“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23


2021 онд Испанийн “Реал Мадрид”-д буцан очсон Карло Анчелотти 2026 оны зун хүртэл гэрээтэй. Гэвч түүнийг энэ улирлын тааруухан дүнгээс шалтгаалан халж, оронд нь Шаби Алонсог Германы “Байер Леверкузен”-ээс авчирна гэсэн мэдээ тараад хэд хонолоо.

Анчелотти энэ хугацаанд дуугараагүй бол Шаби Алонсог хүссэн цагт нь хуучин баг руу илгээх жентельмэний гэрээтэй гэдгээ “Байер”-ын удирдлага мэдэгдээд амжсан.

65 настай Карло Анчелотти бол Аваргуудын лигийн цомыг таван удаа өргөсөн ганц дасгалжуулагч төдийгүй Европын ТОП 5 лигт бүгдэд нь түрүүлсэн мөн ганц нь.
 


Бразилын шигшээ ДАШТ-ий урьдчилсан хэсэгт Аргентины шигшээд 4:1-ээр хожигдсоны дараагаар дасгалжуулагч Доривалыг тэр даруй халсан. Түүний оронд Карло Анчелоттиг очно гэх яриа гарсан юм. Ялангуяа “Реал Мадрид” түүнийг халвал энэ яриа үнэн болох магадлал улам нэмэгдэх шинжтэй байгаа.

“Реал Мадрид”-ын хувьд Ла лигт “Барселона”-гаас 7 оноо дутуу, аман хүзүүнд явна. Гэхдээ Каталоны клубээс нэг тоглолт мөн дутуу юм. Лиг өндөрлөтөл дахиад зургаан тойрог байна.

Аваргуудын лигийн хувьд бол шөвгийн наймд Английн “Арсенал”-д хоёр дараалж хожигдоод хасагдчихсан. Килиан Мбаппэг “Парис Сэн Жэрмэйн”-ээс авчирсан хэрнээ амжилтгүй байгаа нь клубын удирдлагад итали дасгалжуулагчийг халах, залуу хүч Шаби Алонсогоор солих бодлыг төрүүлсэн байх талтай гэнэ.
 


Тэгвэл Карло Анчелотти өөрийнх нь талаарх мэдээнүүдийг уншаад дуугүй сууя гэлгүй энэ талаар ам нээжээ. “Энд байх таалагддаг учраас аль болох удахсан гэж би хүсэж байна. Миний хувьд бал сар үргэлжилсэн хэвээр гэж хэлж болно. Би жаргалтай, сэтгэл дүүрэн яваа. Мэдээж, дарамт их. Гэхдээ улирлын энэ хэсэгт дарамт дандаа л байдаг шүү дээ.

Хүндхэн улирал болж буй ч гэлээ миний хувьд өөдрөг байгаа гэдгийг клубын удирдлага мэднэ. Стресс гэдэг бол өөрөө шатахуун юм. Энэ шатахуунаар би эрч хүчээ цэнэглэнэ. Нөхцөл байдал арай дээр байж болох байсан нь үнэн. Гэвч улирлын төгсгөлд бидний сэтгэл сэргэнэ гэж бодож байна” хэмээн Анчелотти өгүүлжээ.

Ирэх бямба гаригт Испанийн цомын финалд “Барселона”-тай тоглоно. Энэ талаар бодлоо хэлэхдээ “Хоёр баг хоёулаа л хожих гэж очно. Бидний хувьд хожих л үүрэгтэй. Харин хожихын тулд зарим нэг зүйлийг өөрчлөх ёстой бололтой” хэмээн Анчелотти өгүүлжээ.

Карло Анчелотти олон клубыг дасгалжуулсан ч гэлээ шигшээ багийг удирдсан удаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu