Сайхан анд минь, сайргүй хөөрхөн хөл минь...

2025 оны 05 сарын 31

Тэр бид хоёр... Хөлийнхөө хурууг хөхчихсөн сууж байдаг гэж эмээ ярьдаг сан. Тэр бид хоёр тийм л жаахнаасаа... Эрвээхэй хөөж цугтаа, азаргана дээр гишгэж алгандаа шивээ шаалгаад уйлахдаа ч хамтдаа... Айлын нохойноос айж гүйхдээ ч цугтаа... Тэр бид хоёр... Номхон морины дөрөөнд дөрөөлж, саахалтын айлуудаа хэсэхдээ ч хамтдаа...

-Унтаж хоцорсон хургаа эрж , цахилдагийн бут тоолон гүйхдээ ч хамтдаа, унага уралдсан ногоон талдаа алчуур хийсгэн чавхдахдаа ч цугтаа.

-Уншиж сураад номын санд сууж байхдаа ч цугтаа.

-Улаан, хөх будгийн харандаагаар зураг зурахдаа ч хамтдаа

...Далан жил гэх урт ч биш, бас богино ч биш хугацаанд бүжиг наадамд цугтаа. Бүхий олноо дуулж, бөмбөр нижигнүүлэхдээ ч цугтаа.  

-Москва, Токио, Пхеньяны гудамжаараа гайхаж алхахдаа ч цугтаа...

Нил мөрний усан онгоц дээр танц эргэхдээ ч цугтаа

Нэг ч мөч би чамайг, чи намайг орхисонгүй ээ

-Ай хөөрхий АХИАД баахан хамт алхана аа. Бардамхан ихэмсэг явсан бол чиний л ач, Баярлаж, хөөрч, уйлж дуулж явахдаа ч хамтдаа... Одоо чамайг шар тосоор илье. Орчлонд ороогүй хот, татаагүй хаалга, олоогүй эрдэнэс зөндөө байна. Учраагүй амраг, уулзаагүй нөхөд ч олон байна. Алзахгүй дээ гэж аргадъя. Амгай зуузай шаргиулан айл хэснэ гэж мөрөөдье. Сайхан анд минь, сайргүй хөөрхөн хөл минь...

Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu