Байдены дэд ерөнхийлөгч байх үеийн нууц материалуудыг илрүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

 

Жо Байдены АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн нууц материалуудыг Вашингтон дахь түүний нэрэмжит судалгааны төвийн байранд илрүүлсэн тухай “CBS News” мэдээлжээ.

Эдгээр баримтуудыг Байдены итгэмжит төлөөлөгчид 2022 оны арваннэгдүгээр сард болсон завсрын сонгуулийн өмнө илрүүлсэн байна. “Пенн Байден” төвд илэрсэн нууц баримтууд нууцын зэрэглэлд хамаарахгүй бусад баримтуудын хамт хадгалагдаж байсан аж. Эдгээр баримтыг хожим нь АНУ-ын үндэсний архивын газарт шилжүүлжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Хууль зүйн сайд Меррик Гарланд эдгээр нууц материалуудыг судлах үүргийг АНУ-ын прокурорт өгчээ. Жо Байден өөрөө энэ талаар өмгөөлөгчөөсөө мэдсэн ба нууц баримтуудын агуулгын талаар мэдэхгүй гэж тус телевизийн эх сурвалж дурдсан байна. Жо Байден 2009-2017 оны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Нууц материал хадгалсан асуудал АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эдлэнд нэгжлэг хийх шалтаг болж байсан билээ. Флорида дахь түүний Мар-а-Ларго эдлэнд хууль хүчнийхэн өнгөрсөн оны наймдугаар сард нэгжлэг хийж, ажлын хэрэгцээний баримт бичгийг хууль бусаар ашиглаж, устгасан хэрэг үүсгэж байсан юм. Хууль хүчнийхэн Трампын гэрээс нууцлалын зэрэглэлд хамаарах олон мянган баримт бичиг илрүүлж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top