ТОЙМ 2023 | Дэлхий дахинд өрнөсөн ОНЦЛОХ 10 үйл явдал

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 31

Мэдээллийн ZINDAA.MN сайт улиран өнгөрч байгаа 2023 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Өнөөдөр дэлхий дахин энэ жилийг тодорхойлсон ОНЦЛОХ 10 үйл явдлыг тоймлон онцоллоо.


Улиран одож буй 2023 он Украин, Ойрх Дорнод дахь дайн, “Вагнер”-ын цэргүүдийн бослого, олон зуун мянган хүний амийг авч одсон Турк, Сирийн газар хөдлөлт, Газар дундын тэнгисийн орнуудыг дайрсан “Дэниэл” хар салхи, АНУ-ын томоохон банкнуудын дампуурал зэрэг дэлхий дахиныг донсолгосон үйл явдлаар дүүрэн түүхэн дэх хамгийн халуун жил байлаа. Бид хиймэл мэдрэлийн сүлжээ, хиймэл оюун ухаан хүн төрөлхтний тусын тулд үйлчилнэ гэсэн найдварыг тээн шинэ он руу алхан орж байна.

Туркийн газар хөдлөлт

Энэ оны хоёрдугаар сарын 6-нд Туркийн зүүн өмнөд хэсэгт есөн цагийн зайтай 7.8, 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Үүний дараа хэдэн мянган чичирхийлэл бүртгэгдсэн нь хамгийн хүчтэй нь 6.7 баллд хүрсэн. Байгалийн гамшгийн улмаас Туркт 50 мянга гаруй, Сирид 8476 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн билээ. Газар хөдлөлтөд дөрвөн сая барилга, байгууламж өртөж, 15.73 сая хүн хохирч, 1.5 сая хүн орон гэргүй болов.

Нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 38 орны аврагчид оролцсон. НҮБ-ын мэдээлснээр, Туркт явуулсан олон улсын аврах ажиллагаа цар хүрээгээрээ хамгийн томд тооцогдож байна.

Туркийн талын тооцоолсноор гашгийн хохирлын нийт хэмжээ 103.6 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ийн есөн хувьд хүрчээ.

Газын зурвас дахь дайн

Палестины “Хамас” хөдөлгөөн аравдугаар сарын 7-нд Израилын нутаг дэвсгэр рүү халдан орсны дараа Израил тус бүлэглэлд дайн зарлаж, Хамас хөдөлгөөнийг хүйс тэмтэрнэ хэмээн зарлав. Газын зурвасын эрүүл мэндийн яамны мэдээллээр, дайны хөлд нийт 18 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 46 мянга гаруй хүн шархдаад байна. Арваннэгдүгээр сарын 24-нд  талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч арванхоёрдугаар сарын 1-нд тулаан дахин сэргэв. Гал зогсоох дэглэм үйлчлэх хугацаанд Хамас хөдөлгөөний барьцаанд байсан 105 Израил болон гаднын иргэдийг Израилын шоронд хоригдож байсан Палестины 240  хоригдлоор солих замаар суллав. Израилын эрх баригчдын мэдээллээр, Газын зурваст өдгөө 138 барьцааны хүн үлдээд байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд байна. Газын зурвасын хүн амын 80 хувь нь дүрвэж, дүрвэгсдэд байрлах газар олдохгүй байгаагаас гадна хүмүүнлэгийн тусламж хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна.

БНХАУ-ын дарга анх удаа гурав дахь удаагаа сонгогдов

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын гишүүд Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн тэргүүнээр гурав дахь удаа сонголоо. Ши Жиньпинийг гурав дахь удаа сонгох тухай шинжээчид бүр 2018 оноос ярьж эхэлсэн. Тухайн үед БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нэг хүн төрийн тэргүүний албан тушаалд хязгааргүй тоогоор сонгогдох эрхийг олгож байсан билээ.

2022 оны аравдугаар сард Хятадын Коммунист намын ХХ их хурлаар Ши Жиньпин мөн л гурав дахь удаагаа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байв. Хэдийгээр ХКН-ын дүрэмд намын даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацааны тоог хязгаарлаагүй байдаг ч түүнийг ийн гурав дахь удаагаа сонгосон нь Ши Жиньпинийг түүхэнд анх удаа БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдоно гэсэн таамгийг батжуулсан билээ.

АНУ-ын томоохон банкнууд дампуурав

Өнгөрч буй 2023 онд банкны салбар хямралаар “бэлэг барив”. АНУ-ын хэд хэдэн банкнууд шил дараалан дампуурснаас томоохон нь Silicon Valley Bank болон First Republic Bank байв. АНУ-ын банкнуудын дампуурлаас 7 хоногийн дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хүндрэлд орсон Credit Suisse банкийг Швейцарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр UBS банк 3 тэрбум Швейцар франкаар худалдан авч, өөртөө нэгтгэх шийдвэр гаргаснаа зарлалаа. 

Эдгээр банкны дампуурал нь мөнгөний захын болон санхүүгийн нөхцөл дэлхий даяар эрчимтэй чангарснаар банкны салбарт хуримлагдаад байсан эрсдэл, эмзэг байдлыг хүндрэлд шилжихэд нөлөөлснийг харуулав. Удаан хугацаанд бага хүүтэй зах зээлд ажиллаж ирсэн зарим банкнууд инфляцын дарамтаас шалтгаалсан гэнэтийн хүүгийн огцом өсөлтийн үед хүү, хөрвөх чадварын эрсдэлээ удирдаж чадсангүй. 

Хиймэл оюун ухааны хувьсгал

Дэлхий дахин хүн шиг сэтгэдэг, үйлдэл хийдэг хиймэл ерөнхий оюун ухааныг бүтээх босгон дээр тулж ирсэн гэж үздэг. Шинжээчид ийм оюун ухаан 2034 онд гарч ирнэ гэж тооцоолж байна.

Харин өдгөө зарим нэр хүнд бүхий толь бичгийн оны үгээр тодорсон хиймэл оюун ухаан шинжлэх ухаанд үсрэлт хийхэд тусалсаар байна. Энэ онд “OpenAI” компани шинэчилсэн GPT-4 батботыг танилцуулсан. GPT-4 загвар нь бусад хиймэл мэдрэлийн сүлжээнээс илт давуу гэдгийг шинжээчид хүлээн зөвшөөрчээ.

Хиймэл оюун ухаан бүхий л салбарт хүч төрөн орж ирж буй энэ үед тус салбарын 400 тэргүүлэгч шинжээч дэлхий дахинд хандан хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд учруулах аюул заналхийллийг цар тахал, цөмийн дайны нэгэн адил авч хэлэлцэхийг уриалсан захидал нийтлэв. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр Лондон хотод түүхэн дэх анхны олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Уулзалтын дүнгээр Блэтчлигийн тунхаг гаргасан. Баримт бичигт дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны талаарх баримтлах үндэсний стратегийг боловсруулах чиглэлд хамтран ажиллах, хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн ил тод, тунгалаг байдлыг хангах зэрэг асуудлыг тусгасан юм. 2023 онд хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт 29 тэрбум ам.долларт хүрчээ.

Финланд НАТО-д элсэв

Дөрөвдүгээр сарын 4-нд Финланд НАТО-гийн 31 дэх бүрэн эрхэт гишүүнээр элсэв. Улмаар НАТО, Оросын хил хоёр дахин уртсаж, 2600 км-т хүрч байна. ОХУ Украин руу халдан довтолсны дараа буюу 2022 оны тавдугаар сард Финланд нь цэргийн эвсэлд үл нэгдэх бодлогоосоо татгалзаж, Шведийн хамтаар НАТО-д элсэх өргөдөл өгсөн билээ.

Финландыг НАТО-д элссэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Финланд НАТО-д элссэн нь Оросын ашиг сонирхол, аюулгүй байдалд халдсан явдал юм” гэж мэдэгджээ. Хожим нь Санкт Петербург орчмын Левашово нисэх онгоцны буудлаа тэнгисийн цэргийн хүчний нэг бааз болгох тухай зарласан. Өмнө нь Финийн буланд Оросын тэнгисийн цэргийн хүчин байрлаж байгаагүй.

Дипломат ялалт: Дайснууд эвлэрэв

Хэдийгээр дэлхий дахин улс төр, геополитикийн хувьд хүндхэн үеийг туулж байгаа ч энэ он олон улсын харилцаанд эерэг үйл явдлуудаар дүүрэн өнгөрч байна. Сири улс 12 жил тусгаарлагдсаны эцэст Арабын ертөнцөд эргэн ирэв. Арабын Орнуудын Лиг Сирийн гишүүнчлэлийг Египетэд тавдугаар сарын 7-нд болсон тус лигийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр сэргээсэн.

Сири Арабын орнуудтай ойртсон нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй томоохон хандлагын нэгээхэн хэсэг. Бүс нутгийн гол тоглогчид болох Саудын Араб, Турк, Иран, Египет хараат бус бодлого явуулж, өөрсдийн хувь заяагаа өөрсдөө тодорхойлохыг хүсэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд Хятад зуучилснаар Саудын Араб, Иран хоёр дипломат харилцаагаа сэргэхээр тохиролцсон. Үүнтэй зэрэгцэн 2013 онд муудалцсан Египет, Турк хоёр эвлэрэх тийш хандсан бол Персийн булангийн орнууд Катарын эсрэг тавьсан хоригоо цуцалсан билээ. АНЭУ, Турк хоёр Ирантай хэлэлцээний ширээний ард суусан. Үүнтэй зэрэгцэн Орос зуучилснаар Сири, Туркийн гадаад хэргийн сайд нар уулзалт хийсэн. Гэхдээ Асад, Эрдоган хоёр гараа барилцахад одоохондоо хол байна. 

Үүнтэй зэрэгцэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар 2011 оноос хойш анх удаа хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгал орлоо. [

Анагаах ухааны салбарын үсрэлт

2023 он ялангуяа анагаах ухааны технологийн салбарын хувьд томоохон үсрэлт, итгэл найдварын жил байлаа. Хиймэл мэдрэлийн сүлжээ, хиймэл оюун ухааны тусламжтай эрдэмтэн, судлаачид хүний тархины үйл ажиллагааг ойлгох, түүнтэй шууд харилцан үйлчлэх технологийг бүтээхэд асар их амжилт гаргаж байна.

Тухайлбал, Швейцарын эрдэмтдийн бүтээсэн интерфейс компьютер тархи гэх бичил чипийг хүний тархинд суулгаснаар нугас, тархины гэмтэлтэй хүмүүст дахин алхах, амьдралынх нь чанарын дээшлүүлэх боломж олголоо. Хиймэл мэдрэлийн сүлжээний тусламжтай эпилепси, Алцхаймер, Паркинсоны өвчтэй хүмүүст итгэл найдвар төрүүлж байна.

2023 оны анагаах ухааны дэвшилд гений засварын үндэс суурийг өөрчилсөн CRISPR аргачлал зүй ёсоор тооцогдож байна. CRISPR нь ДНХ-д нарийн өөрчлөлт хийж, засварлах боломж олгожээ. Энэхүү технологи нь удамшлын өвчнөөс ангижруулж, хөдөө аж ахуйн таримал ургамлуудын генийг засварлах замаар ургацыг нэмэгдүүлэх, аюулт өвчин тараагч шумуул зэргийг устгах боломжийг нээж байна.

Сар улам ойртов

Наймдугаар сарын сүүлээр Энэтхэг улс “Chandrayaan‑3” хөлгөө дэлхий дагуул дээр амжилттай буулгав. Ингэснээр Энэтхэг улс сарны өмнөд туйлд сансрын аппаратаа амжилттай газардуулсан анхны улс, саран дээр буусан дөрөв дэх улс болж байна. Хэдийгээр “Chandrayaan‑3” сарны хүйтэн шөнийг давж гарч чадаагүй ч олон чухал мэдээлэл цуглуулж, даалгавраа амжилттай биелүүлсэн билээ.

Энэ онд мөн ОХУ “Луна-25” хөлгөө сар руу хөөргөсөн ч хөлөг сарны гадаргуутай мөргөлдөж, амжилт олоогүй юм.

Ханжоу-2022 Азийн зуны наадам

БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 8-ны хооронд Азийн XIX зуны наадам болж өнгөрлөө. Азийн спортын их наадамд Азийн олимпын зөвлөлийн бүх 45 гишүүн орноос нийт 12 мянга гаруй тамирчин хүчээ сорив.

Нийт 481 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс сур харваа, уран сэлэлт, бокс, зүлгэн дээрх хоккей, пентатлон, ширээний теннис, усан поло зэрэг найман төрлөөр болсон тэмцээнүүд нь Парис-24 Олимпын эрхийн төлөө болж өнгөрлөө.

Медалийн тоогоор 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл, нийт 383 медаль хүртсэн Хятадын тамирчид тэргүүлсэн бол хоёрт 52 алт, 67 мөнгө, 69 хүрэл, нийт 188 медалиар Японы тамирчид, гуравт 42 алт, 59 мөнгө, 89 хүрэл, нийт 190 медаль авсан БНСУ-ын тамирчид жагсав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top