Өнгөрсөн бямба гарагт Тайваньд болсон орон нутгийн сонгуульд сөрөг хүчний Гоминданы нам ялалт байгуулав. Тус нам 21 хот, хошуунд 13 суудал авсан бол эрх баригч Ардчилсан дэвшилтэд нам /АДН/ дөнгөж таван суудал авчээ. Бие даасан хоёр нэр дэвшигч, Тайванийн ардын нам тус тус нэг суудал авчээ.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь сонгуульд ялагдсан хариуцлагыг хүлээж, намын даргын албан тушаалаа өгөв.
Сонгуулийн ач холбогдол
Хотуудын захирагч нар Тайванийн гадаад бодлого тодорхойлоход оролцдоггүй ч энэ удаагийн сонгууль арлын улс төрийн дотоод нөхцөл байдал цаашид хэрхэн эргэхэд чухал ач холбогдолтой. Сонгуулийн дун 2024 оны нэгдүгээр сард болох Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн өмнө улс төрийн хүчнүүдийн цаашдын хувь заяаг тодорхойлно. Санал хураалт эрх баригч намын хувьд хүнд шалгалт боллоо гэж шинжээчид дүгнэж байна. Харин эсрэгээр Гоминданы нам төрийн эрхэнд буцаж ирэх ихээхэн шанстай болов. Мэдээж хэрэг энэ нь Бээжинд ашигтайгаас гадна эх газрын Хятад, Тайванийн хурцадмал харилцааг зөөлрүүлэх боломжийг нээж байна. 2016 онд Тайванийн засаг захиргааг Цай Инвэнь тэргүүлснээс хойш хоёр талын харилцаа хурцатсан.
Ардчилсан дэвшилтэт нам ялагдсан шалтгаан
Ажиглагчид Гоминданы нам ялсныг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байна. Нэгдүгээрт, тус намын ихэнх нэр дэвшигчид хоёр дахь удаагаа өрсөлдсөн нь туршлага зааж, улс төрийн хөшүүрэгтэй байв. Харин АДН долоон гишүүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дууссан тул шинэ нэр дэвшигчдийг сойсон. Хоёрт, Тайбэйн Сүжоугийн их сургуулийн улс төр судлалын тэнхимийн судлаач Чэн Фанюягийн үзэж буйгаар, цар тахал ялагдах бас нэг хүчин зүйл болжээ. Сүүлийн гурван жилд ковидын тархалт дэлхий даяар эрх баригч намуудад хүнд цохилт өгсөн. Тайваньд ч мөн адил. Ардчилсан дэвшилтэд нам ковидын хязгаарлалт, үүнээс үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой олон нийтийн дургүйцлийн бай болсон. Түүнчлэн, ихэнх сонгогчид эх газрын Хятадтай харилцаагаа хурцатгаж, бүс нутагт цэргийн мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлсэн эрх баригчид намын бодлогод урам нь хугарсан. Хурцадмал байдал тус арлын эрх баригчид наймдугаар сарын 2-3-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн айлчлалыг хүлээн авахыг зөвшөөрснөөр нэмэгдсэн. Үүнээс хойш Хятадын Ардын чөлөөлөх арми бүс нутагт цэргийн сургуулилтаа эрчимжүүлж, өдгөө тогтмол явуулж байна.
Хятадын томоохон арал болох Тайвань нь 1949 оноос хойш өөрийн засаг захиргаагаар удирдуулж байгаа ба Бээжин арлыг салшгүй нэг хэсэг гэж үзэн, бүр мөсөн нэгтгэхийг зорьж байгаа билээ.
Санал хураалтад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь нэг засгийн “нүүр”-нээс залхсан явдал. Сонгогчид орон нутгийн удирдах байгууллагаар дамжуулан Тайванийн төв Засгийн газарт дарамт шахалт үзүүлэхийг эрмэлзэж байна гэж ажиглагчид үзэж байна.
Гэсэн хэдий ч сонгуулийн дүнг үл харгалзан 2024 оны засаг захиргааны тэргүүний сонгуульд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Улс төрийн дотоод талбарт ширүүн тэмцэл өрнөх нь тодорхой ба өрсөлдөгч гол хоёр намд сонгогчдоо өөрийн талд урвуулах боломж нээлттэй.
Гоминданы намын тэргүүн хэн бэ
Тайванийн улс төрийн тэнгэрт шинээр гарч ирж буй шинэ од Чан Ванань нь “нэртэй хүний зүстэй хүү”. Тэр генералиссимус Чан Кайши-йн гуч хүү. Чан Кайши нь Япон, Хятадын дайны үед Хятадыг тэргүүлж байв. Мао Зэдүнтэй хийсэн тэмцэлд тэр ялагдаж, хамран зүтгэгч, цэргийн хамтаар Тайвань руу зугтан гарч, Гоминданыг олон жил удирдсан. Чан Вананийн амжилт Гоминданы нам шинэ амьдрал бэлэглэнэ гэж дэмжигчид нь найдаж байна. Ройтерс агентлагийн онцолсноор, Гоминданы нам Бээжинг дэмжсэн байр суурь баримталдаг гэдгийг үгүйсгэдэг. Үүнд гайхах зүйл байхгүй. Тайванийн гол хоёр нам аралд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө зогсдог. Гэсэн хэдий ч Гоминданы намын төлөөлөгчдийн мэдэгдлээс үзвэл, тус нам БНХАУ-тай тохиролцоонд хүрэх боломжийг үгүйсгэдэггүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хүн ирээдүйд Хятад улсын дарга болох боломж бий юу?
үнэхээр хятадын сурвалжит хүний үр удам байна өвөг эмэг эх бүгд хятадын баячууд байсан даа