Балбын “Yeti Airlines” компанийн өнгөрсөн бямба гарагт осолдсон онгоцны хоёрдугаар нисгэгчийн нөхөр мөн “Yeti Airlines” компанийн 16 жилийн өмнө гарсан онгоцны ослоор амь үрэгдэж байсан тухай “Guardian” хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн бямба гарагт гарсан ослын улмаас онгоцонд байсан 72 хүн бүгд амиа алдсан билээ.
2006 онд “Yeti Airlines” компанийн нисгэгч байсан нөхөр Дипак Похрел нь амь үрэгдсэний дараа буюу 2010 онд Анжу Хативада тус компанид хоёрдугаар нисгэгчээр ажилд оржээ. Нисгэгчийн сургалтын төлбөрөө тэр нөхрийнхөө амиа алдсаны нөхөн төлбөрөөр санхүүжүүлсэн байна.
Агаарт нийт 6400 цагийг нисэж өнгөрүүлсэн Хативада Катманду-Похара чиглэлд нислэг үйлддэг байжээ. Нисэх багийн ахлагч Камал К.С. нийт 21 мянган цаг ниссэн туршлагатай нэгэн байсан гэнэ.
2000 оноос хойш Балбад гарсан онгоцны ослуудын улмаас нийт 350 хүн амиа алджээ. Тус улсад дэлхийн хамгийн өндөр 14 уулсын найман нь байрладаг ба цаг агаарын нөхцөл байдал гэнэт өөрчлөгддөг нь онгоцны нислэгт хүндрэл учруулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )