АНУ Хятадыг сөрөх зорилгоор Японы нутаг дэвсгэрт хэт авиан “LRHW”, далавчит “Tomahawk” пуужингуудаа байршуулах хүсэлт тавьсан тухай “Sankei” сонинд мэдээлжээ.
Пуужингуудыг Японы нутаг дэвсгэрт байршуулах нь Хятадын Номхон далай руу гарах гарцыг хаах АНУ-ын стратегийн нэгэн хэсэг гэж үзэж байна. АНУ энэ асуудлыг 3-4 жилийн өмнөөс Японы талтай ажлын түвшинд хэлэлцэж эхэлжээ. Японы тал энэ асуудлыг нааштайгаар авч үзэж байна. Гэсэн хэдий ч энэ сэдэв АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нарын уулзалт болон нэгдүгээр сард болсон хоёр улсын гадаад хэрэг, батлан хамгаалах яамдын зөвлөлдөх уулзалтын үеэр яригдаагүй байна.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээний дагуу АНУ-д газрын байрлалтай 500-5500 км зайн тусгалтай пуужин байгаагүй бол БНХАУ-д ийм төрлийн мянга гаруй пуужин байдаг аж. 2019 онд тус гэрээгээр хүлээсэн үүргээсээ түр татгалзсаны дараа Вашингтон дунд зайн тусгалтай, тэр дундаа хэт авиан пуужин эрчимтэй боловсруулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )