Монгол Улсын нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай, зарим газар зам харгуй цасанд боогдоод нөхцөл байдал хүнд байгаа билээ. Гэтэл зудаар далимдуулж малчдын малыг хямдхан худалдаж авч байна гэдэг гомдол, мэдээлэл цахимаар тарсан. Тухайлбал, Хэнтий аймгийн Галшар сумын нутаг Сангийн далай багт Хөдөө аж ахуйн биржийнхэн нэг хонийг 40-хөн мянган төгрөгөөр аваад явлаа. Малчдаас хямдхан аваад нийслэлд үнэ хүргэж зарах нь. Мөн нөөцийн махаа ингэж бэлтгэж байгаа юм байна гэх мэтээр иргэд шуугисан. Энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн менежер Р.Ариунбатаас тодрууллаа.
-Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай баг дээр Хөдөө аж ахуйн биржийнхэн малчдаас нэг хонийг 40 мянган төгрөгөөр авч, “зуданд зоолж” байна гэдэг мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ юу болж байна вэ. Үнэхээр та нар ядарсан малчдаасаа нэг хонийг 30-40 мянган төгрөгөөр үнэлж авсан юм уу?
-Хөдөө аж ахуйн бирж, “Тансаг интернэйшнл трейд” ХХК Хэнтий аймгийн Галшар сумын ЗДТГ-тай хамтран тус сумын нутагт байгаа зуданд өртсөн малчны хотноос амьд мал худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаа нь өнгөрсөн сарын 20-ноос эхэлж энэ сарын 3-ны хооронд болсон юм. Галшар сум зургаан багтай. Нэг баг нь сумын төвийн баг. Бусад таван баг дээрээ эхний 500 хонины ачилт хийгээд, дараа нь дахин 20 мянган хонь худалдаж авах захиалгыг өгье.
Цас зудтай байгаа энэ цаг хугацаанд УОК-оос зам гаргаж өгвөл бид өөрсдийнхөө зардлаар очоод амьд хонь худалдаж авъя гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг эхлэн, зохион байгуулсан юм. Энэ үйл явц Сангийн далай баг дээр 12 хоног үргэлжилсэн байгаа. Энэ хугацаанд таван машины гурван ачилт хийсэн. Ингэхдээ 3000 гаруй хонь худалдаж авсан юм.
-Эхлээд нэг хонийг 65 мянган төгрөгөөр худалдаж аваад сүүлдээ 40 мянган төгрөг болголоо гэж байсан?
-Худалдан авах үйл ажиллагааны явцад үнийг янз бүр тогтсон. Дээд тал нь нэг хонь 65 мянган төгрөг хүрсэн. Доод талын үнэ 30-40 мянгаас ч доош байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэвэл хурга авч байгаа гэсэн үг. Эхний удаагийн 500 хонь худалдан авахад 150 хурга орсон. Эхний машинаас 30-40 хонины хорогдол гарсан. Саяын 40 мянган төгрөг гэж шуугидаг дээр болохоор хоёр машинаас 161 хонины хорогдол гарч ирж байгаа. Энэ бүх хорогдолыг тооцоод, тээврийн зардлыг нь төлөөд “Тансаг интернэйшнл трейд” ХХК нийт 20 мянган хонь борлуулна хэмээн тооцоолсон гэж бодоход нэг хонийг 15 мянган төгрөгийн зардалтай тээвэрлэж байгаа юм. Тэгэхээр 300 сая төгрөгийг тээврийн зардалдаа зориулж байгаа. Байгалийн гамшигт өртөж, цас зуданд боогдсон малчид малаа махны үйлдвэрүүдэд авчирч өгөх ямар ч боломжгүй. Хөдөө аж ахуйн бирж бодлогоор ийм л үйл ажиллагааг Галшар сумын малчдадаа зохион байгуулж өгсөн юм. Худалдагч буюу малчин, худалдан авагч талуудыг хооронд нь зуучилж, Худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж Хөдөө аж ахуйн бирж хийж өгсөн.
-Уг нь малчнаа бодож гаргасан шийдвэр юм байна. Гэхдээ малчид яагаад гомдов?
-Энэ Сарантуяа гэдэг малчин бидний хамгийн наад талын ачих айл байсан. Тэрбээр 20 орчим км-ээс 265 хонь тууж ирсэн. Ачилт хийх хооронд эдгээр хониноос 5-6 нь газар дээрээ хорогдсон байдалтай байсан. Үйлдвэрийн төлөөлөгч малчинтай үнэ тохиролцон “Хэдүүлээ шилээд аччихъя. Тээвэрлэлт даах чадвартайг нь ачаад явъя” гэж ярилцсан. Гэтэл нөгөө малчин “Би одоо яаж буцаагаад тууж явах вэ. Боломжоороо тохиролцоод өгье” гэсэн. Тэр хоёр ингэж тохиролцоод орой шөнө болтол малаа ачиж хучаад Сарантуяа гэдэг малчны гэрт очиж Худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн. Тэгээд малаа ачаад Улаанбаатар руу шөнөдөө гарсан. Өглөө нь Улаанбаатарт ирчихсэн байсан. Талууд хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр хорогдлоо тооцож үнээ тохиролцоод худалдах, худалдан авах үйл явц болсон. Гэтэл ирсний дараа цахимаар илт буруу ташаа мэдээлэл тарсан байсан. Гэрээ хийж байх явцад болон худалдах, худалдан авах үед аль нэг талаас гомдол гараагүй.
-Араас нь гарсан гомдол гэсэн үг үү. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн юм бол. Цахимаар “Малчдаас хямдхан авчихаад бидэнд өндөр үнэтэй мах нийлүүлэх гэж байна. Эсвэл нөөцийн маханд нийлүүлэх гэж байна. Энэ бол луйвар” гэх мэтээр иргэд янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлж байна билээ?
-Үйлдвэрээс тухайн багийн групп руу бодит мэдээллийг оруулж, тайлбар өгөх гэхээр тэр дор нь устгаад байна гэсэн. Бидэнд сонгууль дөхсөн учраас хэтэрхий улстөржүүлж байна гэж хардах үндэслэл байна. Хэтэрхий ингэж бас болохгүй. Галшар сумын бусад дөрвөн багийн малчдыг “хоролчихож” байна гэсэн үг. Ганцхан багаар л явсан шүү дээ. Үлдсэн багийн малчид ийм эрсдэлтэй нөхцөлд малаа амьд байгаа дээр нь борлуулах сонирхолтой байсан. Үнэндээ мал өлдсөндөө хорогдож байна. Малчид ч үүнийг харж хүчрэхгүй нь, эрсдэлтэй нөхцөлд мал ч үгүй, мөнгө ч үгүй үлдэхээр байгаа малаа бушуухан борлуулмаар байна. Цаг наашлахаар мөнгөөрөө мал худалдан авах арга бодохоос гэж ярьж байсан шүү дээ.
-Монголчууд хурганы мах иддэггүй. Та сая хурга авсан гэх шиг болсон?
-Халал технологиор боловсруулаад Иран руу гаргадаг үйлдвэр шүү дээ. Түүнээс биш нөөцийн маханд нийлүүлэх гэж саяын үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Тэгээд ч нөөцийн махыг нийслэл бэлтгэж байгаа.
-Нэг хонь дунджаар хэдэн кг татсан бэ. Махны үйлдвэрт нийлүүлэх стандарт бий байх?
-Зуданд байгаа мал дундаж гулууз нь 11 кг гарч байгаа. Одоогоор дотоод зах зээлд ийм малыг ямар ч хүн худалдаж авахгүй. Олон улсын экспортод гаргахаар бол нэг гулууз нь13 кг-аас дээш татах ёстой. Үйлдвэр чухам ямар зохион байгуулалт хийж байгааг бид мэдэхгүй байна. Юутай ч нэлээн эрсдэл үүрч байгаа болов уу. Үйлдвэрийн өмнөөс мэдээлэл өгөх боломжгүй.
Харин би юуг хэлж чадах вэ гэвэл, Хөдөө аж ахуйн бирж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мал, махны арилжааг албан ёсоор эхлүүлсэн. Амьд мал борлуулах, худалдах захиалгыг малчдаас ирүүлээд түүнийг худалдан авагч талд зуучлан худалдагч, худалдан авагч тал хоёрыг холбоход ямар асуудал тулгарсан бэ гэвэл малчид зуданд нэрвэгдэж, зам боогдсон. Ийм хүнд нөхцөлд байгаа малчид өөрсдөө малаа тээвэрлэн авчирч өгөх боломжгүй байгаа. Тиймээс Хөдөө аж ахуйн бирж зуданд нэрвэгдэж, цасанд боогдсон айл өрхүүдэд очиж мал, махыг нь борлуулах үйл ажиллагаан дээр ямар тусламж, дэмжлэг үзүүлэх, боломж юу байна вэ гэдэг дээр ажилласан. Аймаг, сумын удирдлагуудтай зөвшилцөн УОК-т хандан хүндрэлтэй нөхцөлд байгаа малчдын хот руу зам гаргуулаад, араас нь худалдан авагч талын машин тэрэг явж байгаа юм. Галшар суманд гэхэд л 60 км газарт өдрийн хагас явж очиж байх жишээний. Зудын эрсдэлд өртөж, цасанд боогдсон малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдадаа бага ч атугай нэмэртэй байхыг л хичээсэн.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл ( 7 )
Хиам нийтийн хоолонд л явах бх даа энэ малын мах нь
Малчид хямд болтугай зарсан нь дээр үхүүлж хаяж байхаар ,ор алдахаар тал алд гэж үг бий
Социализмын үед эмчилгээ тэжээлийн цэгийн малыг намрын ургац хураалтын хүнсэнд хэрэглэж байгаад Төв хорооны гишүүн Бугын Дэжид гуай шалгалтаар явж таараад том хариуцлага хүлээлгэж байсан гэсэн шүү. Одоогийн дарга нар үхсэн малын мах ч шахаж чадна шүү.
Ярьж байгаа, бичиж байгаа 2 таарч дээ. Хүн ойлгохын янзгүй жонхуу зуурч байхым даа
Юу ч мэдэхгүй байж бөөн бухимдал болох юм. Одоо шулаад ч мах бага хэт туранхай байгаа авсан үйлдвэр ашиг олох нь юу л болдоо.
Ичиж үхмээр дамшигнууд бэ малчин хүн наад хэдэн малыг чинь өсгөх гэж Үүр шөнөөс үдэш хүртэл дагаж явдаг яасан арилсан дотортой хуухайнууд бэ ядаж 80000 авахгүй Улаанбаатарт аваад ир гэр хороололыхон бид нар авья
монголчууд бид үнэхээр мөнгөний боол болжээ