ТОЙМ 2023 | Урлаг, спортын ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

2023 оны 12 сарын 31

 

Мэдээллийн ZINDAA.MN сайт улиран өнгөрч байгаа 2023 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Өнөөдөр урлаг, спортын салбарын "ОНЦЛОХ ТАВАН СЭДЭВ"-ийг онцоллоо.

 

 

"THE MONGOL KHAN" ЖҮЖИГ ЛОНДОН ХОТНОО ТОГЛОГДОЖ, ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС ЭХЛҮҮЛЭВ

 

Дорнын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” зохиол Их Британийн Лондон хотын Колизей театрын тайзнаа “The Mongol Khan” нэртэйгээр тавигдсан нь урлагийн салбарын онцлох үйл явдлуудын нэг байлаа.

Уильям Шекспирийн зохиолуудад өлгийдүүлэн театрын тайзнаа хөл тавьж байсан уран бүтээлчид ийнхүү Монгол бүтээлээ театрын өлгий нутагт толилуулсан нь түүхэнд тодоор бичигдэн үлдэв.

“Колизей” театрт хүрэлцэн ирсэн гаднын үзэгчид “The Mongol Khan” шиг өнгө аястай жүжиг өөр хаанаас ч үзэх боломжгүй. Учир нь эртнээс уламжилж ирсэн Монгол зан заншил, ёс уламжлал дэлхийн хаана ч үгүй. “Тамгагүй төр” жүжгийг Б.Баатар найруулагч Драмын театрын тайзнаас үзэгч олны зүрх сэтгэлд шинээр тамгалж өгсөн. Дэлгэцийн бүтээл, ялангуяа энтертаймент чиглэлд бүтээл туурвидаг энэ найруулагч анх удаа драмын театрын тайзнаа өөрийгөө зориглон сорьж, уг дэглэлтээ физикл драм хэмээн нэрлэсэн нь шинэлэг хийгээд содон байлаа.

Өдөр бүр 1.1 сая хувь хэвлэгддэг "London Evening Standard" сонинд энэхүү жүжгийн тухай Монголын тал нутгаас Лондоны "Колизей" театрыг зорин ирж, хоёр долоо хоногийн турш тоглогдох болсон "Монгол хаан" жүжгийг үзэхээр зорьж очсон надад жүжигчдийн бие халаалтаас эхлээд бүх үзүүлбэр нь сэтгэл татам, түүнд автам байв хэмээн ревью бичсэнийг /ЭНД/-ээс уншаарай.

 

 

 

ОЛИМПЫН ДАЙТАЙ ҮНЭЛЭГДСЭН “ХАНЖОУ-2022” АЗИЙН НААДАМ

 

БНХАУ-ын Ханжоу хотноо энэ оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болсон Азийн зуны спортын XIX наадмыг онцлох спортын үйл явдлаар нэрлэж байна. “Ханжоу-2022”-д оролцсон орон орны тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн бүгд санал нэгтэйгээр “Олимпын дайтай наадам боллоо” гэж тодорхойлж байсан юм.

Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө өрслдсөн бол Монгол Улсын баг тамирчид түүхэндээ анх удаа хамгийн том багаар буу 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаныхан багтсан нийт 520 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Монголын баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, байт харваа, И-спортын Дота2 гэсэн 10 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан юм.  Ингэснээр Монголын баг тамирчид анх "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 12 удаагийн наадамд оролцсон нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд 27 алт, 51 мөнгө, 104 хүрэл, нийт 182 медальтай болоод байна.

Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдсэн нь энэ наадмын томоохон амжилт байв.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медаль болсон. Б.Энххүслэн Монголын усанд сэлэгчдээс Азийн наадмын түүхэнд анх удаагаа финалд шалгарч, түүхэнд бичигдсэн билээ. Түүнчлэн 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 33 жилийн дараа С.Жамбалжамц хүрэл өнгөөр дахин сэргээн авчирсан нь бахархам амжилт байв. “Ханжоу 2022” Азийн наадмын тавцанд Монголын хөнгөн атлетикчид хоёр удаа Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол усанд сэлэгчид 11 удаа үндэсний рекордоо шинэчилжээ.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар энэ удаагийн Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдыг амжилттай ахлан ажилласныг дурьдах хэрэгтэй.

Мөн “Ханжоу 2022” Азийн наадмын кураш, жюү жицү, волейбол, чөлөөт бөх, жүдо, ширээний теннис, софт теннис, хүндийг өргөлт, таэквондо, бокс, хөлбөмбөг, триатлоны нийт 12 спортын төрлийг Монголын 13 шүүгч шүүн тунгаасан нь бас нэгэн шинэ түүх байв.

 “Ханжоу 2022” Азийн наадмыг спортын сэтгүүлч, гэрэл зурагчид багтсан 37 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн баг сурвалжилж, Ханжоу хотноо наадмын хугацаанд  15 хүний бүрэлдэхүүнтэй телевизийн баг ажиллан, улс орон даяар 7 сувгаар шууд дамжуулсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

 

 

МОРИН ХУУРЫН ЧУУЛГА “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТОО ОЛОН УЛСАД ТОЛИЛУУЛЖ, “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭВ

 

Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд байгуулагдаж, 1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй.

1994 оны тавдугаар сарын 25-нд Засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд нэгдсэн Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ Нью Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

Морин хуурын чуулгын хамт олон Япон Улсын Oberlin их сургууль, Осака хотын соёлын өв болох Чюүококайдоо төв, Big eye, Сүмиёши Дайша сүм, Изүмисано хот, Нара муж Каваками тосгон, магияи мужын Хоохү хот, Фүкүока хотын Хакатаза, Тоттори муж Ёнаго хот, Шизүока муж Яизү хот, Хачиоожи хот , Токио хотын Итабаши дүүргийн соёлын төв зэрэг Япон улс дахь 12 удаагийн аялан тоглолтыг мөн зохион байгуулжээ.

Их хааны мэндэлсэн ойг тохиолдуулан жил бүр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг. Энэ жил уг шагналыг Морин хуурын чуулгад хүртээжээ.

 

 

ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮДИЙН ГОМДОЛ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫГ ИЛЧЛЭВ

 

Жил бүрийн баяр наадмын дараа өрнөдөг бөхчүүдийн шинжилгээ, допингийн асуудал “уламжлал ёс”-оор дахин сөхөгдлөө.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 2023 оны есдүгээр сарын 6-нд Баяр наадмын комиссыг төлөөлөн мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхийн А, Б сорьцоос допинг илэрсэн тухай танилцуулав.  "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Бөхчүд Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэсэн ч бид Баяр наадмын тухай хуульд зааснаар арга хэмжээгээ авна.  Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй" хэмээсэн түүний мэдэгдэл улс орон даяар шуугиан дагуулсан юм.

Энэ мэдэгдлийн дараа үндэсний бөхчүүдийн төдийгүй Монголын тамирчид олимпод “Цагаан туг”-ийн дор жагсах эрсдэл үүссэн тухай асуудал хөндөгдөж, Засгийн газрын хэмжээнд анхаарал тавив. 2023 оны аравдугаар сард Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд болон бусад ажилчдын гэр, албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, тус төвийн тэргүүнийг допингийн шинжилгээний хариуг хувийнхаа цахим хаягаар авч, допинг хэрэглэсэн бөхчүүдийн хариуг нуун дарагдуулж, авлига авдаг байж болзошгүй, цаашлаад үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай хэмээн шалгаж эхэлсэн юм. Энэ зун, намрын дуулиан болсон асуудалд Засгийн газрын зүгээс ч онцгой анхаарал тавьж, Допингийн эсрэг байгууллагын удирдлагыг өөрчлөн, спортод чиглэсэн бодлогыг хэрхэн сайжруулах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. Допингийн эсрэг үндэсний хороо ч байгуулагдлаа.

Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улс олимпод “Цагаан туг”-ийн дор оролцох нь гэсэн дуулиан нь Монголын тамирчдын холбогдсон допингийн эсрэг зөрчилтэй шууд хамаарахгүй буюу энэ нь Үндэсний допингийн эсрэг байгууллага ажлаа хийж чадахгүй байгаатай шууд холбоотой асуудал. Үндэсний бөхийн спорт, улсын наадам, олон тамирчны шинжилгээнээс допингийн зөрчил гарсан зэрэг асуудлууд өндөр хэмжээнд нөлөөлөхгүй, тийм зүйл болохгүй ээ гэсэн үг. Допингийн эсрэг байгууллага нь ажлаа албан ёсоор хийгээд явдаг бол аяндаа асуудал багасах зүйл бөгөөд “Танай тамирчдын дээжинд хориотой бодис хэдэн хувиас дээш байвал та нарыг бандана. “Цагаан туг”-ийн дор оруулна” гэсэн агуулга огт байхгүй билээ. Харин ч нөгөө талаас харвал сүүлийн жилүүдэд шинжилгээнээс нь допинг зөрчил илэрлээ гэсэн мэдэгдэлд өртсөн улсын наадмын удаа дараагийн түрүү, үзүүр бөхчүүд асуудлыг ил тод хэлж, Допингийн эсрэг байгууллагад хандаж, өөрсдийгөө хэлмэгдлээ гэж гомдол гаргаж байсны мөрөөр олон жил ужгирсан Монголын Допингийн эсрэг байгууллагад шалгалт, магадлагаа орсон байх талтай юм.

 

 

"ТРИО" УСК 17 ОРНЫ КИНО НААДМААС 22 ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

 

СТА жүжигчин Д.Бөттөмөрийн найруулагчаар нь ажиллаж, гол дүр бүтээсэн “Трио” уран сайхны кино дэлхийн 17 орны кино наадмаас нийт 22 шагнал хүртжээ.

“Хэнийг ч ардаа бүү үлдээ” хэмээх утга санааг агуулсан энэхүү кино нь дэлхий дахинаа доромж утгаар хэрэглэгддэг “Монголоид, Монголизм” хэмээх үгийг хориглох тухай зөвлөмж гаргах ажлыг ч мөн эрчимжүүлсэн гэхэд хилсдэхгүй.

НҮБ-аас санаачлан жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Дэлхийн дауны өдөр”  болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацааг өнгөрүүлж буй. Өнгөрөгч гуравдугаар сард НҮБ-ын Женев дэх төв оффист дэлхийн 190 улс оролцсон Хүний эрхийн зөвлөлийн 52-р хурал болсон. Энэхүү арга хэмжээний дундуур Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, “Трио” киногоо гаргах албан ёсны зөвшөөрлийг НҮБ-аас авч чадсан нь Монголын кино урлаг, иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон.

Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан тус уран бүтээл хэлэхийг зорьсон санаагаа үзэгчдэдээ хүргэж, ийнхүү олон улсын кино наадмуудаас 22 шагнал хүртээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top