Хоёр сар буурч байсан газрын тосны үнэ есдүгээр сард гэнэт өсөж эхлэв. Шалтгаан нь Мексикийн буланг нөмөрсөн “Франсин” хар салхи. Гэсэн хэдий ч үнийн өсөлт нь богино хугацааны үзэгдэл гэж шинжээчид үзэж байна. Газрын тосны үнэ цаашид хэрхэх, Хятад улс үүнд ямар нөлөөтэй талаар Forbes сэтгүүл бичжээ.
Энэ сарын 4-10-ны хооронд газрын тосны үнэ нэг торх нь 69.2 ам.доллар болж, 2021 оны арваннэгдүгээр сарын 29-өөс хойш анх удаа 70 ам.доллароос доош буурсан. Үүнээс хойш үнэ нь дахин өсөж, долоон хувиар нэмэгдээд байна. Есдүгээр сарын 17-ны байдлаар, ICE бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх газрын тосны фючерс үнэ 74.26 ам.долларт хүрсэн билээ.
Энэ удаагийн үнийн өсөлтөд газрын тос олборлогч томоохон бүс нутаг болох Мексикийн буланг “Франсин” хар салхи нөмөрсний улмаас үйлдвэрлэл хэсэгчлэн зогсож, АНУ-аас нийлүүлэгдэх газрын тосны хэмжээ буурна гэсэн болгоомжлолтой холбоотой гэж шинжээчид таамаглаж байна.
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас газрын тос олборлогч 371 уурхайн 169-ийн ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн. Эдгээр платформ нь хоногт дунджаар 0.7 сая баррель буюу бүс нутгийн нийт олборлолтын 42 хувийг олборлодог байна.
Хар алтны үнэ яагаад унав
Газрын тосны үнийн уналт өнгөрсөн долоодугаар сараас эхлэлтэй. АНУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь үнэ буурахад нөлөөлж байна. Үүний сацуу ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль томоохон тоглогчдын дунд үнэ буурна гэсэн найдварыг төрүүлснээр мөн үнэд нөлөөлж байх талтай гэж ажиглагчид үзэж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт удааширсны улмаас дөрвөн сар дараалан газрын тосны хэрэглээ буурч, долоодугаар сард хоногт 0.28 баррель болсон. Өмнөх 12 сард энэхүү үзүүлэлт дунджаар нэг сая баррель байсан тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсан байна. 2024 онд Хятад дахь эрэлт 2023 онтой харьцуулахад хоногт дөнгөж 0.18 сая баррелиар өсөх төлөвтэй байна гэж тус агентлаг тооцоолжээ. Харин АНУ-ын эрчим хүчний яам энэ онд тус улсын олборлолт 13.3 сая баррель, 2025 онд 13.7 сая баррель болж өснө гэсэн үнэлгээ гаргажээ.
Хятадын ДНБ-ийн өсөлт энэ онд таван хувьд хүрэхгүй. Энэ нь Хятадын хэмжүүрээр сулхан үзүүлэлт юм. Харин газрын тосны зах зээлийн хувьд энэ бол маш ноцтой. Учир нь Хятад улс нь газрын тосны томоохон хэрэглэгч юм. Хятадын эдийн засгийн сул үзүүлэлтүүд сөрөг хүлээлтийг бий болгоод байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын зүгээс нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан.
Олон улсын эрчим хүчний агентлаг, олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрээ хойшлуулсан ч ОПЕК+ нэгдлийн ихэнх гишүүн орон ногдсон квотоо наймдугаар давуулсныг онцолжээ. Тус агентлагийн тооцоолсноор, Саудын Араб наймдугаар сард дунджаар хоногт 9.01 сая баррель газрын тосны олборлож байсан. Гэтэл тус улсад ногдсон квот нь 8.98 сая баррель байв. Түүнчлэн, Ирак улс мөн үүргээ зөрчсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг үзэж байна. 3.91 сая баррелийн квоттой Ирак хоногт 4.38 сая торх газрын тос олборлож байсан бол 2.91 сая /ОПЕК-ийн үнэлгээ нь 2.96 сая/ баррелийн квоттой АНЭУ хоногт 3.3 сая баррель газрын тос олборлож байжээ.
Олон улсын эрчим агентлаг хэрэглэгч орнуудыг төлөөлдөг бол ОПЕК+ нь үйлдвэрлэгчдийн эвсэл. Тиймээс олборлолтын үнэлгээ нь ялгаатай байдаг гэж мэргэжилтнүүд тодруулсан байна. Гэхдээ ОПЕК+ байгууллагаас өгсөн тоонууд ОУЭХА-ийнхаас илүү бодиттой байдаг. Үүнд ОПЕК+ байгууллагын гишүүн орнуудын стратегийн ашиг сонирхол нөлөөлдөг. Харин хар алтны эрэлтийн тухайд ОПЕК эрэлтийн үзүүлэлтийг өндрөөр харуулах сонирхолтой байдаг. Ингэснээр зах зээлд дохио өгч, үнийг зохих түвшинд барихыг зорьдог бол ОУЭХА эрэлттэй холбоотой үнэлгээг илүү бодиттой өгөхийг хичээдэг байдаг.
Үнэ өсөх үү?
ОУЭХА 2024 онд дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт хоногт 0.9 баррелиар нэмэгдэж, 103 саяд хүрнэ хэмээн тооцоолсон байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт хоногт 0.7 сая баррелиар нэмэгдэх талтай. Учир нь ОПЕК+ эвсэлд ордоггүй улс орнууд олборлолтоо 1.5 сая баррелиар нэмэгдүүлэх бол ОПЕК+ орнууд энэ оны дүнгээр олборлолтоо хоногт 0.8 сая баррелиар бууруулах магадлалтай гэж таамаглажээ.
Харин ОПЕК-ийн зүгээс 2024 онд дэлхийн газрын тосны хэрэглээ хоногт 2.0 сая баррелиар өсөж, 104.2 саяд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байна. Түүнчлэн, газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ бага байна гэж таамаглаж байна. Квот ёсоор ОПЕК+-ийн газрын тосны олборлолт энэ онд 40.5 сая баррель, тус эвсэлд ордоггүй орнуудын олборлолт хоногт 53 сая баррель байна гэсэн үнэлгээ бий. АНУ-ын эрчим хүчний яам олборлолт нь нийлүүлэлтээ гүйцэхгүй гэсэн үнэлгээтэй санал нэг байна.
Эдгээр үнэлгээнээс үзвэл энэ оны 3-4-р улиралд газрын тосны хомстол үүсэх учиртай. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтийн хувьд жинхэнэ бодит байдалтай нүүр тулдаг зах зээлийн оролцогчдын байдлыг харгалзан үзэх ёстой. Учир нь зөвхөн таамаг дэвшүүлж, үнэлгээ хийдэг шинжээчдээс ялгаатай нь тэд зах зээл дээр тоглож, бодит мөнгө олж эсвэл алддаг улс. Одоогоор зах зээл дээрх уур амьсгал өөдрөг бус байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал шинжээчдийн өнгөтөөр өгүүлж байгаа шиг тийм ч сайн биш байна гэж ажиглагчид онцолжээ. Одоогоор газрын тосны нийлүүлэлт нь сул эрэлтийг давж байгаа бөгөөд хомстол үүсэх нөхцөл байдал руу явж байна.
Газрын тосны үнийг өсгөдөггүй өөр нэг хүчин зүйлийг мартаж болохгүй. Хятад улс аль 2020 онд хар алтны үнэ бага байх үед стратегийн нөөцөө бүрдүүлж, газрын тосны агуулахуудаа дүүргээд байгаа. Газрын тосны хангалттай нөөцтэй болсон тус улс импортоо хамгийн доод хэмжээнд барьсаар байна.
Эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас илүүтэйгээр өдгөө АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн сонирхол татаж байна. Ийм шалтгаанаар АНУ-ын одоогийн засаг захиргаа газрын тосны үнийг бууруулах сонирхолтой байгаа. Учир нь тус улсын ихэнх сонгогчид нь газрын тосны хэрэглэгчид байдаг. Харин хэрэглэгчид газрын тосны бүтээгдэхүүний үнийг хямд байлгахыг хүснэ.
АНУ-ын эрх баригчид газрын тосны фючерсийн зах зээл рүү урсаж буй долларын хэмжээг зохицуулах чадвартай. Өөрөөр хэлбэл, ойрын саруудад сонгуулийн кампанит ажил газрын тосны үнэд илүү нөлөөлнө гэж зарим ажиглагчид үзэж байна.
Харин зарим шинжээчдийн үзэж буйгаар, Brent маркийн газрын тосны үнэ он дуустал 80 ам.доллароос давах боломжтой. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулснаар, түүхий эдэд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлнэ. Газрын тосны үнэ доогуур байгаа үед ОПЕК+ олборлолтыг бууруулах шинэ шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй.
Бодлогын хүүг бууруулсан хүчин зүйл ач холбогдолтой ч үнэ цаашид унахаас л сэргийлнэ. АНУ-ын санхүүгийн эрх баригчдын үйлдэл зөвхөн үнийн хэлбэлзлийг л царцах боломжтой. Учир нь гол асуудал юуны өмнө Хятад дахь эдийн засгийн сул өсөлт юм гэж шинжээчид онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )