ТОЙМ 2023 | Нийгэм, эдийн засгийн ОНЦЛОХ ТАВАН сэдэв

2023 оны 12 сарын 31

Мэдээллийн ZINDAA.MN сайт, "Өглөөний сонин" улиран өнгөрч байгаа 2023 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Өнөөдөр эдийн засаг, нийгмийн салбарын "ОНЦЛОХ ТАВАН СЭДЭВ"-ийг онцоллоо.


МОНГОЛ УЛС 2024-2025 ОНД БОНДЫН ӨР ТӨЛӨХГҮЙ

Монгол Улсын төсвийн орлого 2023 оны эхний хагаст 1.1 их наядаар давж биелсэн нь онцлох үйл явдал байлаа. Оны үлдсэн хугацаанд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй гэсэн тооцооллыг Сангийн яам хийж өнгөрсөн зургаадугаар сард УИХ Төсвийн тухай хуулийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгосон юм.

Төсвийн давж биелсэн орлогыг цалин, ахмад настны тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар болж долоодугаар сарын 1-нээс төрийн 217.7 мянган албан хаагчийн цалинг 26-50% нэмэгдүүлэхэд 986.6 тэрбум төгрөг, ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэхэд 396 тэрбум төгрөгийг зарцуулав.

Монгол Улс энэ 12 дугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарласан юм. Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадсаныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна. (ТОЙМЧ Д.ОЮУНЦЭЦЭГ)

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС БИЧИГДЛЭЭ

2023 онд Монголын Бурханы шашинд түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хоёр томоохон үйл явдал болсон нь Х Богд Монгол орноос тодорч, МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн дараагийн үеийн шинэ тэргүүнээ залав.

X Богдын хойд дүр монгол хүү

Туулай жилдээ заларсан ТУНАМАЛ ДҮРТЭЙ БОГД хэмээн олноо хайрлагдаж байгаа Богд Жэвзүндамба хутагтын X дүрийн хувилгааныг туулай жилийн шинийн гурванд сэнтийд залж, Энэтхэгийн Дарамсала хотноо Дээрхийн гэгээнтний хамт олны өмнө ил гарсан юм.

Түүний номын алдрыг Данзанжамбалчойживанчүг хэмээнэ. Аав, ээжээс заяасан нэр нь Алтаннарын Ачилдай, Агудай нар. Ингэж бичихийн учир X Богд ихэр бөгөөд олны өмнө бие биегүйгээр харагдах нь ховор. Үнэндээ Далай лам хийгээд эцэг эх нь Энэтхэгт болсон арга хэмжээний үеэр хэнийг нь танилцуулсныг олон нийтэд хэлээгүй. “Бид хүүгээ дарамт шахалт дор бус, хүнд бэрх хичээл номын ачааллаас ангид энгийн орчинд өсөөсэй гэж хүсэж байна” гэж хүүгийн ээж Н.Мөнхнасан ярьсан байдаг.

Монголчуудын сайн мэдэхээр “Монполимет групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын зээ болох найман настай хүү Наймдугаар Богд Жибзундамба таалал төгссөнөөс хойш 99 жил, есдүгээр Богд жанч халснаас 11 жилийн дараа Х Богдын дүрээр тодорсон нь энэ юм. Ийнхүү Монгол Улсаас Бурхны шашинтнуудын итгэл, үнэмшлийн бэлгэ тэмдэг болсон нэгэн том төлөөлөл тодорсон нь эерэг сөрөг багагүй дуулиан дагуулсан.

Үүний нэг нь Бурхны шашинтны гэгээнтнүүдийг дотроосоо тодруулах Хятадын мөнхийн ашиг сонирхол буй өнцгийг дэлхийн томоохон хэвлэл “The New York Times”-д “Төвөдийн Бурхны шашны төлөөх тулааны гал дундах 8 настай хүү” хэмээн онцлон бичсэнийг /ЭНД/-ээс уншаарай.

Мөн шинээр ширээндээ заларсан Х Богд Монголд ямар хэрэгтэй талаарх “Орчин цагийн Богд шүтээн үү, эсвэл!” нийтлэлийг /ЭНД/-ээс уншаарай.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Шинэ тэргүүн

29 дүгээр Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц лам нь 1992 оны наймдугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн их хамба лам" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Тэрээ социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үеэс эдүгээг хүртэл 31 жил тус албыг хашиж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Тэргүүн их хамба лам"-ын халаагаа БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандоржид хүлээлгэн өглөө.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билигт өдөр буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр ширээнд нь залсан.

Д.Жавзандорж лам нь 1998 оноос БНЭУ дахь Буддын гүн ухааны их сургуульд дээдийн номд хичээнгүйлэн суралцсан. Ингээд Буддын гүн ухааны “Тийн шалгадгийн тайлбар”-ын аймгийг судлан дүүргэж Намдэл равжамба цолыг 2000, Парчин домын дамжаа барьж “Билиг Барамид”-ын аймгийн номыг судлан дүүргэж Парчэн равжамба цолыг 2006, “Төв үзэл”-ийн аймгийн номыг судлан дүүргэж Ум равжамба цолыг 2008 он, “Авидарма”-ын номыг судлан дүүргэж Зод равжамба цолыг 2010 он, “Номхтгол”-ын аймгийн номыг судлан дүүргэж Дүлва равжамба цолыг 2012 онд тус тус амжилттай хамгаалсан.

Анх зиндаанд орсон цагаас эхлэн дацангийн хэмжээнд хамгийн олон судар ном цээжилсэн ламаар хэдэнтээ шалгарсан бөгөөд нийтдээ 10 зиндаанд тэргүүн байр, хоёр зиндаанд дэд байрыг эзэлж байжээ.

Түүний дараа лхаарамбын зургаан жилийн шалгалтад дөрвөн удаа тэргүүн байр, хоёр удаа дэд байранд шалгарч 2017 онд нийлбэр дүнгээр тухайн үеийн шалгалтад хамрагдаж байсан 1000 гаруй хуврагуудаас оройлон Буддын гүн ухааны эрдмийн дээд зэрэг цолыг Анги данбын лхаарамба буюу тэргүүлэх зэргийн лхаарамба цолыг онцгой ялгамжтай хүртсэн.

2018 онд Дандрын ёсны их хүрээ Жүддод дацанд нэг жилийн сургалтаа дүүргэн тухайн жилийн нууц тарнийн шалгалтдаа мөн тэргүүн байр, 2019 оны аграмбын шалгалтад гуравдугаар байрыг тус тус эзэлсэн. 2023 онд Даш Гоман дацангийн нууц тарнийн гурван жилийн хөтөлбөрийг амжилттай дүүргэн, төгсгөлийн зэргийн шалгалтад мэтгэлцээн, бичгийн боловсруулалт болон нийлбэр дүнгээр тус бүр тэргүүн байр эзэлж, нууц тарнийн шашныг дэлгэрүүлэх түмэн зохиолыг үзүүлсэн юм.

АСУУДАЛ ДАГУУЛСАН “НОГООН АВТОБУС”

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй бөгөөд үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 60 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн. Иймээс нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж, тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК нь 2023 онд нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр 810 автобус оруулж ирэхээр гэрээлснээс 100 автобусыг Улаанбаатар хотод авчирсан байдаг. Гэвч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийслэлд нийлүүлсэн дээрх автобус нь стандартын шаардлага хангахгүй, “Daewoo” компанийн Вьетнамд угсарсан буюу капитал засвар хийсэн “хуучин” эд байж таарсан. Үүний цаана авлига, албан тушаалын асуудал байсан нь цухуйсан.

Улмаар асуудал өндрийг авч, холбогдох хүмүүс АТГ-ын үүдийг татаж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга нар огцров.

АТГ-аас хамгийн сүүлд буюу 2023.10.25-ны өдөр өгсөн мэдээллээр холбогдох асуудлаар 11 иргэн албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татан, яллагдагчдын 31 үл хөдлөх хөрөнгийг царцаасан. Түүнчлэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам.долларын шилжих хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татаж, хоёр хүнд хилийн хориг, хоёрт нь цагдан хорих арга хэмжээ авсан байдаг.

Тухайн үед "Zyle Daewoo bus" компанийн захирал "Солонгос улсын Дэү корпорацаас Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс уучлалт гуйж байна. Монголын захиалга давчуу байсан тул бид будагтай холбоотой жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш" гэж байв.

Энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй бөгөөд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дахин тендер шалгаруулж, 600 автобус худалдан авахаар болоод буй.

Харин “ногоон автобус”-ны тухайд Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны шинэ дарга Б.Дэлгэрсайхан “Шүүхээс гэм буруутныг нь тогтоогоогүй учраас ногоон автобусыг хүлээж аваагүй. Ер нь шүүх эцэслэн шийдэж, ийм үнээр ногоон автобусыг хуучин автобусны үнээр ав гэвэл буцаж нийслэлд ирэх байх. Цаашид яаж шийдэх эсэхийг бид ярих боломжгүй. Би ойлгохдоо, нэгэнт 100 ширхэг ногоон автобусыг буцаах нь боломжгүй зүйл гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Эдгээр автобусыг буцаахад ямар хэмжээний зардал гарах билээ. Дор хаяж вагон дээр ачаад аль хүртэл авч явах нь тодорхойгүй" гэх мэдээллийг өгсөн юм.

УЛААНБААТАРЫН ҮНЭН ЦАРАЙГ ИЛЧИЛСЭН ҮЕР

Улсын нийслэл Улаанбаатар маань усанд хэдхэн цагийн усархаг бороонд “живэх” эрсдэлтэйг өнгөрөгч зуны хэдэн өдрүүдээр харлаа.

Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11,956 өрхийн 34,473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн. Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн амь эрсэдсэн билээ.

Улаанбаатар хотын хувьд байгалийн хүчин зүйлсээс гадна хүн амын төвлөрөл, барилгажилт, замбараагүй хот тэлэлт, газар олголт, газар ашиглалт, шаардлага хангаагүй үерийн хамгаалалтын байгууламж, үерээс хамгаалах тогтолцоо бүрдээгүй байгаа зэрэг нь үерийн аюул, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Хотын хэмжээнд нийт 1100 км гаруй авто зам байгаагийн 16 хувьд нь буюу 168.8 км замд борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ бий. Мөн 18 байршлын 33.8 км борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын 70 хувийг 1990 оноос өмнө хийсэн бөгөөд насжилт хэтэрсэн. Түүнчлэн нийт шугамын 60 хувь орчимд лаг, хагшаас хуримтлагддаг бөгөөд ус тогтдог зарим байршилд шинээр борооны ус зайлуулах шугам төлөвлөх шаардлагатай байгааг албаныхан онцолж буй.

Энэ зуны үүссэн нөхцөл байдалтай уялдуулан үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжаар “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг наймдугаар сарын сүүлээр эхлүүлсэн.

Гэвч, Захирамж цаас болж, ирэх зун нийслэл хотоороо дахин үерт автаж магадгүй юм.

Учир нь “Авлига хороолол” гэх хоч зүүгээд буй "Акуа Гарден" төслийн барилгын ажил хэвийн үргэлжилж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Тухайн үед тус барилгын инженер “Манай барилга 500 гаруй захиалгатай. 100 гаруй тэрбум төгрөгөөр баригдсан хөрөнгийг нурааж болно. Гэхдээ энэ мөнгө бол улсын, татвар төлөгчийн мөнгө. Энэ мөнгөөр 600 гаруй өрхийн 20, 30 жил амьдрах үндсэн хуулиар олгогдсон оршин суух эрхийг хог дээр ачих шийдвэр л гарч байна.” гэж байв.

Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Иргэдийн хохирлыг ойрын эх үүсвэр буюу төсвөөс шийдэж таарах байх. Дараа нь төрийг хохиролгүй болгох ёстой.” гэж байлаа.

НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТ БА WELCOME TO MONGOLIA

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2023 он 1 сая, ирэх жилээс 1.5 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьснаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ зарлаж байв.

Энэ оны туршид жуулчдыг татах чиглэлээр цөөнгүй ажил зохион байгуулсан. Тухайлбал, агаарын тээвэр рүү чиглэсэн бодлого явууллаа.

Япончууд зөвхөн "Japan airlines"-аар нисэх дуртай байдаг онцлогийг харж "Japan airlines"-тай тохиролцож, Монгол-Японы хооронд нислэг үйлдэж эхэлсэн. Мөн МИАТ компани "Turkish airlines" хоёрын хооронд код хуваалцаж, "Turkish airlines"-ын онгоцны суудлын болон нислэгийн тоог хязгааргүй болгосон.

Аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 36 орны иргэдэд цахим виз олгож боллоо. Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож буй бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг цахимаар олгож байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ болон БНХАУ-д айлчлал хийж,  “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Энэ мэт жилийн туршид жуулчдыг татах чиглэлээр олон ажил зохион байгуулсан нь шууд болон шууд бусаар үр дүн үзүүллээ.

Тиймээс ч 2023 онд Монгол Улсыг 650 мянга гаруй жуулчин зорин ирж, 1 тэрбум ам.доллар буюу 3.4 их наяд төгрөгийн орлого оруулсан байна. Энэ нь 2022 онд Монголд 290 414 гаднын жуулчин хүрэлцэн ирж, 350 сая ам.доллар буюу 1,2 их наяд төгрөгийн орлого олж байсантай харьцуулахад жуулчдын тоо 2 дахин өссөн үзүүлэлт юм. Коронавирусний цар тахлын өмнө буюу 2019 онд Монгол Улсад 577 300 жуулчин ирсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бөгөөд 2023 оны жуулчдын тоо энэ үзүүлэлтийг давж чадлаа.

Мөн 2023 онд “Монголд зочлох жил” зарласантай холбоотой Монголын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн хэмээн БОАЖЯ-наас мэдээлж байна. Гэхдээ жуулчдын ихэнх нь Монгол оронд зун, намрын дулаан цагт ирдэг онцлогтой. Учир нь Монгол орон бол эрс тэрс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог орнуудын нэг. Хэдийгээр цас, мөсний баяр, бүргэдийн баяр гэх мэт өвлийн улиралд болдог аялал жуулчлалын тодорхой эвэнтүүд байдаг ч 10 дугаар сараас дараа жилийн 4, 5 дугаар сар хүртэл Монголд жуулчид ирэх нь эрс багасдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газраас жуулчдын тогтмол урсгалыг бий болгох, эрс тэрс хүйтэн уур амьсгалын нөхцөл байдалдаа тохируулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жилийн 4 улиралд тасралтгүй жуулчид хүлээж авахад чиглэсэн ажлуудыг хийхийг зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top