МАН-ын непотизмын дараагийн АНГИ

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

Удирдах зөвлөлөө давсан ч уран сайхны зөвлөлөө давах гэж нажидаа эдэлсэн нэг дүр ийнхүү сайдын суудалдаа тухлав. Үе дамжин улирах отго жинс лугаа адил эрх мэдлийг шилжүүлэн тоглодог Ардын намын непотизм ийнхүү дараагийн ангидаа шилжлээ. Анги шилжих мөчид “байлдаж тоглосон” хуулийн салбарт цэгцлэх олон зүйл байгааг эрх биш Г.Тэмүүлэн мэдэж байгаа байх. Хувь заяаны шоглоомоор хуулийн шинэхэн сайдын аав нь шүүхээр шийтгүүлж байсан түүхтэй. Аав Ч.Ганзориг нь “Жаст”-ын Ш.Батхүүтэй хамт олон тэрбумын хэрэгт холбогдон “Эрдэнэт”-ийг тавиад туух гэж байсан бараан сүүдэртэй. Шүүхээс аав нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Ш.Батхүүд давуу байдал бий болгон, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэм буруутайд тооцож 14 сая төгрөгийн хорих яв авсан. Уг нь 257.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үүсээд хэвлэлээр бөөн юм болж байвдаа. Тэгсгээд хэрэг нь замхарсан. Гэвч Г.Тэмүүлэн хүүгийнх нь замнал пуужиндах гээд байдаг. Аавынх нь үүсгэсэн хэрэг нь бул хар чулуу болчихоод байсан нь нууц биш. Үе, үеийн Засгийн газарт сайдаар яригддаг ч крандуулж байгаагүй. Засаг гурвантаа, хуулийн салбар нь тавантаа сайдаа солиод байхад түүний нэр яригдаж л байлаа. Ерөнхий сайд болох субъектийг налж, наалдаад байхгүй ч ёворч түлхээд байгаагүй дүр. Удирдах зөвлөлийнх нь тодорхойлсноор гурван удаа гишүүнээр сонгогдсон туршлагатай болохоор түүнийг сайдад дэвшүүлсэн. Дэвшүүлээд сонгосон.

Анги шилжих мөчид “байлдаж тоглосон” хуулийн салбарт цэгцлэх олон зүйл байгааг эрх биш Г.Тэмүүлэн мэдэж байгаа байх.

Ардын намын генсек түүнийг томилж байгаа нь олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэжсэнтэй холбоотой гэж тайлбарласан. Яг энэ утгаар нь харвал “Оюутолгой”-н хэлэлцээг үр дүнд хүргэх, хамгийн гол нь алаагүй баавгайн арьсыг хуваагаад 2027 оны төсвийг бүрдүүлнэ гэж тооцсон учраас ногдол ашгийг зөв зүйтэй зарцуулах, өгөөжийг нэмэгдүүлэхэд түүний ур чадвар хэрэгтэй байж мэднэ. Залгаад “Орано”-той байгуулах гэрээг эцсийн мөчид үр дүнтэй болгох нь үүргийг намын генсек нь түүнд оноочихсон.

Анги солигдох үест байлдаж тоглосон хууль, шүүхийн байгууллагын асуудал байна. Чухамдаа саатай мөрдөс горьдож, генерал болох донтой хүмүүсийн байлдаж тоглодог асуудлыг хуулийн сайдын хувьд тэр шийдвэрлэх ёстой. Магадгүй “дублёр” байж болох ч дэгтэй, дүрэмтэй байх нь хамгаас чухал болчхоод байна. Хуулийн өмнөх сайдынх нь хэлсэн илт гэмт хэргийн шинжтэй асуудалд онцгойлон анхаарал хандуулах ёстой. Үнэхээр эрх мэдлийг хуримтлуулаад “шоронг босгох” гэж байсан бол заавал хариуцлагын асуудал яригдана. Олон генералуудад аудит оруулах ёстой. Оруулж байж эрх мэдлээ зөрчсөн, хууль зөрчсөн гэдгийг нь шалгаад, хэрэв үнэхээр гэм буруутай бол генерал цолыг нь хураах ёстой.

Хэлэлцэж, батлуулах ёстой маш чухал нэг хууль бийг сануулъя. Тэр нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль. Энэ хуулийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 2025 оны тавдугаар сард өргөн мэдүүлж байлаа. Үүнээс хойш засаг хоёронтоо томилогдсон ч хуулийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байна. Батлагдахаа хүлээж буй энэ хууль энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ.

Энэхүү хуулиар гэм бурууг заавал нотлох шаардлагагүй. Энэ нь тухайн албан тушаалтныг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр заавал тогтоохыг шаардахгүй. Хөрөнгө өөрөө хууль ёсны эх үүсвэртэй байх ёстой. Энгийн иргэний эсвэл эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч/прокурор тухайн хэргийг нотлох ёстой байдаг бол энэ тохиолдолд албан тушаалтан өөрөө тухайн хөрөнгө, орлогоо хууль ёсны эх үүсвэрээр бий  болгосноо шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ. АТГ болон Прокурорын байгууллага төрийг төлөөлөн шүүхэд иргэний нэмэхжлэл гаргана. Тухайн албан тушаалтны бодит орлого, ХОМ-ээс илт хэтэрсэн, хууль ёсны эх үүсвэрийг нь тайлбарлаж, нотолж, чадахгүй байгаа аливаа хөрөнгө, мөнгө, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, ашиг сонирхол хамаарна. Хууль бус хөрөнгийг гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд, эсхүл хамааралгүй бусад этгээдийн нэр дээр шилжүүлэн завшиж, ашиглаж байгаа бол тэгээд хөрөнгөийг мөн нэхэмжлэн улсын орлого болгох боломжтой.

“Сэлэм Тогмид” шиг бус төрийн хар хүн, хуулийн салбарын сайдын дүрээ олох нь л непотизмын дараагийн ангийн гол имиж байж мэдэх юм.

Эх хөрөнгө нь үрэгдсэн, шилжсэн, бусдад борлуулагдсан тохиолдолд түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн болон бусад хөрөнгөөс нь нөхөн төлүүлнэ. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл сэжигтэн/яллагдагч нас баран зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон дохиолдолд ч ирэний журмаар хөрөнгийг нэмэхлэн авч болдог байхаар зохицуулжээ.

Хуулийн шинэ сайд эхлээд салбартаа реформ хийх ёстой. Тэгж байж “бяртай” болно. Дараа нь гурван засаг, таван хуулийн сайд дамнан дуншиж байгаа Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийг батлуулах их ажил бий. Намрын чуулгандаа амжаад батлуулчихвал 2028 ондоо гортигноос гадуур үлдэхгүй байх боломжоо хангана. Сэлэмний ир, жадны үзүүр байхынхаа оронд хуулийн салбарын ажлаа л хийдэг байх ёстой. Тэгэхгүй бол дотоод хянан байцаах хороо гэдэг шиг “чекистийн дүр”-д тоглоод мөрдөн, шалгах ажиллагаа хийгээд явдаг хэлтгий байдал тогтчихсон. “Сэлэм Тогмид” шиг бус төрийн хар хүн, хуулийн салбарын сайдын дүрээ олох нь л непотизмын дараагийн ангийн гол имиж байж мэдэх юм.

Үгийн тайлбар: Непотизм гэдэг нь итали хэлний “непоте” буюу “ач хүү” гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр томъёо нь дундаж зууны болон сэргэн мандлын үеийн католик шашны папууд, хамбатнууд эрх мэдлээ ашиглан өөрийн үр хүүхэд, ач зээгээ албан тушаалд томилдогтой холбоотойгоор үүссэн нэршил.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top