“Эмийн сонсгол”-ыг ахалж байгаа Ж.Чинбүрэнд сүрдүүлсэн мессеж иржээ

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос зохион байгуулж байгаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хоёр дахь өдрийн нээлттэй сонсголд 30 гэрчийг дуудаж тайлбар авав. Энэ үеэр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ноцтой мэдэгдэл хийсэн юм. Учир нь, түүний утсанд өөрийг нь сүрдүүлсэн хэд, хэдэн мессеж иржээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН “Манай хянан шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байна. Хуультай, хуулийнхаа хүрээнд хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийг хооронд нь уяж үзэж байна. Энд 41 нэгж байгууллага, дээр нь хамаарал бүхий этгээд 9654 хүмүүсийг 20221 аж ахуйн нэгжтэй нь хамаарал бүхий мөн эсэхийг судаллаа. Надад зарим нэг мессеж ирж байна. “Хүнийг гүжирдлээ. Чамайг шүүхэд өгнө. Чи муу яасан том юм бэ” гэх зэргээр мессеж гар утсанд ирж байна. Бид үүнээс айж, ичих зүйл байхгүй. Харин энэ гаргасан хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой гэсэн мэдээллээ хууль хүчний байгууллагад өгч, цаашид нягталж үнэн бодитой байдлыг нь тодорхойлуулна. Өнөөдөр бидний хийж байгаа зүйл бол “Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн” гэдгийг үзэх, цаг хугацаа, боломж нь хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбарт ийм аж ахуйн нэгжүүдтэйгээ нэгдмэл ашиг сонирхол байна гэдэг нь ноцтой зүйл юм. Нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн мэдээллийг манай Түр хорооноос албан ёсоор хууль, хяналтын байгууллагад шилжүүлж байна” гэж ярилаа.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДЭМБЭРЭЛ “ТҮМЭН-ОЧИР”, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛД “МӨНХИЙН ТУН” КОМПАНИТАЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ

 

Хоёр дахь өдрийн нээлттэй сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг олон нийтэд ил болголоо. Шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгж байгааг тодотголоо.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудаас давхардсан тоогоор 28 албан тушаалтныг хамруулахад давхардсан тоогоор 35 нь буюу 100 хувь нь эм хангамжийн салбарт хамаарал бүхий аж ахуйн нэгжтэй гэдэг нь тогтоогджээ. Тухайлбал, ЭМДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл нь эмийн салбар дахь "Түмэн-Очир" гэх компанитай хамаарал бүхий гэдгийг шинжээч танилцуулгадаа дурдав. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Сэрээжавын Энхболд нь эмийн салбар дахь "Мөнхийн тун" компанитай хамаарал бүхий болох нь тогтоогдсон байна. Тэгвэл нээлттэй сонсголын үеэр шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, комиссар Ц.Шинэбаяр "Эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй, цус ойртсон салбар гэдгийг удаа дараагийн шалгалтаар гаргаж ирж байсан. Авлигын эрсдлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар юм. АТГ-аас янз бүрийн арга хэмжээ авч, "хортой ургамал"-ыг хэчнээн тасалсан ч цаанаасаа дахин дахин гарч ирээд байдаг. Авлигын эрсдэлийн үнэлгээ болон бусад судалгаагаар хамгийн өндөр эрсдэлтэй салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар байгаа юм” гэв. Ингээд хоёр дахь өдрийн нээлттэй сонсголоор хэн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: Нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймгийн Эрүүл мэндийн төвүүдийн бүх дарга нар хамааралтай гэж гарсан байна. Аймаг, нийслэлийн удирдлагуудад Эмийн сан нээх эрхийг нь өгчихсөн болохоор хүний нөөцийг нь хүртэл бэлдэхийн тулд магадлан итгэмжлэл аваагүй "Энэрэл" сургуульд цахимаар олон хүнийг бэлтгээд төгсгөсөн. Яагаад гэвэл аймаг, орон нутгаас захиалга ирсэн зэрэг хууль бус зүйлсийг ярьж байсан. 2019 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 1.4-1.5 их наяд болгосон. Үүний дараа иргэд эмийн сангуудад урт дараалал үүсгэдгийг болиулсан гэж ярьж байсан. Дээрх санхүүжилт эсрэгээрээ олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөнд хувьдаа маш их харамсаж байна.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА: Элэгний В, Д вирустэй иргэн өчигдөр надад мэдээлэл өгч байсан. Тодруулбал өмнө нь Энтекавир гэдэг эмийг 15000 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол Эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороод 45000 төгрөг болсон гэж хэллээ. Энэ асуудалд аудит дүгнэлт хийж болох уу. Яагаад өмнө нь 15000 төгрөгөөр худалдаалж байсан эм улсаас дааж, хөнгөлөлт эдлүүлэхээр болтол 45000 төгрөгт хүрч байгаа юм бэ. Үүнийг ганц жишээн дээр тайлбарлахад л олон нийт ойлгохгүй болж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд асан С.ЭНХБОЛД: Даатгалынхнаас асуухад зах зээлд 15000 төгрөгөөр зарагддаг эм биш. 45000 төгрөгөөр зарагддаг Энтекавир эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энтекавир бол В вирусийн эсрэг элэгний эм. Түүнчлэн В вирусийн дараа дараагийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй. Ямарваа нэг юмыг ярихдаа эх сурвалжтай, бодитой нотолгоонд суурилж ярих ёстой.

УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН: Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлсэн. Тухайлбал, унаж, татдаг хүмүүсийн хэрэглэх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан ч энэ нь Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй гэсэн. Хавдрыг даван туулагчдын нэгдсэн ТББ-аас 2021 оноос хэрэгжиж эхэлсэн сайн ажлаа болиулсан гэх асуудлыг ярьж байлаа. Элэгний D, B вирустэй иргэд чанартай, сайн эм хэрэглэмээр байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад санаачилгатай ажиллахгүй байна вэ гэдэг гомдол мэдүүллээ. Стандарт хуучирсан тул шинэ эм оруулж ирэхэд анхаарч ажиллахыг шаардсан. Сахарын өвчтэй хүмүүс долоо хоногт нэгийг хэрэглэдэг шинээр гарсан эмийг оруулж ирэх, сахараа хянах тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг ярьж байлаа.Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын талаар хянагч, шалгагч нар дүгнэлтээ танилцуулсан. Энэ жагсаалтад орсон эмийг даатгалаар хөнгөлж иргэдэд олгодог. Гэтэл жагсаалтыг баталдаг Хүний эмийн зөвлөлийн 8-9 дүгээр хурлын тэмдэглэл архив, Эрүүл мэндийн яаманд байхгүй, улмаар судлах боломжгүй байсныг шинжээч танилцууллаа. Тэгэхээр ямар эмийг хэн санал болгож хэрхэн оруулсан, хамаарал, нэгдмэл сонирхол байсан уу гэдгийг судлах боломжгүй болсныг хэлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад уналт, таталтын эсрэг үйлчилгээгүй хоёр эм оруулсан тухай хянан, шалгагч дүгнэлт танилцууллаа. Мөн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох үйл ажиллагаа шударга биш байна гэдэг асуудлыг хөндөж ярилцсан. Тухайлбал үйлдвэрлэгчийн нэрээр 10-аас дээшгүй эм бүртгэж, үүний дундаж үнээр даатгалын хөнгөлөлтийг тооцож олгодог. Тэгвэл зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг. Ингээд дундаж үнэ өндөр гардаг. Улмаар өмнө нь боломжийн үнэтэй байсан эм одоо өндөр үнэтэй болчихлоо гэдэг асуудлыг иргэд хэлж байсан. Энэ нь баримтаар нотлогдлоо.

Нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.227) 2024 оны 04 сарын 19

Энэ хүн өөрөө хувийн эмнэлэгтэй, эм хагган нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг нүүрэндээ багтай луйварчин шүү дээ.

0  |  0
Ga(202.126.91.227) 2024 оны 04 сарын 17

Buu ai ner using ni haruulchih ooriig chini demjij bna

1  |  0
Top