Андрей Тарковский бол Зөвлөлтийн кино урлагийн жинхэнэ домог юм. Дэлхийн урлагт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж баршгүй. “Иваново детство”, “Солярис”, “Жертвоприношение” кинонууд нь Зөвлөлт болон Европын кино урлагийн сонгодог бүтээл хэвээр байна.
Тарковский бол дэлхийн өнцөг булан бүрд алдартай кино найруулагч. Түүний кинонууд олон арван хэл дээр орчуулагдан гарсан билээ. Түүний бүтээлүүдийг үзэхэд заримдаа бүтээлчийнх нь тухай бид маш ихийг мэддэг юм шиг санагдана. Тус бүтээлүүдэд Тарковскийн зүрх сэтгэл амьдарч байгаа шүү дээ.
Гэхдээ Тарковский гэх хувь хүнийх нь тухай бид юу мэдэх вэ? Урлагт орсон замнал нь, Зөвлөлт болон дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр нь ямар вэ? Үүнийг ойлгохоор хичээцгээе.
Бэрх амьдрал
Андрей Тарковский Иваново мужийн Юрьевец хотоос холгүй орших Завражье гэх жижигхэн тосгонд төржээ. Түүний аав Арсений Тарковский Зөвлөлтийн алдартай найрагч байв. Харин ээж нь хэвлэх үйлдвэрт хянагч хийдэг байжээ. Ирээдүйн найруулагчийн аав нь Андрейг гурван настай байхад гэр бүлээ орхин явжээ. Андрейн гэр бүл ядуу амьдардаг байв. Модон байшинд байнга хүйтэн, мөнгө нь юунд ч хүрэлцэхгүй... “Тэр цаг үе хэцүү байлаа” хэмээн алдарт найруулагч дурсан ярьсан байдаг. “Аав байхгүй... Амьдрал бүхий л утгаараа ер бусын хэцүү байлаа. Гэхдээ би амьдралаас олон зүйлийг авсан. Бүх сайхан зүйлийн төлөө би ээждээ өртэй” хэмээн Андрей Тарковский ярьсан юм.
Дайн эхэлж, Тарковскийнх Юрьевец хот руу нүүлгэн шилжүүлэгдэв. Ээж Мария Юрьевна нь өглөө бүр гүехэн мөстэй голыг гатлан ойролцоох тосгоноос жаахан төмс авахаар явдаг байжээ. Гэхдээ Тарковскийн гэр бүл хөдөөгийн жижигхэн хотод удаан амьдраагүй аж. Удалгүй ирээдүйн найруулагчийн ээж нь Москвагийн анхны загвар хэвлэх үйлдвэрт ажилд орж, гэр бүлээрээ ЗСБНХУ-ын нийслэл хотод шилжин иржээ. Тэнд Андрей Тарковский дунд сургуульд оров. Гэхдээ тэр байгалийн шинжлэх ухааныг бараг огт сонирхдоггүй байжээ. Урлагийн тухай яривал Тарковскийд илүү сонирхолтой байв.
Тэрээр бүр багадаа жижиг хотынхоо хөгжмийн сургуульд төгөлдөр хуур тоглож сурчээ. 14 настайгаасаа эхлэн зургийн дугуйланд явсан байна.
1951 онд Андрей Тарковский Москвагийн Дорно дахины судлалын дээд сургуулийн “арабын” факультетэд элсэн орсон аж. Гэвч жилийн дараа мэргэжилдээ яаран сонголт хийсэн байна гээд сургуулиа орхижээ. 1952 онд Тарковский сургуулийнхаа геологийн салбарт орж, Курейка гол дээр ажиллахаар явав. Тайгад өнгөрүүлсэн нэг жил Андрей Арсеньевичийн өөрийнх нь ярьснаар амьдралынх нь хамгийн сайхан үе байжээ. Тайгад байгальтай, өөртэйгөө байснаар Тарковский найруулагч болох шийдвэртээ улам бат болсон байна.
Карьер
1954 онд Тарковский Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль (ВГИК)-д элсэн орж, найруулагчийн бүх нарийн ширийн ур чадварыг эзэмшжээ. Оюутан байхдаа л Андрей Арсеньевич хэд хэдэн богино хэмжээний кино хийж, алдартай кино шүүмжлэгч нарын анхаарлыг татсан юм. Гэхдээ тэрээр жинхэнэ кино дебютээ 1962 онд Зөвлөлт холбоот улсын дэлгэцнээ “Иваново детство” киногоо гаргаж хийжээ. Тус бүтээл Тарковскийд найруулагчийнх нь хувьд анхны амжилтыг авчирч, кино урлагийн олон шагнал хүртэв. Тэр дундаа Венецийн кино наадмын “Алтан арслан”-г авчээ.
Энэ амжилт Тарковскийг агшин зуур алдартай болгож, хэд хэдэн шинэ бүтээлээ хийж эхлэхэд түлхэц болсон байна. 1964 оны намар тэрээр Кончаловскийн хамт “Страсти по Андрею” бүтээлдээ оров. Тус бүтээл 1966 онд “Андрей Рублев” гэх шинэ нэртэйгээр дэлгэцэнд гарсан байна. Шинэ бүтээлийнх нь амжилт Тарковскийг тухайн үеийн хамгийн алдартай найруулагч нарын зэрэглэлд эцэслэн оруулав.
1967-1979 онд найруулагч дахин хэд хэдэн алдартай киногоо бүтээжээ. Тус бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Солярис”, “Толь”, “Сталкер” байв. Тэрээр мөн кино найруулахаас гадна театрын болон радио жүжиг найруулж байлаа.
Сүүлийн бүтээл
1980-аад оны эхээр найруулагч Европ руу явах нь ихэсч, 1982 онд Италид зохиолч Тонино Гуэрратай хамт “Дурсамж” бүтээлээ хийжээ. Удалгүй Италид дахин нэг кино болох “Время путешествий”-гээ хийв. 1983 онд Тарковский Лондонд очиж, алдарт “Ковент-Гарден” театрын тайзнаа “Борис Годунов” дуурийг тавьсан байна. Дуурийн нээлтийн дараа бараг шууд дараагийн аялалдаа гарсан аж. Тэрээр Стокхолмд очлоо. 1984 онд Шведэд сүүлчийн кино “Жертвоприношение”-гээ хийжээ.
Тухайн оныхоо долоодугаар сард Миланд богино хугацаагаар очихдоо нэгэн хэвлэлийн хурал дээр Зөвлөлт холбоот улс руу буцаж очихыг хүсэхгүй байгаагаа хэлж байв. 1985 оны намар Тарковский сүүлийн кино болох Шведэд үйл явдал нь өрнөх “Жертвоприношение”-гээ дуусгажээ. Энэхүү бүтээл Каннийн кино наадмаас Гран-при, Их Британийн кино академийн шагнал зэрэг бусад олон шагналыг авсан юм. Гэвч найруулагч эдгээр шагналын дийлэнхийг нь харж чадаагүй. 1985 оны сүүлээр тэрээр хорт хавдартай гэдгээ мэдсэн юм. Тарковский амьдрахаар тэмцэж, Парисыг зорин удаан хугацаанд хими эмчилгээ хийлгэв. Гэвч хими эмчилгээ амжилтгүй болж, 1986 оны арванхоёрдугаар сарын 29-нд таалал төгсжээ.
Нас барсных нь дараа хүү нь мэндэлжээ
Тарковский Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль (ВГИК)-ийн оюутан байхдаа Ирма Рауш гэх бүсгүйтэй танилцсан байна. Тэр Тарковскийн анхны эхнэр болсон юм. Найруулагчийн өөрийнх нь ярьснаар Ирма түүнийг үргэлж ойлгож, дэмждэг байсан анхны эмэгтэй аж. Тэрээр Андрей Тарковскийн хоёр кинонд дүр бүтээж, хэд хэдэн шагнал ч авчээ. Гэвч удалгүй найруулагчаар ажиллаж эхэлсэн байна. Тарковский анхны гэрлэлтээсээ Арсений гэх хүүтэй. Тэд 1970 онд салжээ.
Найруулагчийн найз нөхдийнх нь ярьснаар тэрээр “Андрей Рублев” кинонд нь тоглосон Лариса Кизилова гэх залуу бүсгүйтэй учир ургуулснаар салалтын шалтгаан болсон байна. Андрей, Лариса нарын харилцаа маш сонин байжээ. Бүсгүй амьдралынхаа туршид Тарковскийг “та” гэж дуудаж, түүнд ухаангүй хайртай байжээ. Алдарт найруулагчийн араас Лариса мөн нас барсан байна.
Тарковский амьдралынхаа сүүлийн жилүүдэд эхнэртэйгээ маргаан дүүрэн байсан бөгөөд үүний шалтгаан нь найруулагчийн Норвегийн бүжигчин Берит гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсон явдал байв. Бүжигчин бүсгүй Тарковскийд хүү төрүүлж өгсөн байна. Маш гайхалтай нь хүү домогт найруулагчийг нас барсны дараа мэндэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )