ОПЕК+ байгууллагын хэд хэдэн орон, тэр дундаа ОХУ энэ оныг дуустал газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр буруулах шийдвэр гаргажээ. Шалтгаан нь дэлхийн зах зээл дэх тодорхойгүй байдалтай холбоотой. Москва хоногт олборлох газрын тосны хэмжээгээ 500 мянган баррелиар бууруулахаар болсон бол мөн ийм шийдвэр гаргаад байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү шийдвэрийн үр дүнд газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.долларт болж, тогтворжино. ОПЕК+ гишүүн орнуудын эл шийдвэр цэвэр эдийн засгийн шинж чанартай ба хар алтны үнийн уналтыг тогтоох зорилготой.
Газрын тосны олборлолт хэрхэн буурах вэ?
ОПЕК+ байгууллагын зарим гишүүн орон газрын тосны олборлолтын хэмжээг аажмаар бууруулах шийдвэр гаргасан тухай зарласан. Саудын Араб, Казахстан, АНЭУ, Оман, Кувейт, Ирак, Алжир зэрэг улс эл шийдвэрт нэгдээд байна. ОХУ-ын шадар сайд Александр Новакийн хэлснээр, АНУ болон Европ дахь банкны хямрал, дэлхий дахинд нүүрлэсэн тодорхойгүй байдлын улмаас дэлхийн газрын тосны зах зээл мөн л таамаглашгүй байдалд ороод байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож ОХУ 2023 оныг дуустал газрын тосны олборлолтоо хоногт 500 мянган баррелиар бууруулах шийдвэр гаргаад байна гэж Новак мэдэгджээ. Саудын Арабын Эрчим хүчний яам ирэх тавдугаар сараас энэ оныг дуустал газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 500 мянган баррелиар буруулах шийдвэрийг сайн дурын үндсэн гаргасан тухай мэдээлсэн.
Казахстан улс мөн хугацаанд олборлолтоо хоногт 78 мянган баррелиар бууруулах шийдвэр гаргасан тухай тус улсын Эрчим хүчний яам мөн мэдэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн АНЭУ газрын тосны олборлолтоо хоногт 144 мянган баррель, Оман 40 мянган баррель, Кувейт 127 мянган баррель, Алжир 48 мянган баррель, Ирак 211 мянган баррелиар тус тус бууруулахаар болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард А.Новак Орос улс газрын тосны олборлолтын хэмжээг таван хувиар буюу 500 мянган баррелиар бууруулна хэмээн мэдэгдэж байсан. Хожим нь энэхүү арга хэмжээг 2023 оны долоодугаар сар хүртэл сунгаж байсан бол өдгөө энэ шийдвэр 2023 оныг дуустал хүчин төгөлдөр хэрэгжихээр болж байна.
Газрын тосны үнэд хэрхэн нөлөөлөх вэ?
ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн шинжээч Игорь Юшаковын хэлснээр, ОПЕК+ эвслийн гишүүн орнуудын эл шийдвэр гэнэтийн байлаа. Ингэхдээ олборлолтыг бууруулах шийдвэрийг ОПЕК+ байгууллага дотроо квотыг бодитоор хэрэгжүүлдэг, их хэмжээний олборлолт хийдэг улс орнууд гаргасан нь үйлдвэрлэлийн хэмжээ бодитоор буурна гэсэн үг хэмээн шинжээч онцолжээ.
Газрын тосны олборлолт буурснаар дэлхийн зах зээлд хар алтны үнэ огцом нэмэгдэхэд хүргэнэ. Ойрын хугацаанд хар алтны үнэ нэг баррель нь 85 ам.долларт хүрч болзошгүй. Цаашид нөхцөл байдал тогтворжиж, түүхий эдийн үнэ буцаад буурах магадлалтай.
ОПЕК+ нэг баррель газрын тосны үнийг 80 ам.долларт барихыг хичээж байна. Ийм арга хэмжээ авахгүй бол ойрын хоёр сард нэг баррель хар алтны үнэ 70 ам.доллар болж, унаж болзошгүй. Тиймээс ойрын хэдэн долоо хоногт үнэ хөөрөх ч цаашид нэг баррель нь 80 орчим ам.долларт тогтох төлөвтэй гэж шинжээч үзэж байна.
Хятад улсад цар тахлын хязгаарлалтаа цуцалснаас хойш аж үйлдвэрийн үйл ажиллагаа нь төсөөлснөөс удаашралтай байна. ОПЕК+ орнууд Бээжин үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, улмаар газрын тосны хэрэглээгээ өсгөнө хэмээн хүлээж байсан. Гэтэл ийм зүйл болсонгүй. Энэ нь ийм шийдвэр гаргах бас нэг шалтгаан болжээ.
Газрын тосны олборлолт нийт дүнгээр хоногт нэг сая гаруй баррелиар буурч байгаа тул зах зээлд нөлөөлөх нь дамжиггүй гэж шинжээч дүгнэсэн байна.