ФАТФ-ын "даалгавар"-уудыг биелүүлэх 7 жилийн төлөвлөгөө баталлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа   “Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2023-2030)”-г баталжээ. 

Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулан бөгөөд 2023-2030 он хүртэл үргэлжлэх хугацаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас тогтоосон техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, 11 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх юм байна. 

Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр урт хугацааны стратегийг төлөвлөх, холбогдох төрийн байгууллагуудын оролцоог тодорхойлох хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцсэн. Улмаар уг төлөвлөгөөг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан.

Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэг, зохицуулалтын салбарын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор дээрх төлөвлөгөөгөөр баталсан 194 ажлын 70 орчим хувийг дангаар болон төрийн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээрх төлөвлөгөөг баталжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top