Гурван олигархын түүх: “Samsung”, “Hyundai”, “Lotte”-ийн тэргүүнүүд Солонгосыг хэрхэн ядуурлаас гаргав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 31

БНСУ-ын  эдийн засгийн гайхамшгийн ард зогсож буй томоохон гурван компанийг үүсгэн байгуулагчдын нэг нь ч Сөүл хотод төрөөгүй. Нэг нь бүр дээд боловсролгүй. Хоёр нь ядуу тариачдын хүүхдүүд. Тэд хэн бэ, хэрхэн тэгээс бизнесээ босгож, хэн тэдийг олигархаар өргөмжилсөн тухай Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков өөрийн номдоо бичжээ. Бидний мэдэх Өмнөд Солонгос, тэнгэр баганадсан барилга, орчин цагийн автомашин, хурдны төмөр зам, К-поп болон цуврал кинонуудын эх орон өдгөө амьд ахуй ахмад үеийнхний нүдэн дээр босжээ. 1960-аад онд Өмнөд Солонгос хоцрогдсон газар тариалангийн орон байсан бөгөөд нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр Азийн бараг бүх орны ард орж байв. “Forbes” сэтгүүл солонгос судлаач Ланьковын номоос “зохиомлоор бойжуулсан олигархууд”-ын талаарх сонирхолтой хэсгээс толилуулжээ.

Нэгэн улс төрчийн хэлснээр, алдаа бүрд овог, нэр бий. Тэгвэл амжилт бүрийн ард овог нэр байдаг гэж хэлж болох нь. Үүнд Солонгосын эдийн засгийн гайхамшиг ч хамаатай. Гуравдагч ертөнцийн ядуу орноос хөгжилтэй, баян орчин үеийн улс болсон Солонгос. Эл гайхамшгийн хөдөлгөгч хүч нь “чэболь” гэгддэг гэр бүлийн корпорацууд. Чэболь хэрхэн гарч ирсэн, ямар үүрэг гүйцэтгэснийг “Hyundai” корпорацын үүсгэн байгуулагч Чон Чу-ён, “Samsung”-ийн үүсгэн байгуулагч Ли Пён-чол, “Lotte”-ийн үүсгэн байгуулагч Шин Гёк-хо нарын намтар өгүүлнэ.

 

Олигархуудын бага нас

 

Тэд бүгд 1910-1922 оны хооронд төрж, колоничлолын эрин үеийн төлөөллүүд. Тэдний бага болон өсвөр нас Солонгос Японы колони байх үед өнгөрчээ.

Сонирхолтой нь томоохон чэболийн нэг нь ч колоничлолын эрин үеийн Солонгосын бизнесийн элит гэр бүлээс гараагүй. Ихэнх чэболийг дундаж ангийн газрын эздийн хүүхдүүд байгуулсан бол Солонгосын бизнес хүрээнд толгой зохиж байгаа корпорацуудыг үүсгэн байгуулагчид нь ядуу тариаланчдын үр хүүхдүүд байдаг.

Ли Пён-чол (Samsung) 1910 онд хөдөөгийн нэгэн газрын эзний гэрт төржээ. Тэрээр Японд боловсрол эзэмшсэн бөгөөд Васэда их сургуулийг төгсөж чадалгүй эх орондоо буцаж иржээ. 1938 онд Ли төрсөн хотдоо Тэгү нэртэй компани байгуулсан нь алдарт “Samsung” корпорац юм. Samsung гэдэг нь солонгосоор гурван од гэсэн утгатай аж. Түүхийнхээ эхэн үед Samsung гурил, алим, хатаасан загас, хожим нь будаа, шошийн бөөний худалдаа эрхэлдэг байжээ.

 

 

Харин Чон Чу-ён (Hyundai) 1915 онд ядуу тариачны гэр бүлд төржээ. Амжилтын зам нь нэгэн гэмт үйлдлээс нь эхэлсэн аж. Тэр эцгийнхээ үхэр борлуулж олсон мөнгөнөөс нь хулгай хийв. Тухайн үед тариачны гэр бүлийн 4-6 сарын хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц 80 вон хулгайлж, Сөүл хот руу аз жаргалаа олохоор оджээ. Амьжиргаагаа залгуулахын тулд янз бүрийн ажил хийсэн Чон 1942 онд авто засварын газар нээж, “Hyundai” гэж нэрлэжээ. Hyundai гэдэг нь солонгосоор орчин үе гэсэн утгатай. Энд өгүүлж буй гурван баатраас тэр л боловсролын түвшингээр хамгийн бага. Солонгосын тэргүүн баячуудын нэг болсон Чон дөнгөж бага ангийн боловсролтой нэгэн.

