ШХАБ | МОНГОЛ | Товч зураглал

Б.Сэцэн | Zindaa.mn
18 минутын өмнө

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Киргизийн нийслэл Бишкек хотноо болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр ШХАБ-ын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Тэрээр уг хуралдаанд оролцох үеэрээ “ШХАБ нь хэлэлцээний байгууллагаас хэрэгжилтийн байгууллага болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг тодотгосон.

Ер нь ШХАБ л гээд байгаа болохоос чухам ямар учиртай байгууллага, манай статус чухам ямар байгаа талаар та бүхэнд товч зураглан хүргэе.

Монголыг хүрээлсэн ШХАБ

Хоёр их гүрний дунд оршдогийг нь харсан ч бид “Шанхайн тав”-ыг үүтгэсэн улсуудын дунд “амьдарч” байна. Энэ байгууллагад манай улс 2004 онд Ташкентын уулзалтаар  ажиглагчийн статустай болсон. Чухамдаа энэ байгууллагад ажиглагчийн статустай болсон анхны улс нь Монгол юм. Гэвч ШХАБ бидэнд шинэ юм биш ээ. Сошиалд шүлсээ үсчүүлдэг, хилийн цаанаас монголоо гоочилдог, дэвшинэ гэж санаад цээжээ дэлдэгсдийн басдаг шиг бид ч бас яадгаа алдчихсан үндэстэн биш аж. Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улсын харилцааны хүрээлэн энэ талын судалгааг сүүлийн 15 жил тогтмол хийж байгаа юм. Ингэж судлахаас ч аргагүй нэг талаас хавх гэж хараад тоохгүй орхивол хавханд нь орох учраас айдаг зүйлээ мэддэг байх ёстой. Ерөөс хүн төрөлхтөн мэддэггүй зүйлээсээ айдаг гэмтэй. Ингэж судлахгүй байхаас ч аргагүй. БНХАУ-тай бид 4780 км, ОХУ-тай 3485 км хиллэдгийн хувьд хоёр гүрний ашиг сонирхлыг гадарлаж байж тэсэж үлдэнэ. Тиймээс бид ШХАБ-ыг хадны мангаа гэж түлхээгүй юм. Хамгийн тэргүүнд манай улс үүнийг хоёр улстай харилцах маш том боломж гэж харсан. Хоёр том гүрэнтэй хийх хэлэлцээгээ ШХАБ-тай уяж чадвал амжилтад хүрэх юм байна гэж сэтгэсэн. Гэхдээ үүнийг бид дипломат арга хэрэгсэл болгосоор ирсэн. Нэг ёсондоо мөнхийн хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзаж, нүүр нүүрээ харалцах "алтан боломж" тул ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр хөршийн төрийн тэргүүнтэй, манай улсын төрийн тэрүүн уулздаг юм. Энэ жилийн уулзалтаар ч мөн хоёр талт уулзалт амжилттай зохион байгуулсан.

Нэг зүйлийг тодотгоход Монгол Улс ШХАБ-ын бодлого, итгэлцэл нэмэх тал дээр хийх санаачилгуудыг бүрэн дэмжинэ гэсэн байр суурьтай байсан, одоо ч энэ байр суурь дээрээ байна.

ШХАБ ба Монгол

Тажикистаны нийслэл Душанбе хот. 2014 оны есдүгээр сар. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын анхны уулзалт болов. Энэ уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалытн чиглэлээр санал солилцсон. Угтаа супер гүрнүүдийн талбарт нэгдэх хүсэлтэй Монгол Улс мөнгө, хүч ихтэй хоёр хөршөөсөө бүс нутагаа хамарсан томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь энэ. Хоёр их гүрэн юу гэж асуусан гээч? ШХАБ-д жинхлэх үү гэж. Есөн жил ажиглагч байсан Монгол Улсыг БНХАУ, ОХУ-ын оройлон оролцдог ШХАБ-д жинхлэх байр суурь байна уу гэж асуусан нь хувь заяаны егөөдөл гэлтэй. Тухайн үед төвийг сахих үзэл баримтлалаа танилцуулаад байсан Монгол Улс эелдэгхэнээр татгалзаад ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байр суурийг нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнийхээ хариуд эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Гэхдээ өдийг хүртэл гурван улсын эдийн засгийн коридор гараанаас гараагүйг ШХАБ-д элсэх байр суурьтай холбон ойлгож болох талтай.

Жич: Эдийн засгийн коридор нь Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн коридор” гэсэн гурван улсын хөтөлбөртэй уялдуулсан нэгдсэн ойлголт бөгөөд зам тээвэр, аж үйлдвэр, хорио цээр, шинжлэх ухаан, боловсол, технологийн салбарын 32 төсөл багтсан байна.

“Шанхайн тав”

БНХАУ-ын Шанхай хот. 1996 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр. Чухам энэ газар, энэ өдөр БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Киргизстан гэх таван улс долоон мянган км үргэлжлэх хилийн тэрхэн зурваст итгэлээ бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Шалтгаан нь мэдээж хэрэг хилийн зурваст итгэлцэл бий болгоход байж. Гэвч цаад учир шалтгаан нь чухам юу юм бэ гэх асуудал гарч ирнэ. Социалист цагт ч системийн хувьд маргаантай байсан энэ хоёр улс 1970-аад оноос эрх ашгаа нэгтгэж эхэлсэн нь “Шанхайн тав”-ыг байгуулахад ихээхэн нэмэр болов. Систем бүхэлдээ задран унасан ч энэ хоёр улсын эрх ашиг айхтар нэгдэж байсан нь түүхэн үнэн. Их Британийн алдарт “The Guardian” сонины тодорхойлсноор “АНУ”-аас айх айдас нь “Шанхайн тав”-ыг үүтгэхэд нөлөөлжээ.

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО дорно зүг рүү чиглэх ёстой гэдэг дээр өрнөдийн ихэнх улсууд хүлээн зөвшөөрч байлаа. ОХУ гэдэг улс хаалттай нийгмээ нээчихсэн байгаа тул ашиг сонирхлын зөрчил үүссэн нь энэ юм. Нэгэн цагт ув улаан хүчирхэг систем байсан Оросууд ч НАТО гэх залуургүй завинаас аж байсан хэрэг. Чеченийн дайн гэдэг нь системгүй улсын хийдэг эд биш гэдгийг нотолж барууны тулгалтад буланд шахагдаад байсан энэ улсад “хуучных” гэх нэг зүйл үгүйлэгдэж байлаа. НАТО дорно руу тэлэх нь Хятадууд ч ашиггүй. Өөрчлөн байгуулалтын салхинаас мөр бүтэн үлдэж чадсан энэ улс дахиад хэдэн арван жил энэ системээ хадгалахыг хүснэ. Шалтаг гэвэл энэ.

Шалтаг нь НАТО байсан тул хилийн бүсдээ итгэлцлээ нэмэх нь шалтгаан байжээ.

Улмаар “Шанхайн тав” бий болсноос ердөө нэг жил хүрэхгүй хугацааны дараа 1997 онд ОХУ-БНХАУ-ын хамтарсан тунхаглал батлагдав. Энэ тунхаглалд хоёр улс стратегийн түншлэлээ хөгжүүлж, олон туйлт ертөнц бий болгохын төлөө хамтран тэмцэнэ гэж дурдсан байдаг билээ. Тунхаглал батлагдсанаас хойш гурван жил дараалан ШХАБ хуралдахдаа нэг л бодлого баримталж ирсэн. Алматы хотод 1998 онд, 1999 онд Бишкект, 2000 онд Душанбе-д хуралдахдаа “хүмүүнлэг, хүний эрхийн эсрэг цэргийн аливаа интервенцийг нэгтгэн хамгаалах”, “хүний эрхийг хамгаалахын тулд нэгдэх”, “гишүүн улсуудынхаа газар нутаг, нийгэм, тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлыг хамгаалах” гэдгийг л тунхгийн хүрээнд тодорхойлсоор иржээ.

Эдгээрийг харахдаа бид зөвхөн гадна талаас нь ажиглагчийн байр сууриас хандаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхлан энэ байгууллага байгуулахад л ОХУ Монголчуудыг татан оролцуулах бодлоготой, ил далд олон хэлбэрээр шаардаж байлаа.

ШХАБ одоо цагт

Шанхайн тав гэж “өхөөрдүүлж” нэрлээд удаагүй байтал энэ байгууллага гишүүн улсуудынхаа тоог нэмж эхэллээ. Энэ болтол ШХАБ зөвхөн таван улс жилдээ нэг уулзаад итгэлцлээ хэрхэн сэргээх вэ, НАТО-гийн бодлого аль зүг рүү хандаж байна вэ гэдгийг тодорхойлдог байлаа. Гэвч шинэ мянгантай мэндлээд жил ч хүрээгүй байхад “Шанхайн тав” маань зургуулаа болох нь тэр. Дээр дурдсан таван улс дээр нэмэгдээд жил хагасын хугацаанд ятган, сэнхрүүлсний дүнд Узбекуудыг эгнээндээ нэгтгэв.

Узбекийг нэгтгээд зургуулаа болсны дараа дээрх байгууллага зөвхөн цэргийн интервенцийн эсрэг, хилийн зурвасаа хамгаалах бодлогоо худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалттай уях болсон юм. Тэд гишүүн улсуудтайгаа дипломат харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарах болжээ. Улмаар 2002 оны зургаадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон ШХАБ-ын ээлжит хуралдаанаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд эрс өөрчлөлт хийжээ.

"Шанхайн тав" одоо бүрэн эрхт 11 гишүүн, ажиглагчийн статустай цор ганц /Монгол Улс/-тай.

Эрс өөрчлөлт хийснээс гурван жилийн дараа 2005 онд болсон ээлжит хурал бүс нутгийн шинж чанартай томоохон уулзалт болж хувирав. Энэ жил тэд зөвхөн гишүүн улсуудаасаа гадна Энэтхэг, Иран, Монгол, Пакистаныг анх удаагаа урьж оролцуулав. Бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин, эдийн засгийн чиг хандлага, мэдээллийн технологи гэсэн чиглэлээр хэлэлцүүлгийн хүрээгээ тодорхойлсноос харвал чухам хаашаа чиглээд байгаа нь үндсэндээ тодорхой болсныг харж болохоор байна.

Бүс нутгийн шинж чанартай болсон энэ байгууллага 2007 онд гишүүн болон ажиглагчийн статустай улс орнуудтай баримтлах бодлогоо илүү лавшруулжээ. Харах өнцөг нь харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, батлан хамгаалах, гадаад бодлого, эдийн засаг, соёл, банк санхүүгийн нягт харилцаа болж тэлсэн байна.

Алгуур хараагаа тэлж, амбицаа нэмэгдүүлж буй энэ байгууллагад Узбекууд нэгдсэнээс хойш 2017 оны зургаадугаар сарын 09-ний өдөр Энэтхэг, Пакистан улс нэгэн зэрэг гишүүнээр элсчээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг анхлан үүтгэсэн ОХУ ч, БНХАУ ч Ираныг олон жил ятгасаар ирсэн. Иран ч тэр даруй 2008 оны гуравдугаар сарын 24-ний өдөр бүрэн эрхт гишүүнээр элсэх материалаа өгөв. Гэвч олон улсын харилцааны хэм хэмжээ гэх зүйл “чөдөр” болж эхэллээ. НҮБ болон Европын холбоо, АНУ гэх эрх мэдэлтэй улсуудаас тогтоосон тодорхой хэмжээний хариу арга хэмжээ нь гишүүн болгоход саад болж эхлэв. Ингэж “зовлон” туулсаар 2023 оны долоодугаар сарын 4-нд бүрэн эрхт гишүүн болсон. Ирээдүйд ОХУ-тай “холбооны нэгдсэн улс” байгуулах “амбицтай” Беларусь улс хамгийн сүүлд 2024 оны энэ өдөр гишүүнээр элссэн.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top