Б.Жавхлан: Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар оногдуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

2023 оны төсвийн төслийг маргааш өргөн барих гэж байна. Төсвийн төслийн талаар Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийг товчхон танилцуулж байна. 

Эдийн засгийн уналт 2021 онд ёроолдоо хүрсэн. 2022, 2023 онд өөдрөгөөр төсөөлж байсан ч геополитикийн асуудлаас үүдэн төлөвлөж байснаас удаашралтай байх төсөөлөл ажиглагдаж байна. Бидний хамгийн их анхаарах ёстой орон бол урд хөрш юм. Манайхтай ижил төстэй хөгжиж буй орнууд зах зээл дээрх мөнгөө аль болох татах замаар валютын нөөцөө хамгаалах бодлого барьж байгаа. Энэ хүрээнд төсвөө аль болох танаж, төсвийн үрэлгэн хөрөнгө оруулалтыг зогсооно. Эцэст нь хамгийн том асуудал бол валютын нөөцийн богино хугацааны хомсдол юм. Үүнийг яаралтай засах шаардлагатай байна. Тиймээс богино хугацаанд шокноос гарах арга хэмжээг авахгүй бол ирэх жил хүнд байдал үүснэ. Тиймээс энэ удаа өргөн барих төсөв том тохиргоо хийсэн төсөв болж байна.

Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг 2023 онд дүгнэнэ. Хууль батлагдаад өнөөг хүртэл 198 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж бий болсон. 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломж уг хуулийн хүрээнд бүрдэж байгаа.

  • Уул уурхайн салбараас бусад салбарт IPO гаргах боломж бүрдэнэ. IPO гаргахад оногдуулсан татвараас бүрэн чөлөөлнө
  • Бизнесийг цахимжуулах ажилд гар бие оролцож байгаа компаниудад 5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
  • Гарааны компаниудын эхний 3 жилийг татвараас чөлөөлдөг байсан бол эхний таван жил болгон сунгаж байгаа.

Монгол Улс нийт нутаг дэвсгэрийн 3 хувь хүрэхгүй газар бөөгнөрч амьдардаг. Иймд хүний бөөгнөрөл, түгжрэл шийдэх үүднээс дараах зохицуулалтыг үзүүлнэ.

  • шинэ автобусыг импортын гааль татвараас чөлөөлнө
  • нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг Сангийн 318 тэрбум төгрөг нийслэлийн авто парк шинэчлэх, нийтийн тээврийн авто парк өргөтгөл 21,7 тэрбум

Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар оногдуулна. Уг хуулийг 2018 онд өргөн бариад дэмжигдээгүй. Хамрах хүрээ том байсан. Өмнө нь босго орлого бол 1,5-1,3 сая гэж байсан бол одоо босго  орлогыг өндөр тавиад хамрагдах хүрээг бага болгосон. Өрхийн түвшинд орлогыг томоор хамруулж татвар тавих нь эрсдэлтэй учраас  817 мянган татвар төлөгчийн 1 хувьд нөлөөлөх шийдвэр гаргасан. 0-10 сая 10 хувь хэвээр, 10 саяас давсан хэсэг дээр 15 хувь, 15 саяас дээш давсан хэсэг дээр 20 хувийн татвар оногдуулна.

Төрийн албан хаагчийн цалингийн системд сүүлийн 20 жил өөрчлөлт оруулаагүй. 165 ялгаатай цалингийн системийг 20 болгож,  өртөгт суурилсан санхүүжилт, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт бий болгоно. 

Төрийн албан хаагчийн цалин 5, 5 жилээр нэмэгдээд явдаг байсан бол ирэх жилээс 1 жил бүрээр 1 хувь нэмэгдээд явах зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч нарын цалинг 20 хувь нэмэгдүүлж, цаашаа нэмэх боломжийг орон нутагт өгч байгаа.

Орон нутагт өгдөг хөрөнгө оруулалт далд явж ирсэн тул уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, хөөж туух явдал их гардаг. Өнгөрсөн жил 75 тэрбум гаруй төгрөгийн хандив тусламжийг 6 аймагт өгсөн. ИТХ-аар дамжаагүй ТББ-аар явж ирсэн тул тайлан дутмаг, хардлага дагуулсаар иржээ. Үүнийг хуульчлаад уул уурхай болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж хандив өгөхөөр бол орон нутгийн санд өгнө гэж хуульчилсан.

Зэсийн олборлолт Оюутолгойн далд уурхайн олборлолт эрс нэмэгдэнэ. Нүүрсний хувьд ковид-ын өмнөх үзүүлэлт рүү очно гэсэн төсөөлөлтэй байна. төмрийн хүдэр 8,4 мянган тонн гаргаж чадна. Ирэх жил зэсийн үнэ энэ жилийнхээс харьцангуй бууна. Нүүрс тааламжтай, алт бол тогтвортой байна гэж харж байгаа. Бид гадаад худалдаанаас харах юм бол гүйцээж чадахгүй хэмжээ гэж байхгүй гэж харж байна.

МСҮТ сар бүр өгдөг байсан бол төгсөх үед нь дэмжлэг хэлбэрээр олгох зохицуулалт хийсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад өгдөг байсан томоохон төсөв Боловсрол шинжлэх ухааны сайдад шилжиж байгаа.

Өрхийн хэрэглээнээс бусад хэрэглээнд эрчим хүчний тариф нэмэгдэнэ. Иймд эрчим хүчний төлбөрийг саадгүй төлөх үүрэгтэй.

Энэ жил бид хоёр удаа тодотгол хийж, урсгал зардлаа танасан тул энэ хэмжээнд зарлагаа тооцсон. Хөрөнгийн зардал дээр томоохон хэмнэлт хийнэ. Шилжиж байгаа, дуусаагүй хамгийн том хөрөнгө оруулалт ирэх жил таарч байгаа. Иймд шилжих хөрөнгө оруулалтыг дуусгах үүднээс 1,5 их наяд төгрөгөөр тавьсан.

  • Хөшигийн хөндий газар доорх дэд бүтцийн 68 тэрбум
  • Түгжрэл төвлөрөл 339 тэрбум
  • Гадаад зээл тусламж өмнөх оныхоос 182 тэрбум төгрөгөөр өссөн
  • Орон нутгийн хөрөнгө оруулалт буурна
  • Шинэ хөрөнгө оруулалт байхгүй.

Эрчим хүч боомтын, боловсруулах чиглэлийн бэлтгэл ажил хийгдэнэ. Энэ арга хэмжээг төсөв дагасан тодотголоор хийнэ. Энэ жилийн /2022/ төсвийн алдагдал 2,5 их наяд төгрөг гарна. 2023 оны төсвийн алдагдал 1,5 их наяд гарна. Өмнөх жилийнхээс 833 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан төсөв гэж хэлж болно.  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аа(202.21.109.8) 2022 оны 09 сарын 29

Татвар

0  |  0
Top