Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын гадаад харилцааны хэлтсийн захирал С.Зүчи нар 2024 оны тавдугаар сарын 22-24-нд Узбекистан улсын Ташкент хотод Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-ын Ази, номхон далайн бүсийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгч нарын ээлжит 19 дүгээр зөвлөгөөнд оролцов.
Зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд манай улс 2018 оноос хойш энэхүү арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн. Хуралд Ази тивийн 35 орны төлөөлөл, үүнээс спортын салбар хариуцсан дөрвөн сайд, таван дэд сайд, нийт 60 гаруй зочноос гадна Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-ын Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхий захирал, Ази тивийн Ерөнхийлөгч, олон улсын бусад байгууллагын төлөөлөл зэрэг удирдлагын түвшний албан тушаалтнууд оролцов.
Манай улсын төлөөлөгч нар энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын допингийн эсрэг хөтөлбөрийн 2023-2024 оны хэрэгжилт, спортын салбарын онцлох үйл явдал, ололт амжилт, үүсэж буй хүндрэл, бэрхшээл зэрэг сэдвийг тусгасан танилцуулгыг зөвлөгөөнд оролцогч нарт танилцууллаа. Түүнчлэн Ирак, Мьянмар, БНСУ, Фижи, БНХАУ, Казахстан улсын төрийн төлөөлөгч нартай уулзаж төрийн санхүүжилтийн зөв зохистой ашиглалт, аудитын хяналт, сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалтын талаар мэдээлэл, туршлагаас солилцох, улс орнуудын онцгой нөхцөл байдал, допингийн эсрэг үйл ажиллагааны шинэлэг шийдлүүдийн талаар санал солилцлоо.
Түүнэчлэн WADA-ийн Ерөнхийлөгч ноён В.Банка ба Ерөнхий захирал ноён О.Ниггли нартай уулзаж Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилга, удирдлагын дагуу боловсруулсан Биеийн тамирын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан, энэхүү хуулийн төсөлд допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тусад нь бүлэг болгон шинээр тусгахад WADA-ийн хуулийн хэлтсийн ажилтнуудын үзүүлсэн туслалцаа дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэж хамтран ажилласанд талархлаа илэрхийллээ.
Зөвлөгөөний үеэр мөн Узбекистан улсын Спортын хөгжлийн сайд А.Икрамовтой уулзаж хоёр орны спорт, нийтийн биеийн тамирын салбар дахь хамтын ажиллагааны тодорхой чиглэл, ажлын хуваарийн талаар ярилцан тохиролцов. Австралийн Допингийн эсрэг байгууллагын орлогч захирал ноён Д.Уоррентэй хэлэлцээр хийж допингийн тест хийх ажиллагааны олон улсын стандарт, зохион байгуулалт, үр дүнгийн удирдлага зэрэг сэдвээр Монгол Улсад сургалт зохион байгуулахаар тохиролцлоо.
Ази, Номхон далайн орнуудын Засгийн газрын төлөөлөгч нарын энэхүү зөвлөгөөний үр дүнгээр тогтоол гаргаж 2024-2025 оны тивийн хэмжээний допингийн эсрэг ажлын тогтоолыг баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )