ГАНЦ БҮСГҮЙН ТӨЛӨӨХ ОЛОН ХУВРАГИЙН ЗАЛБИРАЛ
Үймээн самуунт, ид хэлмэгдлийн 1930-аад оны сүүл, 1940-өөд оны эхэн үе. Газар газрын олон хувраг ганц нэгээрээ бие биеэс хол суух атал хэлэлцсэн мэт дүйчин өдрүүдээр, тогтсон нэг л цагт зул мандааж, арц хүж уугиулж, Алтанганжуур, Сундуй, Жадамба тэргүүт нуусан хаасан их хөлгөн судруудаа дэлгэж, өчүүхэн цөгцөнд зул бадраан хэн нэг хүний алив бүх саад барцадыг гэтэлгэн энэ насыг тэтгэж, хойд насанд сайн заяанд саадгүй төрүүлэхийн тухайтад ном айлтган чин сүжгээр наминчлан залбирах ажгуу.
Цаг хатуу, цааз ширүүн. Зулын гэрлээ халхлах гэж өрхөө бүтээн, дээвэр туурганы онгорхой цоорхойг битүүлж, юмыг яаж мэдэх вэ, ногоон малгайтнууд ороод ирэх вий гэхээс сэрэмжлэн зулын дэргэд өөхөн дэн сүүмэлзүүлнэ. Баригдах аваас гэрэл гаргасан л хэмээн мэлзэх гэж тэр. Арц, хүж содон ханхлах болуузай гэсэндээ тулгандаа ахиухан аргал хийж үнэр дарна. Маань мэгзмээ амандаа гүвтнэн шивнэнэ. Айж ширвээтэхийн дээдийг амсан байсан ч буяны үйлдээ тасралтгүй шамдан байх бүлгээ. “Гай газар дороос, гахай модон дотроос” гэгчээр айл саахалт, ер хаанаас ч ногоон малгайтанд матах, малтах, ухах төнхөх ёрын санаатан гараад л ирэх юм чинь. Дулаан цагт бол айраг ууна, бэлчээр үзнэ, намартаа тэнгэр хангай шинжинэ гэх нэрээр хэд гурваараа газар тохирон уулзаж, мөнөөх л залбирал, айлтгал одуулах үйлээ хамтатган базаана.
Хэний төлөө, юуны учир тэд ийнхүү отон ирж болох аюулыг эс тоон эзгүй хээр цуглаж, эс бол хар гэртээ харуй бүрийгээр аврал одуулна вэ. Хамгийн их хачирхал төрүүлэх нь тэдгээр олон бурхны шавь энэхүү залбирал, буянаа ганц эмэгтэйд зориулахын учир юусан билээ. Бас тэгж бурхны олон шавиар буян заяагаа даллуулах хувьтай тэр бүсгүй хэнсэн билээ.
СОЙВОНГИЙН УРАН ОХИН
Богдын дотоод сойвон буюу шадар бараа бологч, хаалгач ч гэдэг Цэвээнжалбынх эгч дүү хэдэн хүүхэдтэй. Хүрээнээс холгүй Түшээтхан аймгийн нутаг, Богдын хүрээнд сэлгэн нутаглана. Тэдний гэрт 1883 оны хар усан хонин жилд нэгэн охин үр заяасан нь Бортолгой. Бортолгой бага насаа аавын хөдөө гэр болох Түшээтхан аймгийн нутагт дэгж дэрвэн өнгөрөөж, төдөлгүй Богдын хүрээнд ирж, эцэг эхийн дэргэд Өндгөн сүргийн бэлчээр, Дунд гол, Туул голын завсар сэлүүн тунгалаг агаарт нутагт суурьшив. Багаас Богдын ордны ойр байж төр, шашны нарийн дэг ёсыг дэргэдээс нь харж өссөн Бортолгойд шашин номын үйл хэрэг их л дотно санагдах бүлгээ. Богд хааны төрсөн дүү, Төрийн их Чойжин Лувсанхайдавын шавь гэгдэж улмаар шашны ёсонд тэр хэрээр боловсров. Чойжингийн гэргий, Элбэг Амгалант гацаа хэмээх Маймаа хотын захирагчийн охин, бас л цуутай ганган, баян хангалуун өссөн Сүрэнхорлоотой үерхэж орж гарна. Чойжин лам санаачлан өөрийн хувийн хөрөнгөөр 1904 оноос сүм барих ажлыг эхлүүлж уран Гомбын удирдлага дор 300 гаруй монгол урчууд шамдан гарын ураа шавхан нэгэн сайхан хийдийг Чойжин ламын хийд өнөө буй энэ газарт босгосон ч учир битүүлгээр хайлав. Гэвч шантарсангүй, дахин барилга эхлүүлж 1908 онд босгож дуусгахуйд Богд Жибзундамба хутагт “Хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч их амгалангийн урвалтгүй бүтээсэн орд харш” гэх нэрийг хайрлаж төр, шашны үйл явуулдаг хаалттай сүм болгов. Энэ нь өнөө бидний мэдэх Чойжин ламын хийд болой. Хоёр хийдийг босгоход Чойжин ламын гэргий Сүрэнхорлоогийн хөрөнгө нэлээд орсон гэх ба нэмэр хандив өргөсөн сүсэгтэн олны дунд Чойжин ламын шавь байсны хувьд Бортолгой ч багтсан нь мэдээж. Хожим энэ хийдийг дахин ор мөргүй үгүй болохоос чухам Бортолгой аварч чадсан гэдэг юм.
Сойвон Цэвээнжалбын охин Бортолгой хар багаасаа үйлэнд уран. Тэр хэрээр Богдын ордны үйлчин болох нь тэр. Богд гэгээнтэн, Эх дагина нарын чамин нандин дээл хувцас, хантааз, ханжаар, гутал сэлтэд Бортолгой нарын уран үйлчдийн ураа гарган мэтгэсэн уран нарийн шаглаа, ширхэг ширхгээр шигтгэсэн сувд, эрдэнийн чулуун чимэг сэлт өдгөө хэр олны харааг булаасаар буй.
Богдын уран үйлчин бүсгүй хангалуун амьдралтай, нас нэмэхийн хэрээр Хүрээний цуутай сайхан бүсгүйчүүдийн нэгэн болж олны харааг булаах болов. Өөрөө урныг хэлэх үү, Богдын үйлчнийг ярих уу, хангамж сэлт сайтайг дурсах уу, Жагар, Төвөд газрын нарийн нандин, ховор живэр торго, хоргой эмжээр хамжаар, алтан хүрээт шүр, сувдан даруулга, зүүгээр харин ч нэг дутаж яваагүй юм байх аа. Хүрээ хотын дэгжин бүсгүйг “Мухар хуруу Бортолгой” гэж өөлөх нэг нь хэлнэ. Ямар учир шалтгаантайг бүү мэд, түүний нэг хурууны өндөг мөлгөр байсан гэх. Гэвч тэр зэргийн өө сэв сайхан хүүхний нэр цууг хэрхэн дарж чадах билээ. Ийн гоо зүс, дэгжин шаавай төрх, нэр цуу, сийрэг саруул ухаан, шашны боловсрол сэлтээрээ гялалзаж явсаар 1921 он, Ардын хувьсгалтай золгож дээ.
ЗАЛУУ ХУВЬСГАЛЧИЙН ГЭРГИЙ
Өнгө зүс, царай төрхөөрөө Хүрээг чимж явсан сайхан бүсгүйд сэтгэл алдрах хүн бишгүй л байсан байж таарна. Харин Бортолгой бүсгүй тэднийг нэг их тоож яваагүй, өөрийнх нь дэнсэд тохирох хүн ч ховор байсан биз ээ. Ямар боловч тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбох тогтсон тогтвортой хүнгүй шахам явсаар тийнхүү Ардын хувьсгал мандаж хэдийнэ 38 нас хүрчээ. Бортолгой бүсгүй шашин сүсгийн холбоотой Бодоо багшийндаа байсхийгээд очдог байсан гэх. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, намын тамгыг сийлсэн чойжин Бодоо шүү дээ. Тэднийд сүүлийн үед очих бүрд нэгэн залуутай санаандгүй таарч, сүүлдээ харц тулгардаг болсон нь залуу хувьсгалч, бас л Бодоогийн шавь байж, нэгэн үе тэдний гэрт амьдарч байсан Х.Чойбалсан. Хожмын БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин болсон тэр эрхэм. “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо та нартаа үлдээв” хэмээн гэрээслэсэн тэр л маршал.
Х.Чойбалсан Ц.Бортолгойгоос 12 насаар дүү. Өдгөөгөөс яг 130 жилийн тэртээ, Бортолгойн 13-ны жил орж байхад хөх модон хонин жил, 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд Суваргачин отгийн хамжлага, малчин эх Хорлоогийн гурав дахь хүү болон мэндэлж байв. Нэгэн багшийн шавийн барилдлагатай хоёр ийнхүү санаатай санаандгүй тааралдаж, Бодоо багшийн гэр, Чойжин ламын хийд хавиар болзоо учир таарсаар 1921 онд ханилан сууж өрх тусгаарлажээ. Тэгэхэд Х.Чойбалсан 26 настай, багадаа нутагтаа хүрээ хийдэд шавилж, басхүү Орос улсад гимназид сурсан галтай цогтой шав хийсэн залуу байлаа. Ижил жилтэй, басхүү төрсөн жил усны өнгө, махбодыг бодвоос ус модыг тэтгэнэ гэгчээр насны зөрүүг үл тоон бие биедээ чин бишрэлт хань болцгоон 14 жил ханилсан гэдэг юм. Гэр бүл болж өрх голомт үүсгэхдээ Х.Чойбалсан Бортолгойн гэрт орж суужээ. Эд хөрөнгө бас чиг бийлэгжүү, дутах гачигдах зүйлгүй Бортолгой шашин шүтлэгтэй учир гэрийнхээ ханаар дүүрэн бурхан ном өрсөн сүсэгтэй бүсгүй байсан дуулддаг. Энэ цагийг Х.Чойбалсан өөрөө дурсан бичихдээ “Бид хоёр халуун эв найрамдалтайгаар хоёр биед хань нөхөр бололцон амьдарч хүмүүжиж явсан нь үнэхээр учир ялгавартай холбоо бүхий байсан” гэжээ.
Төрийн хариуцлагатай алба ажил залгуулах Х.Чойбалсанд нас намба тогтсон, сүсэг бишрэлтэй аяс намдуу гэргий хэрэгтэй ч байсан байж мэднэ. Х.Чойбалсан гэдэг сахилын нэр хүртэхээсээ өмнө Дугар нэртэй байсан хөвүүн багадаа тун ч дэггүй, “Оодогийн чоно” хочтой адтай монди явжээ. Айлд буусан хүний уяан дээрх морины эмээлийн олмыг суллаж, мордохдоо холбирон унахыг харж шоолох, буруу талын дөрөөг нь үхрийн нойтон аргалаар шавж хатаан, мөнөөх хүн дөрөөгөө олох гэж хий өшигчин мунгинахад учиргүй баясан, “шанд” нь олон ч удаа жавтий хүртэж явж дээ. Дугар хүү, хожим залуудаа ч хөдөлгөөнтэй сэргэлэн явсан Х.Чойбалсангийн дүрсгүй зан сүүл хэр ч цухалзаж, болчимгүй хөдлөх тоолонд тулж түших нас тогтсон гэргий хэрэгтэй байж, түүний хүчинд дарагдаж байсан юм болов уу.
Залуухан Х.Чойбалсан шашин шүтлэгт чин бишрэлтэй, аяс намдуу, өөрөөсөө нэг үе мултарсан Бортолгойтой ханилсанд атаа жөтөө, хэл ам нэг хэсэгтээ л тасарсангүй. Бусдыг ийнхүү гоочлох нь хүн гэгч амьтны ад мөрийн нэг зан ч юм уу даа.
“Засаг төрийг залаад ирсэн жанжин миний бие ээ хө
Залуу зантай Бортолгой минь завхай битгий яваарай даа хө” гэх буюу
“Засгийн газраас томилогдоод ирсэн
Жанжин миний бие ээ хө
Залуухан зантай Бортолгой минь
Зангаа юундаа хувиргаа вэ хө” гэсэн дууг Х.Чойбалсан өөрөө зохиосон гэх яриа гарахын сацуу “Мухар хуруутай Бортолгой Муухай биш хөөрхөн дөө” гэх юм уу “Тэвдэж сандраад ирвэл Телефон утсаар яриарай” гэх зэрэг алиг шалиг дуу хүрээгээр зогсохгүй хөдөөгүүр ч тархжээ.
Төр, засгийн төвөгтэй ажилд дарагдаж, түүний хажуугаар хойд хөршөөс элдэв дарамт ирж, их хэлмэгдүүлэлтийн сүүдэр дайраад байсан үед Х.Чойбалсан нэг үе жолоо алдаж, бор дарсанд орж, Бөмбөгөр ногоон хэмээх Төв театрын жүжигчин Дэвээ бүсгүйтэй учир ургуулж, юм юм л болоход авааль гэргий Бортолгой бухимдаж цухалдалгүй уужуу ханддаг байсан юм гэнэ лээ.
Бортолгойн саналаар 1935 онд гэр бүл цуцлахад Х.Чойбалсан 40-тэй, Бортолгой 52 нас хүрээд байлаа. Хэлмэгдүүлэлт ид эрчээ авч байсан цаг. Аягүй бол “Чойбалсангийн эхнэр шашин шүтлэгтэй, тэр эхнэрээ хичээ” гэх хэл ам ч таталж л байсан биз.
Ам бүл салгахдаа Бортолгой “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлага хүлээсэн хүн. Над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр яах вэ. Хэн хэнээ сэтгэлийн зовлонгоос салгаж зам мөрөө хөөе. Цаашид нам төрийн удирдлагад ажиллах хүнд миний бие тохиромжгүй” гэж хэлсэн төдийгүй “Би чамайг нэг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн нутгийн төлөв төвшин бүсгүй Б.Гүндэгмааг танилцуулан гэргий болгож өгсөнтэй маршал насан эцэс болтол ханилсан юм. Гэхдээ энэ бол тэдний харилцааны төгсгөл биш. Цаашид ч дотно нөхдийн хэмжээнд үргэлжлэх болно.
Х.Чойбалсан авааль эхнэрээсээ салах болсон тухайгаа 1935 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны тавдугаар хорины захиргаанд гурван ч өргөдөл гаргасан нь улсын архивт хадгалагдан үлджээ. Уг өргөдөлд “Эр эм болж 14 жилийн нүүр үзсэн Бортолгойгоос бүр мөсөн тусгаарлан салж, аж төрөхөөр санал нийлэлцсэн бөгөөд миний бие чадал бүхий цагтаа түүний биеийг (Бортолгойг) хэзээ ч харж харгалзах ба тусалж тэтгэж явах болно” гэжээ.
ӨРХ САЛСАН Ч ӨМӨГ САЛСАНГҮЙ
Маршал хэлсэн үгээ зөрчөөгүй. Х.Чойбалсан, Ц.Бортолгой нар өрх гэр салсан ч бие биеэ гэх өмөг хайр салаагүй юм. Х.Чойбалсан үе үе болохгүй бүтэхгүй, саваагүй явдалд өртөж, хатуу идээ хүртэвч Бортолгойнхоо үгнээс гаждаггүй байсан гэдэг. Х.Чойбалсан нэг үе нам, төрийн өндөр алба хашилгүй дэл сул явж “барууны үзэлтэн” хэмээн цоллогдож, бас ч үгүй “Лхүмбийн хэрэг” гэгчид ч халти мөлт орооцолдон сэтгэл санаа гундуухан, бор дарснаас буцахгүй гуларч явах үед Бортолгой нь л дэргэд байж түшиж тулж дахин босох тэнхэл өгч байсан алсыг харсан ухаант, хатуужилтай эмэгтэй. Х.Чойбалсан 1929 оны нэгдүгээр сард хувийн хашаа байшингаа намын санд сайн дураар хандивлан, шан харамжаар нь бусдад тавьсан өрөө төлж, өөрөө албаны орон сууцанд суух тухай Намын төв хороонд өргөдөл гаргаж байсан нь амьдрал нь нэг үе хаашаа эргэснийг харуулна.
Монголд “Шинэ эргэлтийн бодлого” гэгч хүчээ авч асан 1935 онд Х.Чойбалсан нь Ерөнхий сайд П.Гэндэнгийн санал, Зөвлөлтийн удирдагч И.В.Сталины зөвшөөрснөөр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдов. Үүний дараа Бортолгой албан ёсоор салах санал гаргасан нь ханийнхаа цаашдын ирээдүйд тотгор болох вий гэсэн үүднээс байсан байж мэднэ.
Х.Чойбалсан Ц.Бортолгойгоос салахдаа зөвхөн өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр, буу зэвсгээ авч үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг салж буй эхнэртээ үлдээсэн гэлцдэг. Бас хот, хөдөө явахад өөрийн хөрөнгө болгож, хөл залгуулж, эдэлж хэрэглэхэд нь зориулж “ГАЗ” маркийн суудлын машин нэгийг өмч болгон өгчээ. Ямар боловч Бортолгойг эд хогшилтой, иж бүрэн орон гэртэй, хол ойр явахад хүний гар харахгүй унаа унаштай үлдээсэн нь өрлөг жанжны хүн чанар, авааль гэргийгээ гэх сэтгэлийг харуулна. Энэ бүхнийг нотлох баримтын нэг хувийг Улаанбаатар хотын захиргаанд хадгалуулсан ажээ.
Тэр бүү хэл Бортолгойн үгийг сонсох дуртай байсан агаад байсхийгээд л очиж, гэрийнх нь гадаа Х.Чойбалсангийн машин сойлттой байсан гэдэг. Бортолгойг Ногоон нуурын баруун өмнө этгээдэд, Хятадын долоо, найман гудамж гэдгийн хавьд суудаг байхад Х.Чойбалсан түүнийг үргэлж эргэж тойрч бэлэг сэлт өгөхийн зэрэгцээ бие хамгаалагч болоод танил хүмүүсээр дамжуулан “Маршалын хувийн фонд”-оос эд мөнгө, эдлэх хэрэглэх зүйлс явуулдаг байсан баримтаас харахад тэр хоёрын өрх салсан ч өмөг түшиг салсангүй ээ.
Бортолгойн бие тэнхээрхэж өвдөж чилээрхэхэд маршал Эрхүү хотоос тусгай эмч дуудуулан үзүүлж эмчлүүлж, сувилуулж байсан удаатай. Х.Чойбалсан ийнхүү анхны хань Ц.Бортолгойг насан эцэс болтол ямагт харж хандаж явсан гэснээс үзвэл маршалыг таалал төгсөхөөс өмнө Бортолгой жар гаруй наслаад өөд болсон байх нь.
Бортолгой Х.Чойбалсангаас салсны хойно хэсэг зуур ганц бие байгаад Дулам Дахан хэмээх төвөд хүнтэй ханилжээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголд аж төрж асан төвөд хүмүүс бараг бүгд баригдаж, алагдах нь алагдаж, шоронд суух нь суухад Бортолгойтой ханилсан Дулам Даханыг энэ зовлон тойрсон юм гэнэ лээ. Магад маршалын нөлөө үүнд орж, авааль ханийнхаа суусан хүнийг өршөөж үлдээхэд нөлөөлсөн биз ээ.
ЧОЙЖИН ЛАМЫН ХИЙД ХИЙГЭЭД ЛАМ ХУВРАГУУДЫГ АВАРСАН НЬ
Хөргийн эхэнд олон лам хувраг, сахил санваартнууд яагаад Бортолгойн хойшдын буяны төлөө тийнхүү мөргөл залбирал шамдан үйлдэж байсан түүхийг төгсгөл болгон өгүүлье. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол орны нутаг дэвсгэрт байсан 700 гаруй сүм хийд, бурхан номын газрыг устгаж, олон зуун эрдэмт лам хуврагийг алж устгаж хорьж, цөлснийг түүх гэрчилнэ. Энэ бүх гашуудалт бараан үйл явдал чин сүсэгт, бурхны номт Бортолгойн сэтгэл зүрхийг тэсэшгүй урж тасдана. Эр нөхрөөс энэ үед салаад байсан хэдий ч төр, засгийн өндөрт суугаа эрх мэдэл бүхий түүний аврал түшиг энэ үед хэрэгтэй байлгүй яах вэ. Бортолгой нэгэнтээ “Баригдан хоригдоод буй лам нараас эрхиний бөөрний тоогоор 108 хуврагийн амийг хэлтрүүлж өгөөч” хэмээн өөрийн хуучин нөхөр, маршал Х.Чойбалсангаас хичээнгүйлэн гуйжээ. Хойчийн буяныг бодож сүнс төөрөхгүйн зовлонгоос гэтэлгэн баривчлагдсан лам нараас эрдэм чадалтай, мяндаг цолтой 108 хүнийг суллаж өршөөхийг гуйсны цаана монгол газар бурхны шашны үйлийг таслахгүйн төлөө эрдэм чадалтай лам нарыг аварч үлдээхийн тухайтад байсан нь лавтай. Энэ ёсоор Х.Чойбалсан яаж ийгээд эрхний бөөрний тоогоор 108 биш боловч 70 ламыг цаазаас хэлтрүүлж дөнгөөд суллан явуулсанд тэр аврагдсан лам хуврагууд эсэн мэнд хэлтэрсэн шавь нарын хамт тийн цагийн аюулыг эс тоон Бортолгойн төлөө номын дуу таслалгүй аврал одуулж, заяа хишиг даллаж, нас буяныг нь дуудан насан туршдаа номын дуу таслалгүй далдхан хөгжөөсөөр байсан нь тэр ажгуу.
Х.Чойбалсан 1935 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар томилогдон Улсын маршал буюу Өрлөг жанжин цол хүртэж, 1936 онд шинээр байгуулагдсан Дотоод явдлын яамны сайдаар дэвшиж, Гадаад явдлын яамны сайд, 1937 он гэхэд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдоод байсан үе тул хэдэн хүний толгой мэдэхтэйгээ байлгүй яах вэ.
Х.Чойбалсан Дилова хутагт Б.Жамсранжавыг цаазаас хэлтрүүлэн өршөөж, бараг өөрөөсөө ч нуун байж харь газар тусгай албанд томилж, алс холын Америкийг нэгэн түших орноо болгохоор маш нууцаар илгээж, хэдий хойно ч араас нь элч илгээн даалгавраа үргэлжлүүлж холбоо таслалгүй хэл авалцаж байхыг хичээн байсан нь ч учиртай. Хутагтын амь хэлтэрсний цаана мөнөөхөн Бортолгойн нөлөө явж л байсан байж магадгүй.
Түүгээр зогсохгүй Бортолгой өөрийн үйл мэтгэж явсан Богдын өвлийн ордон, багш Лувсанхайдавынхаа босгон төрийн сахиус тахиж чойжин бууж асан Чойжин ламын хийд, Амарбаясгалант хийд, Эрдэнэзуу хийд, Гандантэгчинлэн хийдийн одоо үлдсэн дуганууд, Дорнодын Чингисийн Тугийн сүм, Х.Чойбалсангийн багадаа шавилан сууж асан Мянган бурхны сүм тэргүүтнийг үл нураалган өдий дайтай үлдээхэд ч сэтгэл зүтгэл, амь эрсдэхээс үл эмээсэн зориг зүрхээ зориулсан гэдэг юм. Бортолгой бас Лувсанхайдавтаны шавь байсан учир Чойжин ламын сүмийг нураалгалгүй багшийнхаа хийдийг аварч үлдээхийг гуйсанд Х.Чойбалсан анхны ханийнхаа хүсэлтийг ёсоор болгосон гэх яриа бий.
Энэ бүхнээс Чойжин ламын сүмийг бараг хөндөлгүй үлдээсэн нь ч учиртай. Ардын намынхны Жамсран бурхны өмнө анх тангараг тавьж нам нийлж, сэм бүлэглэсэн эл хийдийг энэ утгаар нь Ц.Бортолгойн гуйлтаар Х.Чойбалсан авч үлдсэн төдийгүй Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд болох язгуурын таван бурхан, Цагаан, ногоон дарь эх, Бодисадва тэргүүтэн, Ганжуур, Данжуурын ботиуд, хожим хэрэгтэй гэсэн бүгдийг тийш сэм зөөлгөн хадгалж үлдээжээ.
Энэ хийдтэй холбоотой нандин сэжим Х.Чойбалсан, Ц.Бортолгой хоёрын амьдралд бас бий л юм билээ. Хэзээнээсээ хайрын учир жанлав ерөөдөг гэх Чойжин ламын хийдийн Ядамын сүм Ардын намын анхны долоогийн нэг Бодоо чойжингийн гэрт танилцсан хоёрыг хайрын холбоогоор учруулсан ч юм уу. Хос Ядам бурхдын эрчис насны зөрүүтэй хоёрт хайрын учиг сүвлэсэн ч бил үү. Хайр гэдэг цохлоод ирэхээрээ нас шүд, алба тушаал, хөрөнгө чинээг умартуулдаг биш гэж үү.
Өрх тусгаарласан ч насан элтэл нь анхны ханиа хайрлан, болж бүтэх хэрээр хүсэлт гуйлтыг нь ёсчилж явсан Маршал ч эрийн хугархай. Түүний ачаар олон эрдэмт хувраг амь өршөөгдөн хожмын цагт бурхны шашин дахин дэлгэрэх эхийг тавьж, олон ч сүм хийд бүр мөсөн балгас болохоос аврагдан өнөө цагт хүрч иржээ. Хэлмэгдлийг үйлдсэн гэх зузаан бараан толбонд дарагдсан Х.Чойбалсангийн амьдрал ч хялбар байсангүй.
Түүний И.В.Сталинд бичсэн захидалд “Энэ хэлмэгдүүлэлтийг хийхэд миний хийж чадах зүйл гэж байсангүй. Таны явуулсан зөвлөхүүд маш сайн үүрэгтэй ажилласан” гэжээ. Хэдий харамсалтай ч олон хүний амиар өнөөгийн тусгаар тогтнолоо хамгаалж улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдсэн Өрлөг жанжин Х.Чойбалсан, түүний анхны эхнэр Ц.Бортолгой хоёрын нандин түүхийн нэгээхэн хэсэг энэ. Өрлөг жанжны авааль гэргий, ханьд нь үсэрсэн хэлмэгдэл сүйрлийн их нүглийг буянаар сүлж, олон хуврагийн амь гэтэлгэж, орон хийдүүд, ном судрыг аюулаас аварч өнөө цагт үлдээсэн ачтан бол Монголын ухаант, авхаалжит, их буянт сайхан бүсгүйчүүдийн нэг Цэвээнжалбын Бортолгой билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
би бид дээрхи нийтлэлд гарсан түүхийг олонтаа сонсож байсан энэ бүхэн түүхэн үнэн билээ залуу хойчүед маань үнэнийг мэдэх эрхтэй ёстой өнөөдрийн монголыг цогцлооход Маршал Чойбалсан ямар их бэрхийг туулан монголын тусгаар тогтнолыг авч\nүлдэхэд нь сэтгэлийн их хүч дэмжлэг үзүүлж байсан Бортолгой хэтээх монголын ээжид гүнээ хүндэтгэл илээрхийлье\n Бас энэ гайхамшигтай этэгтэйн түүхэн үнэнийг нийтийн хүртээл богосон Оюунцэцэг танд баярлаллаа амжилт хнсье
ийм сайхан түүх бичсэн Оюунцэцэгтээ баярлалаа. Урд нь энэ тухай би өвөөгөөсөө сонсож байсан юм байна. Манай өвөө тэр суллагдсан лам нарын нэг байсан юм байна лээ. Хөөрхий 94 нас өнгөртлөө Бортолгой гуайн хойноос ном уншсан байхоо, байнга л энэ тухай ярьдаг байсан. Сүм хийдүүдэд манай монголын түүхийн олон сурвалж бичиг хадгалагдаж байсан гэж би сонссон