Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Узбекистаны эртний Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд болох гэж байна. Маргааш эхлэх энэхүү арга хэмжээ нь дэлхийн анхаарлыг татаж байна. Үүнд хоёр гол шалтгаан бий гэж шинжээчид тодорхойлжээ. Нэгдүгээрт, дэлхийн тавцанд ШХАБ-ын нэр хүнд, ач холбогдол итгэлтэй өсөж байна. Тус байгууллагад тодорхой статустай нэгдэх хүсэлтэй орны тоо нэмэгдэж байна. Ирэх уулзалтаар тус байгууллагын оролцогч орны эгнээ тэлэх хүлээлттэй байна. Хоёрдугаарт, сүүлийн жилд олон улсын нөхцөл байдал нэлээд ярвигтай болж, шинэ сорилтуудтай тулгарч, ШХАБ-ын удирдагчдаас хариу үйлдэл хийхийг шаардаж байна гэж ажиглагчид онцолжээ.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Самаркандын тунхгийг батална. Энэхүү баримт бичиг нь ШХАБ-ын үйл ажиллагааны бүхий л салбарыг хамарсан иж бүрэн хэлэлцээр болох юм. Дээд хэмжээний уулзалтын оролцогчид олон талт хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн төлөвийг хэлэлцэж, ШХАБ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх тэргүүлэх чиглэл, практик арга хэмжээг тодорхойлно. Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед ШХАБ-ын дэлхийн тавцанд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь тус байгууллагын эгнээг өргөтгөх асуудал. Самаркандад Иран улсыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, гишүүн орны статус авах зорилгоор Ираны хүлээх үүрэг, хариуцлагын тухай санамж бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн, Египет, Катар, Саудын Арабд хэлэлцээний түншийн статус олгох асуудлыг авч үзэн, Беларусыг элсүүлэх процедурыг эхлүүлэх, Бахрейн, Мальдивт хэлэлцээний түншийн статус олгох тухай шийдвэр гаргах хүлээлттэй байна.
Үүний сацуу Самаркандын уулзалтаар ШХАБ-ын өнөөгийн болон хэтийн хөгжлийн асуудлыг тусгасан баримт бичгүүдийг батлахаар төлөвлөж байна. Эдгээрээс интеграцийн үйл явцыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хоёр баримт бичгийг онцолж байна. Нэгдүгээрт, харилцан уялдааг хөгжүүлэх, практик ач холбогдолтой тээврийн коридоруудыг байгуулах чиглэлээр хамтран ажиллах үзэл баримтлал, хоёрт, төлбөр тооцоонд үндэсний валютын хэмжээг аажмаар нэмэгдүүлж, ам.долларын хэрэглээг бууруулах замын зураглалыг онцолжээ. Үүнээс гадна, эрчим хүч, цахимжуулалт, тээвэр, харилцаа холбоо, инновац, шинэ технологи, эрүүл мэнд, соёл, спортын төслүүдийг хэлэлцэнэ. ШХАБ-ын орнуудын спортын их наадмыг зохион байгуулах, 2022 оноос “ШХАБ-ын сайн санааны элч” институтийг бий болгох, ШХАБ-ын сочлын аялал жуулчлалын нийслэлийг тодруулах тухай шийдвэрүүд гарна. 2023 онд Энэтхэгийн нэг хотод ийм статус олгох юм.
Дээд хэмжээний уулзалтын оролцогчид Евроазийн түншлэлийг бий болгох зорилгоор ШХАБ, АСЕАН-ы хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг авч үзнэ.
Узбекистаны Ташкент хотноо наймдугаар сарын 19-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний үеэр оролцогчдын дунд санал зөрөлдөөн гарсныг ажиглагчид мөн онцолж байна. Самаркандын дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрийг хэлэлцсэн тус зөвлөгөөн дээр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын хэлсэн үгийг Төв Азийн зарим орны шинжээчид дүгнэхдээ, Орос улс ШХАБ-ыг АНУ болон түүний холбоотнуудтай сөргөлдөх төв болгох, энэхүү нэгдлийг өрнөдийг сөрөх цөм болгохыг зорьж байна хэмээн үзжээ. Оросын байр суурийн хариуд Төв Азийн зарим орон энэ асуудлыг хэлэлцэхээс зайлсхийж, үүний оронд Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцэхийг санал болгосон. Төв Азийн бүс нутгийн зарим шинжээчид хэлэлцүүлгийг “ШХАБ-ыг АН-ын эсрэг талбар болгож чадахгүй” гэж хатуу шүүмжилсэн нь бий.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь 2001 онд байгуулагджээ. ШХАБ-ын гишүүн орнууд: Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, ОХУ, Тажикстан, Пакистан, Узбекистан. Ажиглагч статустай орнууд: Афганистан, Иран болон Монгол. Түнш орнууд: Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри Ланка.
Сэтгэгдэл ( 0 )