Г.Сайханбаярыг эргүүлэн татсан асуудал СЕХ-нд ХАМААГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

Өчигдөр УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.

Учир нь Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон хэрэгт холбогдон шалгагдаж байгаа П.Отгонбаатар нь МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан юм.

Гэвч нөгөө талаас Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Г.Сайханбаяр сонгуульд оролцож, нэр дэвших эрхтэй гэх мэдээлэл гарч байна.

Энэ асуудлаар СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Тухайн нам нь улс төрийн шийдвэр гаргаж, нэр дэвшүүлэхээс татгалзсан. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэр гаргах, нөлөөлөх боломж байхгүй. Саналын хуудаст нэр нь байгаа хэвээрээ боловч, сурталчилгаанд оролцуулах болон цаашид гишүүн болгох эсэхийг нам шийднэ. Энэ асуудал СЕХ-нд хамаагүй” гэдэг хариулт өглөө.

Top