Оюутны XXX Универсиад наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

АНУ-ын Нью Йорк мужийн Лэйк Плесид хотноо 2023 оны нэгдүгээр сарын 12-22 нд болох Дэлхийн оюутны спортын өвлийн XXX Универсиад наадамд 50 орны 2500 орчим тамирчин, спортын 12 төрлөөр өрсөлдөнө.

Монголын Оюутны спортын холбоо нь Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоотой хамтран ажиллаж, гүйлтийн цана, шорт трейк, фристайл, снөүбоард гэсэн дөрвөн спортын төрөлд баг тамирчдаа оролцуулахаар бэлтгэжээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд цанын дасгалжуулагчаар Д.Баттулга, тамирчнаар О.Золбаяр, Б.Номин-эрдэнэ, Т.Ариунболд, фристайл болон снөүбоардын дасгалжуулагчаар М.Шинэтөр, тамирчнаар Э.Тэмүүлэн, А.Ариунбат, Г.Ганзориг, шорт трейкийн төрөлд дасгалжуулагчаар Б.Бат-Оргил, тамирчнаар Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-эрдэнэ, Э.Мөнх-эрдэнэ, нийтдээ 9 тамирчин, 3 дасгалжуулагч, багийн албаны 2, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өчигдөр (2022.12.22) Биеийн тамир, спортын улсын хорооны 3 давхрын хурлын танхимд 11:00 цагаас болж, ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа, Монголын тэшүүрийн холбоо, Монголын цанын холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцлоо.
 

Ёслолын үеэр баг тамирчдад Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбооноос бэлтгэсэн Испанийн “КЕЛМЕ” брэндийн найман иж бүрдэл хувцсыг тамирчдад гардуулан өгсөн.
 


Монгол улсын төрийн далбааг гардуулах ёслол болж Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин нь багийн тугч гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Б.Номин-эрдэнэд гардуулан өгч амжилт хүслээ. Наадамд оролцох тамирчдаа төлөөлөн шорт трейкийн тамирчин ОУХМ Б.Гэрэлтуяа, уулын цанын тамирчин ОУХМ А.Ариунбат нар тамирчны тангараг өргөв.

Өвлийн спортын тамирчид нь 2026 онд Италийн Милан, Кортинад болох Өвлийн олимпын XXV наадам, 2024 онд БНСУ-ын Кангвон мужид болох тэшүүр, шорт трекийн төрлөөр оролцохыг зорьж байна. Универсиад наадамд оролцсоноороо олимпын эрхийн оноо авах, чансаагаа нэмэгдүүлэх боломжтой болно.

Наадамд оролцох тэшүүрийн тамирчид Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт, цанын тамирчид скай ресорт болон хандгайтад бэлтгэлээ хангаж байна.

Монголын оюутны баг тамирчид анх Өвлийн Универсиад наадамд 1991 оны Японы Саппоро хотноо болсон арга хэмжээнээс эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 15 дах удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорих гэж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top