Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын нэн сонирхолтой хоёр тоглолт өнөө шөнө хөлбөмбөгийн хорхойтнуудыг унтуулахгүй, дэлгэцний өмнө уях болно.
Энэ бол 7 хоногийн өмнө энэ тэмцээний дарханы дархан аварга Испанийн “Реал Мадрид”-ыг талбайдаа 3:0-ээр хожиж, тун тавтай байрлал эзэлсэн Английн “Арсенал” айлгүй, тэвдэлгүй ялагчаар тодорч чадах эсэх. Нөгөө нь Италидаа сүүлийн жилүүдэд ноёлох хандлагатай “Интер” Германы “Байерн Мюнхен”-ийг талбайд нь хожсоноо “барьж” тогтоож барах эсэх юм.
“Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Микел Артета “Хэрвээ надаас “Эхний тоглолт яаж өрнөж, ямар дүнгээр дуусаасай гэж зохиол бичүүлж буй мэт дураар минь хэлүүлбэл бол би 3:0 л гэх байлаа” гэжээ.
Гэхдээ бас “Сантьяго Бернабеу”-даа Мадридын одод цойлж гялалзаад, хоромхоны дотор хэдэн ч гоолыг нөхөж, хожиж чаддагаараа зартай. Бараг тийм зантай болчихсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаар сануулан хэлэхдээ Артета “Түүхийг түгжиж болохгүй” гэжээ. “Энэ бол гарцаагүй тэдний түүхэнд байдаг зүйл. Тиймээс Бэллингэм талбайдаа тоглолтыг эргүүлж дөнгөнө гэж хэлэх ч эрхтэй. Харин бид өөрөөр бодох ёстой. Бид тэдний сүүлийн хэдэн өдөр ярьснаас өөрийг үзүүлэхийг хичээх болно. Тоглогчидтойгоо ярилцаж, маш ойр бид ажилладаг. Энэ харилцаа л бусад бүх мэдээллээс илүү хүчтэй гэж бодож байна. Яалт ч үгүй тэнд очих ёстой. Тэгээд юу болохыг өөрсдөө үзэж мэдрэх үүрэгтэй” гэжээ.
“Реал Мадрид” тоглолтыг эргүүлэхдээ гарамгай байдгийн нууцыг задалж, судалж үзсэн үү? гэж сэтгүүлч асуухад “Мэдээж, тэгэлгүй яахав. Өрсөлдөгчөө судалж байж л юу болж болохыг ойлгоно. Тэд маш чанартай бүрэлдэхүүнтэй, мөн тааварлашгүй эргүүлэгтэй. Үүнд нь бид автахгүй байхыг сургахыг хичээнэ. Бид Лондонд хийснээ л хийх хэрэгтэй. “Арсенал” бол хожих гэж тоглодог, довтолгооны философитой баг. Зоригтой байж, санаачлагыг авч, шийдэмгий хандаж, энэ тоглолтод бид хожиж чадна гэдэгтээ өөрсдөдөө итгэх хэрэгтэй” гэж испани дасгалжуулагч өгүүлжээ.
Хожихын тулд “Реал Мадрид” дор хаяж гурван гоол оруулах ёстой. Гэтэл “Арсенал” сүүлийн 79 тоглолтдоо 3 гоол алдсан нь үгүй. Дандаа 2 болон түүнээс доош гоол л алджээ. Энэ дүнгийн талаар Артета тайлбарлахдаа “Энэ бол биднийг бэлэн байгаа эсэхийг л илтгэж байгаа юм. Энэ баримтыг үгүйсгэх аргагүй” гэсэн байна. Мөн ийм тоглолтыг үзмээр, мэдэрмээр, тэнд байлцмаар санагдаад сэтгэл нь догдолж буйг ч хүлээн зөвшөөрчээ.
“Бид түүх бүтээхийг хүснэ. Европын цомын тэмцээнд түрүүлэхийг зорино. Гэхдээ үүний тулд бэлэн байх ёстой. Түүх бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Тэгээд цагт алхам алхмаар урагшлах хэрэгтэй” хэмээн Микел Артета өгүүлжээ.
Тоглолт Улаанбаатарын цагаар 03:00-д эхэлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэн хожихыг хэлж мэдэхгүй л дээ, гэхдээ түрүйний бөөс толгойд гарах гээд зүтгээд байх нь хэр зохимжгүй гэдгийг л нэг юм муухан мэдээд байгаа юм аа