Өнгөрсөн жил Монгол Улс анх удаагаа спортын олон төрөлт наадмыг амжилттай зохион байгуулсан билээ. Зүүн Азийн залуучуудын III наадам 2023 оны 08 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өрнөж, наадамд 7 Үндэсний Олимпын хорооны 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд баг тамирчид спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон байна.
Түүхэнд анх удаагаа хэмээн тэмдэглэгдсэн уг наадмын шинэхэн үзмэрийн булан МҮОХ-ны Олимпын музейд дэлгэгдлээ. Нээлтийн ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр тэргүүтэй хамт олон оролцож, баяр хүргэв.
Ийнхүү Олимпын музейд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр ашиглагдсан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үнэт үзмэрүүд нэмэгдсэн байна.
Дашрамд дурдахад МҮОХ-ны Олимпын музей нь ажлын цагаар хүүхэд багачууд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Сэтгэгдэл ( 0 )