Реал Мадрид – Арсенал 1:2! Анчелотти, Артета, Кейн, Сака, Мюллер тоглолтын дараа юуг онцлов?!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17


Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн баг тодорлоо. Английн “Арсенал”, Испанийн “Барселона”, Италийн “Интер” мөн Францын “Парис Сэн Жэрмэйн”. Дөрвөн улсын клуб нэг цомын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

Өчигдөр олны их хүлээлтийг тайлж, “Реал Мадрид” талбайдаа “Арсенал”-тай туллаа. “Сантьяго Бернабеу”-даа санаанд багтамгүйгээр тоглолтын хувь заяаг эргүүлээд сурчихсан Мадридын клуб энэ удаад “Их буучид”-ыг эргүүлж дөнгөсөнгүй төдийгүй бүр дахиад 1:2-оор хожигдлоо. Хоёр тоглолтын нийлбэр дүн 1:5.
 


Ийм дүнгийн дараагаар ахлах дасгалжуулагч Карло Анчелоттитой хамтран ажилласан хэвээр байна гэдэгт эргэлзээ үүснэ. Үүнийг ч өөрөө мэдэж буй Анчелотти “Магадгүй намайг өөр хүнээр өөрчлөхийг хүсэх байх. Энэ жил юмуу, ирэх жил өөрчлөх биз. Миний хувьд бодох юмгүй. Намайг халвал би ганц л юм хэлнэ. Баярлалаа гэж. Маргааш ч бай, сарын ч дараа ч бай, жилийн дараа ч би зөвхөн баярлалаа л гэнэ. Тэгээд л гүйцээ” гэж Дон Карло мэдэгджээ.

Анчелотти тоглолтын дараагаар “Арсенал”-ын дасгалжуулагч Микел Артетаг тэврэн хэдэн үг хэлж буй нь харагдсан. Тэгвэл Артетагаас юу хэлснийг нь асуухад “Маш эелдэг боловсон байж, бидэнд ялалт, Аваргуудын лигт түрүүлэхийг хүссэн” хэмээжээ.
 


“Миний амьдралын хамгийн сайхан оройн нэг нь энэ гарцаагүй мөн. Аугаа түүхтэй багтай туллаа. Одоо бахархаж болно. Энд хожих маш хэцүү шүү дээ. Азаар олон зүйл бидний талд байж, ялалтад шаардагдах бүхнийг хийж чадлаа. “Реал Мадрид”-ыг хожих боломжтой гэдэгтээ бид эргэлзээгүй” хэмээн Артета нэмж өгүүлэв.
 


Энэ тоглолтын эхэнд шахам чухал пенальтиа алдсан Букайо Сака “Би шинэ цохилт туршиж үзсэн юм. Болсонгүй. Гэхдээ гоол оруулна гэдэгтээ итгэж байсан” гэжээ. Үнэхээр хоёрдугаар үед мэдрэмжтэй дамжуулалтаар ирсэн бөмбөг хөнгөхөн өлгөж цохиод багийнхаа эхний гоолыг тэр оруулсан. “Бид ингэж тоглоод сурчихсан болохоор амар байлаа” гэжээ.
 


Сака, Дани Карвахаль хоёр нэгдүгээр үеийн завсарлагаар стадионы хонгилд барилцаж авсан тухай мэдээ түгээд амжлаа. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол хүнд бэртлийн улмаас энэ тоглолтын мэдүүлэгт ч байхгүй Дани Карвахаль ямар нэгэн хор шарыг нь малтсан үг хэлээд Сакагийн араас зуурч авсан бололтой. Тэр хоёрыг ойр байсан хөлбөмбөгч болон стадионы хамгаалалтын ажилтнууд салгажээ.
 


“Арсенал”-ыг одоо шөвгийн дөрөвт Францын аварга “Парис Сэн Жэрмэйн” хүлээж байна. Хувь тоглогчдын ур чадвар маш өндөртэй энэ багтай тоглоход тун хэцүү гэдгийг Английн “Ливерпүүл”-ийнхэн үзэж, хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл одоо “Арсенал” мэдрэх үү, мэдрүүлэх үү гэдгээ үзэх цаг тулж ирлээ.

