Иргэдээс бие бялдрын хөгжил тодорхойлох судалгаа авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа.

21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдээс энэхүү судалгааг авах ба үүнд 7000 хүнийг хамруулахдаа асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулагдана.

Судалгааны үр дүнгээр иргэдийн дундах хөдөлгөөний мэдлэг, дасгал хөдөлгөөн хийх орчин, бие бялдрын ачаалал даах чадвар, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах, нотолгоог бий болгох, бодлого шийдвэр гаргагч нарт зориулсан зөвлөмж, иргэдэд зориулсан дасгалын жишиг загварыг боловсруулах, зөвлөмж, гарын авлага боловсруулах ач холбогдолтой билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top