Алдартай кино найруулагч сошиалаар найз эмэгтэй хайж буйгаа зарлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 15

Кино урлагийн сүүлийн 30-40 жилд төрсөн аугаа найруулагчдын нэгд зүй ёсоор тооцогддог Ларс Фон Триер сошиалаар найз эмэгтэй хайж буйгаа зарлалаа.

Dogville, The House That Jack Built, Nymphomaniac, Melancholia зэрэг бүтээлүүд нь хэд хэдэн төрлөөр “Оскар”, “Алтан бөмбөрцөг” болон Каннын кино наадмын шагналыг хүртэж байсан Ларс Фон Триер сошиалд оруулсан бичлэгтээ “Би 67 настай. Паркинсоны өвчтэй, мөн хэтрүүлэн бодож, санаашрах өвчтэй (OCD), яг одоогоор согтууруулах ундааны хэрэглээгээ хянах чадвартайгаа байгаа. Товчхондоо бол аз байвал дахиад хэдэн дажгүй сайн кино хийr амжих боломжтой” гэж өөрийгөө танилцуулаад заримдаа бие нь сайн байвал өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтойгоо ч дурджээ. Мөн сошиал орчинг сайн мэдэхгүй ч гэлээ түүгээр дамжуулан найз эмэгтэй хайхаар шийдснээ хэлээд сонирхож буй хүн байвал дараах мэйл хаягаар (bill.mrk.lars@gmail.com) холбогдож болохыг дурджээ.

Өнгөрсөн жил Ларс Фон Триер Паркинсоны өвчнөөр өвчилснөө зарласан юм. Паркинсоны өвчнийг Салгалдаг өвчин буюу мэдрэлийн эс алгуур алдагдах, булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтанд нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэг гэж тодорхойлсон байдаг ажээ.

Ларс Фон Триер нь Данийн төрийн албаны ажилтнууд болох Ингер болон Ульфа Триерийн гэр бүлд төрж өссөн. Түүний ээж нь өөд болохынхоо өмнөхөн хүүдээ төрсөн эцэг нь Ульф Триер биш харин ажлынх нь газрын дарга асан Фриц Михаэль Хартман гэдгийг дуулгаад үүнийгээ тайлбарлахдаа “Би хүүгээ урлагийн мэдрэмжтэй байгаасай гэсэндээ ийм зүйл хийсэн” гэж хэлсэн гэдэг. Хартман нь Данийн алдартай хөгжмийн зохиолчийн гэр бүлээс гаралтай хүн байсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top