МИАТ | "Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

МИАТ ТӨХК нь “Бойнг” 787-9 холын зайны, өргөн биетэй, 292 суудалтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан, түлшинд хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн онгоцыг 2023 оноос нислэг үйлдвэрлэлд ашиглаж ирсэн юм. Агаарын хөлгийг гурван жилд нэг удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд оруулдаг. Энэ дагуу МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер техникийн ажилтнууд  Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа. Ингэснээр МИАТ-ийн АХЗҮГ өмнө нь жижиг онгоц,  нарийн биетэй агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийдэг байсан бол цаашид өргөн биетэй том онгоцны засвар үйлчилгээг хийх, орлогоо нэмэгдүүлэх  боломж нээгдэж байна. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер  Ц.Очирбат нараас тодрууллаа.

 

 

Т.Тэлмэн: Манай компани болон инженер техникийн ажилтнууд олон улсад өрсөлдөхүйц  болсныг илтгэж байна

/МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал/

-МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар өргөн биетэй том онгоцыг засвар үйлчилгээнд оруулснаар цаашид ямар давуу тал бий болох вэ?

-МИАТ ТӨХК нь “Бойнг” компанийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн 787-9 Дримлайнер өргөн биетэй агаарын хөлгийг 2023 оноос хойш нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ агаарын хөлгийг бид Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд МИАТ компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд нийт 4000 цаг ажиллаж, Монгол Улсад анх удаа өргөн биетэй агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг  амжилттай хийлээ. Энэ бол манай ажилтан, алба хаагчдын болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж  байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гадны  авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх  чадвартай болсныг илтгэж байна. Үүнд компанийн удирдлагын зүгээс баяртай байна.

 

 

Ц.Очирбат:Анх удаа өргөн биетэй том онгоцонд засвар үйлчилгээ хийж, шинэ зүйлд суралцлаа

/Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер/

-Танай хамт олон “Бойнг” 787-9 агаарын хөлөгт анхны том засвар үйлчилгээг хийжээ. Хүнд  хэцүү зүйлүүд байв уу?

-787-9 Дримлайнер агаарын хөлөгт  гурван жилд нэг удаа хийгддэг  хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг  20-иод хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ажлын явц сайн байна. Өргөн биетэй энэхүү онгоц нь анх удаа засварт орж байгаагаараа онцлогтой. Тиймээс  засварын явцад мэдэхгүй зүйлүүд  гарч ирж байсан. Гэсэн ч бид засварын ажлыг амжилттай хийж чадлаа.

Одоо манай агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь  Чэжү Эйр,  Korean Air-ийн  жижиг онгоц,  их төлөв 737  буюу нарийн биет  онгоцнуудын  засвар үйлчилгээг хийдэг. 787-9 Драймлайнер агаарын хөлгийн  засвар үйлчилгээ амжилттай болсноор  цаашид өргөн биетэй \widebody\ онгоцуудын  засвар үйлчилгээг хийх боломжтой болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top