ОХУ, БНХАУ Израилын асуудлаарх АНУ-ын тогтоолд хориг тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид Израил-Хамасын мөргөлдөөний талаарх АНУ-ын санаачилсан тогтоолын төсөлд хориг тавьжээ.

АНУ-ын санаачилгыг тус зөвлөлийн арван гишүүн улс дэмжсэн бол Мозамбик, Бразилын төлөөлөгчид түдгэлзжээ. Төслийн эсрэг мөн Арабын Нэгдсэн Эмирт Улс санал өгсөн байна. БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь АНУ-ын төсөлд гал зогсоохыг уриалаагүй хэмээн тодруулжээ. Түүний хэлснээр, тогтоолын төсөл тэнцвэргүй байр суурийг илэрхийлснээс гадна юу нь зөв, юу нь буруу болох тал дээр андуурч, хоорондоо зөрчилтэй заалтууд оржээ. БНХАУ, ОХУ, АНЭУ болон Бразил нь өөрчлөлт оруулах санал гаргасан ч АНУ гол асуудлуудыг орхин, өнгөц өөрчлөлтүүд оруулсан гэж Жан Жюнь тайлбарлажээ.

Өнгөрсөн ням гарагт Вашингтон Израил, Хамас бүлэглэлийн мөргөлдөөний асуудлаарх тогтоолын төслөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн мэдүүлсэн. Төсөлд Хамас бүлэглэлийн үйлдлийг буруутган, Тель Авивын өөрийгөө батлан хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрсөн ч гал зогсоох уриалга гаргаагүй байна. Түүнчлэн төсөлд барьцаанд буй хүмүүсийн даруй, болзолгүйгээр суллахыг шаардаж, олон улсын эрх зүйг баримтлах, энгийн иргэдийг хамгаалахыг уриалжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн Оросын санаачилсан тогтоолын төслийг хүлээн аваагүй байна. Төслийг Хятад, Орос, Гана, АНЭУ дэмжсэн бол АНУ, Их Британи эсрэг санал өгч, есөн улс түдгэлзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top