Ромын Пап Фрэнсис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Ромын Пап анх удаа Монгол газар хөл тавьж буй нь энэ. Түүний энэхүү айлчлал геополитикийн ач холбогдолтой.
Католик сүм, Монгол Улсын дипломат харилцаа олон зуун жилийн түүхтэй. Талууд дэлхийн олон улс орон байгуулагдаагүй байсан XIII зуунаас харилцаж эхэлжээ.
Анх 1289 онд Ромын Пап IV Николас элч Жованни Монтекорвиног Юань гүрний их хаанд бараалхуулахаар илгээж байжээ. 1336 онд Юань гүрний сүүлчийн хаан Тогоон Төмөр Ромын Пап XII Бенедикт руу элчээ илгээж байв. Харамсалтай нь хэдэн жилийн дараа Европыг хар тахал нөмөрч, хэдхэн сарын дотор олон сая хүний амийг авч одсон. Гэхдээ монголчууд болон Католикийн сүм даваад л гарсан.
Тиймээс Ромын Папын Монголд хийж буй айлчлал эхлэл биш. Энэ бол олон зууныг дамнан олон уналт, сэргэлтийг туулсан ч орчин цагийн дэлхий дахины хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг нээх чадвартай соёлын солилцоотой эргэн нийлж буй явдал юм.
Хүн амын дийлэнх нь бурхны шашинтай, өргөн уудам нутагтай Монгол Улсыг Ромын Пап түүний хөршүүд болох БНХАУ, ОХУ-д хүрэх гүүрийг босгох боломж хэмээн харж байгаа байх. Тус улс газар зүйн хувьд стратегийн байршилтайн дээр тогтвортой бус бүс нутагтаа төвийг сахисан байр суурийг баримталдаг.
Ромоос есөн цаг нисэж Улаанбаатарт морилон саатах Католик шашны тэргүүний аялал нь саяхан мэс засалд орж, явахад хүндрэлтэй тулсан 86 настай хамба хэр их тэсвэртэйг шалгана.
Хуучин Зөвлөлтийн дагуул улс байсан Монгол Улс нь 1992 оноос хойш ардчилсан улс болсон. Тус улс дэлхий дээрх хамгийн залууд тооцогдох цөөн буюу 1400 орчим католик шашинтантай. Ватиканы мэдээллээр, нийт 25 католик санваартантайгаас хоёр нь монгол, мөн 33 гэлэнмаатай. Гэхдээ Монгол дахь католик шашны тэргүүн нь дэлхийд хамгийн залууд тооцогддог.
Хурдацтай хотжиж буй Улаанбаатар хотод хийж буй айлчлал нь Ромоос алслагдсан бүс нутгуудад Католик сүмийн мессежийг хүргэж, шашин хоорондын харилцааг дэмжих явдлыг бэлгэдэж байна.
“Энэ бол тооны хувьд цөөн ч өндөр итгэл сүсэгтэй, агуу их буян үйлдэгч сүмийг хүлээн авах боломж юм” хэмээн Пап лам өнгөрсөн ням гарагт айлдсан. Гэхдээ энэ айлчлал маргаангүй геополитикийн зорилго агуулж байна.
“Хэрэв Монголд хийх аялал бүс нутгийн үүдийг нээлттэй үлдээвэл айлчлал үр дүнгээ өгнө” гэж Жоржтауны их сургуулийн Шашин, энх тайван, дэлхийн үйл хэргийн төвийн ахлах ажилтан Пол Эли AFP агентлагт ярьжээ.
Папын анхны айлчлал
Монголд айлчилж буй анхны Ромын Пап баасан гарагийн өглөө морилон ирэв. Албан ёсны уулзалтууд бямба гарагт төлөвлөгдсөн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, иргэний нийгмийн төлөөлөл, гаднын дипломатчид, лам, санваартнуудтай уулзалт хийнэ.
Ням гарагт олон улсын шашин хоорондын зөвлөгөөнд оролцож, саяхан баригдсан Степпе Арена мөсөн өргөөнд болох Ариун ёслолыг удирдана.
Гэгээн Ширээт Улсын тэргүүн Фрэнсис айлчлалынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулах нь дамжиггүй. Уул уурхай эрчимтэй хөгжиж буй Монгол Улс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бусад улсын нэгэн адил амсаж байгаа. Үер, ган гачиг зэрэг байгалийн хатуу ширүүн нөхцөл өргөн уудам бэлчээрт мал олноор хорогдоход хүргэж, улмаар хүн амын 30 хувийг бүрдүүлдэг малчдыг Улаанбаатар хот руу нүүхээс өөр сонголтгүй болгож байна. Ромын Пап Фрэнсис Төв Ази нь манай гарагийн экологид амин чухал үүрэгтэйг сайн мэдэж байгаа. Амазонкийн дараа энэ бол дэлхийн хоёр дахь “уушги” юм. Монголчуудын тэнгэр хөх байхаа больж, тал нутаг нь ногоон байхаа больсон цагт манай дэлхийд аюулд орсон гэсэн үг. Тиймээс Ромын хамба Монгол Улсад тулгарсан экологийн асуудлыг хөндөх нь дамжиггүй.
Хамгийн залуу кардинал
Ромын Папын айлчлал нь Монгол Улсын дипломат ажиллагаа илүү идэвхжиж байгаа энэ үед болж байгаа. Энэ сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтонд айлчилсан бол зургаадугаар сард Монгол Улс Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг хүлээж авсан билээ.
Өнгөрсөн онд Гэгээн Ширээт Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монголын бурхны шашны төлөөлөгчид, католик санваартнуудын хамтаар Ватиканд айлчилсан. Төлөөлөгчдийг Ромын Папын томилсон дэлхийн хамгийн залуу итали кардинал Жоржо Маренго /49 настай/ тэргүүлсэн. Улаанбаатар дахь католик шашны тэргүүн тэрбээр Монгол Улсад 20 жил ажиллахдаа монгол гэрт анхны католик сүмийг байгуулахад хувь нэмэр оруулжээ.
Үнэт зүйлсийг сэргээх нь
Нэгэн үед Чингис хааны эзэнт гүрний цөм байсан, өнөөгийн далайд гарцгүй Монгол Улс нь Орос, Хятадын дунд оршдог. Тус улс Оросын эрчим хүчний эх үүсвэрийн импортоос, Хятадаас түүхий эд, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай.
Гэхдээ Монгол Улс нь хөрш орнуудтайгаа төвийг сахисан шугамыг сахиж, АНУ, Япон, БНСУ зэрэг гүрнүүдтэй харилцах харилцаандаа тэнцвэрийг хадгалахыг эрмэлзэж байна.
Тиймээс Монгол Улсыг Ватикан Бээжин болон Москватай харилцах харилцаанд нь тус нэмэртэй гэж харж байна. Өнгөрсөн онд Гэгээн Ширээт Улс Бээжинтэй ширээт ламын томилгоотой холбоотой ярвигтай асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээсэн бол Ромын Пап Фрэнсис Москва, Украины хооронд зуучлах оролдлого хийж байв.
Монгол Улс мөн Умард Солонгостой сайн харилцаатай.
Монгол Улс хөрш орнуудтайгаа ямар нэгэн газар нутгийн маргаангүй. Азид энэ нь туйлын ховор тохиолдол гэж Бритиш Колумбиа их сургуулийн профессор Жулиан Дийркес онцлов. Түүнээс гадна, Монгол Улс нь Ази дахь ардчиллыг тууштай хөгжүүлж буй хуучин социалист цорын ганц улс.
Тиймээс Орос, Хятадын тухай асуудал айлчлалын чухал хэсгийн нэг байх болно. 2022 онд Ромын пап Фрэнсис Казанхстанд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах санаачилга гаргаж байсан ч Хятадын төрийн тэргүүнд түүнтэй уулзах цаг, зав гараагүй. Хятадын тал Гэгээн Ширээт Улстай харилцаагаа урагшлуулах тал дээр хойрго ханддаг. Хятад, Ватиканы харилцаа түүхэн аль ч үед сул байсан. Гэхдээ хэрэв Хятад Ромд очихгүй бол Ромын Пап Фрэнсис өөрийгөө Монголд урьж, хаалга тогшиж байна. Фрэнсис хэзээ ч бууж өгдөггүй.
Оросын асуудал ч хөндөгдөх нь дамжиггүй. Украин дахь дайн, Путины үйлдлийг үл тоомсорлож болохгүй. Энэ бол бүхий л хүн төрөлхтөнд нүүрлэж буй заналхийлэл. Энх тайван, шударга ёсыг уриалсан Ромын Папын уриалгыг сонсоход хүнд байсан ч Ромын пап Фрэнсис хэзээ ч зогсохгүй. Хүчирхийлэл бол гарц биш.
Тив дамнасан онцгой соёл иргэншлийг байгуулж, олон зууны турш мэргэн ухаан хуримтлуулсан монголчуудын хамтаар Ромын пап Фрэнсис энэ цаг үеийн хүндрэл бэрхшээлийн өмнө сөхрөхгүй байхыг хүн бүрд уриалж байна. Өнгөрсөн үеийн экологийн эмгэнэл, улс төрийн алдаанууд өнөөдөр сургамж болох учиртай. Эх сурвалж: ucanews, france24
Сэтгэгдэл ( 3 )
мөхөж буй манай улсад ирээд яана вэ \n
Католик алуурчин сүм гэдэгийг мэддэгүй юм уу? Түүх уншаач мунхаг хүмүүсээ
Ирэх нь яахав цаг үеэ олсонгүй зам хаагаад баллах байхдаа 4 хоног гээ биздээ