Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймаг 2023 оны зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр /2023.06.08/ зохион байгуулагч аймгийн удирдлагууд болон тус аймгийн харьяат тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэмцээн 23 төрөлтөд зохион байгуулагдах ба 7000 гаруй тамирчин өрсөлдөх аж.
Тэмцээний төрөл
Тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Наадмын бэлтгэл ажилд төр, хувийн хэвшил, сайн дурын болон хүүхэд багачуудын хамтарсан 5000 орчим хүн оролцож байна.
Наадмын бэлгэдэл МАЗААЛАЙ
Хүүхдийн спортын зуны VII наадмын бэлгэдлээр Монгол Улс төдийгүй дэлхийд нэн ховордсон Мазаалай баавгайг сонгожээ.
Мазаалайг сонгосон шалтгааныг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тайлбарлахдаа “Говийн мазаалай нь Монгол Улсад нэн ховор, зөвхөн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 50 орчим тоо толгойтой байдаг. Говийн баавгайг энэ наадмын бэлгэдлээр сонгосон нь дэлхийд ховордсон мазаалай болон байгаль орчноо хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах, хүүхэд багачуудад байгаль экологи, ан амьтдын талаар мэдлэг олгох зорилготой.” гэлээ.
Зохион байгуулагч аймгийн тухай товч
Баянхонгор аймаг нь 2016 оноо нийтийн биеийн тамирыг эрчимтэй хөгжүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хөдөлгөөнөөр дамжуулан дэмжих зорилгоор төрөл бүрийн спортын 20 гаруй заалыг аймгийн төвдөө шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Тухайлбал, 2023 онд “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-той болсон байна.
Мөн аймгийн төвийн есөн багийн төв нь спорт заалтайгаас гадна аймгийн Оготнотой булаг хэмээх голын ойролцоо 6-7 спортын төрөлжсөн задгай талбайг байгуулан тохижуулжээ.
Түүнчлэн тус аймгийн 20 сумын спортын заалуудыг иж бүрэн шинэчилж, иргэд, хүүхэд багачуудыг төрөл бүрийн спортоор хичээллэж, амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхийг зорьжээ.
Баянхонгор аймаг нь 2016-2022 онд бүсийн болон улсын чанартай өсвөр үеийн насны ангиллаар 5, залуучуудын насны ангиллаар 1, насанд хүрэгчдийн 3, ахмад насны ангиллаар 1 тэмцээнийг зохион байгуулж,и 9332 тамирчин, дасгалжуулагчийг хамруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )