Даатгалаар олгох эмийн жагсаалтад тураах эм орсон гэх асуудлаар ТАЙЛБАР өгөв

2024 оны 04 сарын 15

УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх, судлах сонсголыг хийж буй. Сонсгол энэ сарын 15-17-нд болно.

Өнөөдрийн үдээс хойшийн сонсголоор даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад тураах эм орсон гэх асуудлын талаар ярилцлаа. Шинжээчийн танилцуулсан уналт, таталтын эсрэг эмийн жагсаалтад тураах эм орсон гэх асуудлын талаар Эрүүл мэндийн дэд сайд З.Энхболд хариулт өгөв. Тэрбээр “Би 2022 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тухайн оны зургаадугаар сард уналт, таталттай, тархины саа, саажилттай хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан. Энэ хүрээнд 44 нэр төрлийн эмийг хөнгөлсөн. 0-18 настай унаж, татдаг хүүхдүүдийн эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх, насанд хүрэгчдийнхийг 70 хувь хөнгөлөх тогтоолыг гаргасан” гэлээ.

Тураах эм хөнгөлөлтөд орсон гэх асуудлын тухайд, өвчтөний тэнцвэр, явдлын хэм алдагдах үед хавсрах байдлаар хэрэглэдэг эмийн тухай яригдаж байгаа аж. Шууд тураах үйлчилгээтэй эм гэж ойлгож болохгүй гэнэ.

Эрүүл мэндийн дэд сайд З.Энхболд “Хөнгөлөлтөд оруулсан 44 эмээс шахмал, уусмал хоёр эмийн талаар яригдаж байна. L карнитин эмийг хүүхдийн уналт, таталтад нэмэлтээр хэрэглэдэг. Төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлагдах хам шинж, явдлын тэнцвэр, хэм алдагдах үед үүнийг хавсрах байдлаар хэрэглэдэг. Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top