Шин Гёк-хо (Lotte) 1922 онд мөн л ядуу тариачны гэр бүлд төрсөн. Гэхдээ тэр зоотехникч болж чаджээ. Тэрээр Японы Васэда их сургуулийн дэргэдэх техникийн сургуульд сурч, тэр үеийн солонгос цагаачдын адил япон нэр Шигэмицү Такэо гэсэн нэр авч, япон эмэгтэйтэй гэрлэжээ.

 

Том ажлын эхлэл

 

1947 онд Ли Пён-чол эрх баригчид, шийдвэр гаргах төвтэй ойр байхын тулд Сөүлд шилжиж, 1948 онд гадаад худалдаа эрхлэх охин компаниа байгуулав. Үнэхээр Samsung корпорацын эхний сая сая вон гадаад худалдаанаас орж ирсэн түүхтэй. Хатаасан наймаалж Хонконг руу экспортлохоос эхэлсэн Samsung Солонгосын дайны үед Японд хаягдал төмөр нийлүүлж, оронд нь элсэн чихэр, бордоо авна.

Солонгосын дайны төгсгөлд Samsung Солонгосын топ 10 компанийн нэг, 1960 онд тус улсын хамгийн том чэболь боллоо.

Харин энэ үеэр Чон Чу-ён нийслэл Сөүл хотноо Hyundai Civil Industries /хожим нь Hyundai Construction / компанийг байгуулав. Том нэртэй ч үнэндээ тус компани 11 хүнтэй бригад л байв. Азаар Чон-ы ах англи хэлтэй байсан тул дайны үед Америк цэргүүдийн захиалгаар ажил гүйцэтгэдэг байв. Тухайн үед солонгосчуудын хувьд асар их мөнгөөр барилгын ажил гүйцэтгэдэг байж. Ийнхүү Чон Чу-ён ахынхаа англи хэлний мэдлэг, өөрийнхөө гүйлгээ ухаанаар Hyundai Construction компаниа Солонгостоо хамгийн том барилгын компаниудын нэг болгож чаджээ. Түүний гүйцэтгэсэн томоохон төслүүдийн нэг нь дайны үеэр дэлбэлсэн Сөүлийн Индогё гүүрийг сэргээн засварласан төсөл байлаа.

 

 

Ийн Чон, Ли хоёр эх орондоо бизнесээ хөгжүүлж байх зуур Ши Гёк-хо бизнесийнхээ замналыг дайны дараах Японд тавьж байв. Дайны дараа агуулахуудад үлдсэн техникийн тосны асар их нөөцөөр саван хийх арга олсноор Ши-д амжилт ирлээ. Шин эхний саяа савангаар хийсэн. 1940-өөд оны сүүл гэхэд тэрбээр мөнгөө хүнсний аж үйлдвэрлэлд зориулж, бохь, чихэр, хожим нь шоколадны үйлдвэр байгуулжээ. Тухайн үеийн трендийг даган, Шин өөрийн компаниа “Lotte” гэж барууны маягаар нэрлэв. Гётегийн романд залуу Вертерийг үхэлд хүргэсэн хайрынх нь эзэн Лотте.

1960-аад оны сүүл гэхэд Шин Гёк-хо Японы хүнсний зах зээл дээрх том тоглогчдын нэг болсон байлаа. Тэр л үед найдвар төрүүлсэн мэдээ ирэх болсон эх орондоо бизнесээ тэлэхээр сонирхож эхлэв.

 

Гар доорх олигархууд

 

Солонгосын дайн, улсын хуваагдал тэртээ тэргүй сул байсан эдийн засагт хүнд цохилт болов.

1961 оны хавар цэргийн эргэлтээр генерал Пак Жон-хи төрийн эрхэнд гарчээ. Тэрбээр Солонгосын улс төрийн хамгийн чухал зорилго бол эдийн засаг гэж үздэг байв.  Байгалийн баялаггүй Өмнөд Солонгос дэлхийн зах зээл дээр чанартай, хямд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргасан цагт л амжилтад хүрнэ гэдэгт генерал итгэнэ.

Харин дэлхийн зах зээлд хэн гарч чадах вэ? Мэдээж хэрэг том компаниуд. Нэгэнт тухайн үед Солонгост том компаниуд байгаагүй тул Пак Жон-хи зохиомлоор байгуулахаар шийджээ.

Чэболийн үүсгэн байгуулагчид олигархууд болов. Учир нь генерал Пак Жон-хи өөрөө тэднийг томилж, өргөмжилсөн. Ингэхдээ өөрийн үйлдлээрээ, өрсөлдөх чадвараараа амжилтад хүрсэн хүмүүсийг сонгожээ.

1961 онд Ли Пён-чол тус улсын хамгийн баян хүн болсон байлаа. Цэргийн эргэлт гарсан 1961 онд Ли Японд байж таарав. Хэсэг хугацаанд бодсоны эцэст тэрээр Сөүлд эргэн очихоор зоригложээ. Сөүлд түүнийг Пак Жон-хи -тэй хийх уулзалт хүлээж байлаа. Шинэ эрх баригчдад олигархын мөнгө, холбоо сүлбээ, туршлага хэрэгтэй байв. Тиймээс түүнийг баривчлахын оронд гэрээ байгуулжээ. Гэхдээ тэгш бус. Ли Пён-чол шинэ засгийн газрын үүрэг даалгаврыг дагаж, экспортоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуулийг улаан цайм зөрчихгүй.

Ли Пён-чолын амжилтад урамшсан генерал Пак Жон-хи Чон Чу-ён (Hyundai) -той хэд хэдэн удаа уулзсаны дараа түүнийг мөн олигархаар өргөмжлөв. Тэрээр гадаад улс оронд солонгос ажлын хүчийг ашиглан, барилга барих үүрэг хүлээжээ. Солонгосын эдийн засгийн гайхамшгийн эхэнд зогсож байсан олигархуудаас Пак Жон-хи Чон Чу-ёнтой илүү дотноо харилцаатай байсан аж. Ингээд барилгаар бүх зүйл дууссангүй.

1972 онд Ерөнхийлөгч Пак Жон-хи эдийн засгийн бодлогоо өөрчилж, БНСУ-д хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилго тавив. Харин шинэ үйлдвэрүүдийг өнөөх олигархууд нээх ёстой. Тэд хангалттай туршлага, хамгийн гол нь мөнгөтэй болсон байлаа.

Ийн авто засварын газрын эзэн Чон Чу-ён 1970-аад оны дунд үе гэхэд Солонгосын автомашин үйлдвэрлэлийн эцэг болжээ. Олигархын үйл ажиллагааны хүрээнд хөлөг онгоцны аж үйлдвэрлэл багтаж байсан ба 10 жилийн дотор тэгээс эхэлж байсан Hyundai дэлхийн гол тоглогчдын нэг болж чаджээ. Хөлөг онгоцны үйлдвэрлэлийн үүргийг Samsung-ийн Ли Пён-чол ч хүлээсэн байв. 1970-1980-аад оны зааг дээр Ли Пён-чол ч тэр, Чон Чу-ён ч тэр эх орондоо цахилгаан хэрэгслийн үйлдвэрүүдийг байгуулаад байв. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч Пак Жон-хигийн үүргийн дагуу. Тэр л улс төрийн болон дипломатын дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй санхүүжилтээр хангаж байв. Нэг л болзол байсан нь өөрсдийнхөө байр суурийг мэдэх, улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах.

Ерөнхийлөгч Пак Жон-хи төрийн эрхэнд гарсны дараа Японд шоколад, чихрийн үйлдвэр эзэмшдэг Шин Гёк-хо-г хараандаа оруулав.

