АНЭУ-ын Дубай хотноо Азийн оюутны спортын холбооны (АОСХ) 4-н арга хэмжээ болох АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, Олон улсын оюутны спортын холбоо ОУОСХ-АОСХ-ны “Стратегийн ярилцлага” хэлэлцүүлэг, АОСХ-ны 30 жилийн ойн Гала арга хэмжээ, АОСХ-ны 12 дугаар Ерөнхий Ассамблейн Чуулган нь 2023 оны тавдугаар сарын 5-9-нд нэгэн зэрэг үргэлжлэн явагдаж байна.
Азийн оюутны спортын холбооны 30 жилийн ойн арга хэмжээний энэ үеэр амжилттай ажилласан хэд хэдэн үндэсний оюутны спортын холбоодод шагнал гардуулах ёслол боллоо.
Энэ үеэр Монголын оюутны спортын холбоонд (МОСХ) “Азийн оюутны спортын шилдэг холбоо”-ны мөнгөн цом, өргөмжлөлийг гардуулан өгчээ. Шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, АОСХ-ны дэд Ерөнхийлөгч, доктор Д. Жаргалсайхан гардан авсан байна.
Монголын оюутны спортын холбооны баг тамирчид нь 2005-2022 онд болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах 24-н спортын төрлийн 54-н удаагийн тэмцээнээс 41 тэмцээнд 524 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийг зохион байгуулан оролцуулжээ.
Түүнчлэн ширээний теннис (2008), эмэгтэй волейбол (2012), эрэгтэй сагсан бөмбөг (2016) онд зэрэг Азийн 3-н оюутны АШТ-ийг Улаанбаатар хотноо хүлээн авч, зохион байгуулан явуулсан байна. Тивийн оюутны АШТ-нд идэвхтэй оролцсон байдал, төлөөлөгчдийн тоогоороо Азийн 45 орны оюутны спортын холбоодын дотроос БНХАУ-ын дараа хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Монголын оюутны баг тамирчид Азийн оюутны аварга шалгаруулах бокс, дугуй, карате, таеквондо, хөнгөн атлетик, эмэгтэй волейбол, эрэгтэй сагсан бөмбөг,, чирлидинг, шатар, 3х3 сагсан бөмбөгийн 10-н спортын төрлийн 24-н удаагийн Азийн аваргын тэмцээнээс 12 алт, 12 мөнгө, 27 хүрэл нийтдээ 51 медаль хүртсэн амжилт гаргажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна