн доогуур үзүүлэлттэй нь Япон.

Харьцуулахад АНУ-д энгийн иргэд нийт 393 сая буу эзэмшиж, 100 хүнд 120 буу ногддог бол Их Британид иргэдийн гарт 3.2 сая буу байдаг ба 100 хүнд таван галт зэвсэгт ногдож байна.

Японд энгийн иргэн галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авахын тулд 13 шалгуурыг давах ёстой. Юуны өмнө буу эзэмших зөвшөөрөл хүссэн хүн ангийн эсвэл буудлагын клубт элсэж, галт зэвсгийн сургалтад хамрагдан, шалгалт өгдөг байна. Үүний дараа эмчийн үзлэгээр орж, сэтгэцийн эрүүл мэндийн шалгалт өгч, хар тамхины хамааралгүй гэдгийг тогтооно. Үүний дараа галт зэвсэг хэрхэн хэрэглэх, хадгалах тухай сургалтад хамрагддаг. Улмаар цагдаагийн газарт галт зэвсэг эзэмшихийг хүссэн зорилгоо тайлбарлах ба цагдаагийн алба хаагчид түүний гэр бүлийн гишүүнээс ярилцлага авч, хөршүүдтэй ямар харилцаатай байдаг, ажил эрхлэлтийн түүх, санхүүгийн байдлыг нь шалгадаг байна.

Энгийн иргэдэд гар буу эзэмшихийг хориглодог. Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэгт гол төлөв якүза бүлэглэлийн гишүүд холбогддог байна. 2020 онд галт зэвсэг хэрэглэсэн хэрэг гарч байснаас 12 нь гэмт бүлэглэлтэй холбоотой.

Галт зэвсгийн дэлгүүртэй холбоотой мөн хатуу хууль үйлчилдэг байна. Хуульд нэг мужид гурваас дээшгүй тооны галт зэвсгийн дэлгүүр ажиллахыг зөвшөөрдөг.

Тус улс нийт 47 мужтай. Хамгийн сүүлд Японы Ерөнхий сайдын аминд халдсан хэрэг 90 жилийн өмнө гарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top