 

 

Тухайн үед гадаадад амьдардаг чинээлэг солонгосчууд байгаагүй тул Шин Гёк-хо онцгой анхаарал татсан нь тэр. Эхэндээ генерал Пак, Шин Гёк-хи хоёр хэл амаа ололцож чадахгүй байв. Японд амьдарч байсан Шин ашиггүй саналаас түүртэлгүй татгалзана. Тэр генерал Пакт цэргийн аж үйлдвэр хөгжүүлэхэд нь туслах гэж тэвдсэнгүй. Магадгүй түүний зөрүүд зангийн хариуд Өмнөд Солонгосын эрх баригчид “Lotte”-ийн бохь ариун цэврийн дүрэмд нийцэхгүй гэж гэнэт үзэв. Ямартаа ч эцсийн дүнд БНСУ-ын болон Lotte корпорацын ерөнхийлөгч нар тохиролцоонд хүрч, Шин Гёк-хо ч эх орондоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Олон салбарт үйл ажиллагаа явуулж байсан бусад чэболийг бодвол Lotte-ийн үйл ажиллагааны чиглэл тодорхой байлаа.

Шин Гёк-хо хоёр улсад зэрэг ажиллаж чадсаны дүнд 1988 онд Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалд анх удаа дөрөвт бичигдсэн. Түүнээс өмнө ч, дараа ч Солонгосын олигархуудаас ийм дээгүүрт жагссан нь үгүй.

1988 онд Шин Гёк-хо-ийн хөрөнгө найман тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.

Цаг хугацаа өнгөрөх ч ул мөр нь үлдэнэ

Ерөнхийлөгч Пак Жон-хигийн олигархуудыг зохиомлоор бойжуулах бодлого үр дүнгээ өгсөн. Үр дүн нь хамгийн өөдрөг хүлээлтийг хүртэл давсан. Өмнөд Солонгос олон арван жилийн турш эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн дээд амжилтыг тогтоон барьж, 1990-аад онд аж үйлдвэржсэн хөгжингүй гүрэн болж чадсан билээ. Үүнд томоохон чэболь, тэр дундаа энд өгүүлсэн гурван баатар асар их үүрэг гүйцэтгэсэн.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чэболийн сул тал илэрч эхлэв. Аварга корпорацууд цаг үеийн сорилтуудыг үр дүнтэй шийдэхэд хэтэрхий хүнд сурталжсан болж таарав. 1990-ээд оны сүүлээр БНСУ-ын засгийн газар чэболийг шинэчлэх реформ явуулахыг оролдсон. Томоохон чэболийг үйл ажиллагааны чиглэлээр нь хувааж, удирдах гол албан тушаалд гэр бүлийн гишүүд бус харин мэргэжлийн менежерүүдийг томилох зорилго агуулж байв. Эл шинэчлэл зарим зорилгодоо л хүрсэн. Ихэнх чэболь хэвээр үлдсэн. 2000-аад оны эхээр Hyundai корпорац олон арван тусдаа компани болж хуваагдав. Гэхдээ энэ нь засгийн газрын реформ бус үүсгэн байгуулагчийн үр хүүхдүүд өрх тусгаарлахыг хүссэнтэй холбоотой.

Samsung хэд хэдэн охин компаниасаа татгалзахад хүрснийг эс тооцвол хуваагдлыг тойрч гарч чадсан. Тус корпорац удаан хугацаанд одоогийн хэлбэрээ хадгалсаар байна гэж шинжээчид үздэг. Олон тооны охин компанийг нэгтгэдэг хувьцаа эзэмшлийн тогтолцоо нь хэзээ ч тасрахгүй сүлжээ мэт болжээ.

Шин Гёк-хо бусад хоёр баатраас урт насалсан. Тэрээр 2020 онд 98 насандаа хорвоог орхижээ. Олигархын сүүлийн жилүүдэд хоёр хүү нь эд хөрөнгийн маргаан дэгдээж, тулаанаас бага хүү Шин Тон-бин ялагчаар гарсан билээ. Түүнд Lotte-ийн бараг бүх актив очсон ба ахад нь дөнгөж нэг тэрбум ам.долларын актив л оногдсон байна.

Чэболийн эрин үе үнэхээр төгсөж байгаа мэт. Корпорацууд үйл ажиллагаагаараа дагнаж, удирдах түвшинд гэр бүлийн гүйцэтгэх үүрэг ч аажмаар буурсаар байна.

Гэхдээ Samsung, Hyundai, Lotte гэсэн нэр солонгос хүн бүрийн хувьд нэг бус арван жил алдартай хэвээр л байна. Эдгээр нь улс орноо ядуурлаас гаргасан зүтгүүр болж, Солонгосын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top