“Өчигдөр орой би “Астон Вилла”-“ПСЖ”-ийн тоглолтыг үзсэн. Солиормоор үзүүштэй сайхан тоглолт болсон. Луис Энрикег би маш сайн мэднэ. Гэхдээ энэ удаадаа өнөөдрийн баяраа ханатал мэдрээдэхье, тэгэх үү. Сүүлийн хэдэн сард “Парис Сэн Жэрмэйн” тэс өөр шатанд гарч, гайхамшигтай сайн тоглож буйг л хэлье” хэмээн Артета өгүүлсэн юм.
 


Шөвгийн дөрөвт шалгарахдаа Италийн “Интер” нийлбэр дүнгээр 4:3-аар Германы “Байерн Мюнхен”-ийг давлаа. Цагтаа Мюнхений клубт тоглож байсан франц хамгаалагч Бенжамин Павар нэг гоол оруулсан. “Одоо бид нэгэнтээ маш дээр гараад ирчихсэн учир хүсэл зорилгодоо зааг тавихгүй. Үргэлжлүүлээд л баймаар байна” хэмээн Павар өгүүлжээ.

“Интер”-ийн дасгалжуулагч Симоне Инзаги “Байерн” хоёр тоглолтод маш сайн байлаа. Гэвч ямар ч үнээр хамаагүй дараагийн шатанд гарах гэсэн багтай тэд туллаа. Өөрийгөө хайрлалгүй тоглож байж л “Байерн”-ыг хожих боломжтой. Тэд үүнээс өмнө дөрвөн удаа “Сан Сиро”-д ирэхдээ бүгдэд нь хожсон байлаа. Бид шөвгийн дөрөвт шалгарсандаа баяртай байна” гэжээ.
 


Харин Аваргуудын лигийг шөвгийн наймаар өндөрлүүлсэн дасгалжуулагч Венсан Компани “Хөлбөмбөгт бүхнийг жижиг хэсгүүд шийддэг. Тэдний хүчтэй талыг мэдэж байлаа. Бид ч гэсэн аюултай байж, гоолын боломжууд үүсгэж байлаа. Одоо Мюнхений финал бидэнгүйгээр болох нь. Гэвч дахиад таван сарын дараа эргээд Аваргуудын лиг эхэлнэ шүү дээ. Хөмбөмбөг бол ийм л юм. Мэдээж, хасагдсандаа харамсана. Бидэнд боломж ч байлаа” хэмээн өгүүлсэн байна.
 


Тэгвэл Харри Кейн “Хоёр тоглолтод хожиход хангалттай боломжууд гарсан. Стандартаас хоёр гоол алдлаа. Энэ бол ийм дээгүүр шатны тоглолтод гэмт хэрэг гэсэн үг л дээ. Хожилд уг нь их ойрхон очлоо. “Интер” боломжоо илүү дээр ашигласан тулдаа хожлоо. Бид ямар ч багийг хожиж чадах ч гэлээ хөлбөмбөг өөрөө ийм зүйл. Одоо Бундеслигт түрүүлээд, улирлыг амжилттай өндөрлүүлэх хэрэгтэй” гэж өгүүлжээ.
 


Энэ хожигдол Томас Мюллерийн хувьд бол “Байерн”-ы төлөөх Аваргуудын лигийн сүүлчийн тоглолт болж таарав. Ирэх зун унаган багаасаа явахаа зарласан тэрбээр “Сэтгэл санаа тааруухан байна. Би чадах бүхнээ л хийлээ. Бидэнтэй тулахаасаа өмнө Аваргуудын лигт ердөө хоёрхон л гоол алдсан Италийн хамгийн хүчтэй багтай туллаа. Мюнхений финалд биднийг харна гэж итгэсэн фанатуудаа бодохоор харамсаад байх юм. Гэвч Аваргуудын лиг гэдэг хүссэнээр болдог эд биш л дээ” хэмээжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.95) 2025 оны 04 сарын 18

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна

0  |  0
Зочин(59.153.115.25) 2025 оны 04 сарын 17

Түрүүний бөөс нтр хха псжиг дахин буулгаж бна авна нийлбэр дүн 6:1р шүү

0  |  0
Зочин(66.181.166.196) 2025 оны 04 сарын 17

Арсеналын хувьд ч түрүйний бөөс толгойд гарах гээч л болж байх шиг, их ч хөөрцөглөцгөөж байна, ер нь л аварга болчихлоо гэж байх шиг, ПСЖ-д бүдэрчих вий дээ

0  |  1
Close menu