OPEN AI ашгийн төлөөх бизнес болох уу?

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 27

“OpenAI” компани ChatGPT чатбот төсөлдөө хөрөнгө оруулалт татах зорилгоор бүтцийн өөрчлөлт хийх замаар, ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байна.

OpenAI компани ашгийн төлөөх бизнесийн загвар руу шилжих гэж байгаа тухай анх Ройтерс агентлаг мэдээлж байсан билээ. Ингэснээр тус компани 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар тооцоолж байна. Урт хугацааны хөрөнгө оруулагч Microsoft корпорац, Apple Inc, NVIDIA корпорац, Арабын Нэгдсэн Эмирт Улсын MGX компани оролцох төлөвтэй байна гэж Wall Street Journal саяхан мэдээлэв . “OpenAI” компани 150 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны бизнесүүдийн нэг болоод байна. 2015 онд тус компани нь хиймэл оюун ухааны судалгааны ашгийн бус байгууллагын хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд 2019 онд ChatGPT бүтээгдэхүүнийг хариуцсан ашгийн төлөө охин компанийг үүсгэн байгуулж байв. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд “OpenAI” компани охин компаниа ашгийн төлөөх үйл ажиллагааныхаа үндсэн нэгж болгохоор төлөвлөж байгаа ба ашгийн бус нэгжээ бага хувийн оролцоотой үлдээх аж.

Гүйцэтгэх захирал Алтман энэхүү бүтцийн өөрчлөлтөөр “OpenAI” компанийн долоон хувийг эзэмших магадлалтай гэж Bloomberg мэдээлэв. ChatGPT төслийг амжилттай хэрэгжүүлж, хиймэл оюун ухааны төлөөх хүчтэй өрсөлдөөнийг эхлүүлж чадсан Алтман сүүлийн хоёр жилийн хугацаанд “OpenAI” компанийн нүүр царай болоод байгаа билээ.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top