Хятадын Баруун Өмнөдийн их сургуулийн эрдэмтэд торгоны тэжээмэл болон зэрлэг хүр хорхойн геномыг харьцуулан судлах замаар эдгээр хорхойг хаана анх гаршуулж эхэлснийг тогтоожээ.
“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд торгоны хүр хорхойн 1078 дэд зүйлийн генийн дарааллыг тогтоох судалгаа явуулжээ. Судалгаагаар, торгоны хүр хорхойг анх Хятадын Шар мөрний эрэг дагуу гаршуулсан болохыг тогтоосон байна. Археологийн олдворууд мөн энэхүү дүгнэлтийг баталж байгаа аж. Судлаачид хүр хорхойнд гаршуулахтай холбоотой 468 ген, селекцитэй холбоотой 198 генийг илрүүлжээ. Эдгээр генийг цаашид торгоны хүр хорхойн селекцид ашиглах гэнэ.
Үүнээс гадна Хятад болон Японы торгоны хүр хорхойн селекцитэй холбоотой генийн гурван хувь нь ижил төстэй болохыг тогтоосон нь эл хоёр улс торгоны хүр хорхойг өөр өөрсдийн арга технологиор үржүүлдэг байсныг гэрчилж байна. Эрдэмтдийн энэхүү судалгаа нь ирээдүйд торгоны үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, торгоны чанарын хяналтын үйл явцыг хялбаршуулахад дөхөм болно гэж үзэж байна. Эрдэмтэд мөн бүдүүн болон нарийн ширхэгтэй утас гаргахтай холбоотой генийг мөн тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )