Нэн ховордсон загасны мах идсэн эмэгтэйг ЦАГДАА ШАЛГАЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

БНХАУ-д маш алдартай болоод буй хоолны блог хөтөлдөг Тизи хэмээх эмэгтэйг “Нэн ховордож буй загасны мах идэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тараасан” гэж буруутган, цагдаагаас шалгаж эхэлжээ. 

Тизигийн хувьд хэний ч санаанд багтамгүй өвөрмөц хоолыг сонгож, идэн түүнийгээ бичлэг болгон интернэтэд байршуулж, олон сая дагагчийг татсан нэгэн юм. Тэр ихэвчлэн тэмээн хяруул, матар гэх мэт амьтдын махыг халуун ногоотой хольж, чанаж, шараж иддэг байна.

Өнгөрөгч мягмар гарагт өөрийн платформдоо байршуулсан тус бичлэг дээр Тизи загасыг сүүлнээс нь эхэлж идсэнийхээ дараа, бусад хэсгээс нь тасдан авч, шарж хуурч байгааг дүрсэлжээ.

Харин блогчин эмэгтэй өөрийн бичлэг дээрх уг загасыг хууль ёсны дагуу буюу идэх зориулалтаар үржүүлдэг газраас худалдан авсан гэж мэдэгдээд байгаа юм. Харин олон нийт түүний энэхүү мэдэгдэлд итгэхгүй байгаагаа сэтгэгдлээр илэрхийлжээ.  

Одоо түүний хэргийг Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Наньчон хотын цагдаа нар шалгаж байгаа аж. Харин блогчин бүсгүй буруугүй гэдгээ батлахаар өмгөөлөгч хөлсөлсөн байна.

Хятадын хамгийн алдартай сүлжээ болох “Weibo”-д энэ талаар нэгэн иргэн "Энэ хүний ​​бичлэгийг үзсэний дараа би үнэхээр хэлэх үггүй болсон. Тухайн бичлэгээс гадна өмнө нь хийж байсан хэд хэдэн бичлэгийг нь үзэхэд үнэхээр аймшигтай санагдсан. Түүний дүүтэйгээ хамт тэмээн хяруулын мах иддэг бичлэг дээр тэрбээр эхлээд хяруулын хөлнөөс таслаж, тоглоом болгон тоглож байгаад яг нь галзуу зомби шиг бусад хэсгийг идэж эхэлсэн" гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top