Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ. Энэ талаар "Пома групп"-ийн Монгол дахь төслийн менежер Алексис Грессел “Кабелийн замын угсралтын үндсэн хэсэг болон механик угсралтын ажил үндсэндээ дууссан. Тодруулбал, кабелийн замын тулгуур цамхаг, станц, гаражийн байгууламжийг суурилуулж дуусаад одоогийн байдлаар цахилгааны системийг ажиллуулах, эхлүүлэх болон системийн туршилтын дараагийн үе шат руу шилжихэд бэлэн болж байна. Харин 9, 10 дугаар сард кабелийн замын системтэй холбоотой аюулгүй байдлын шалгалтыг үе шаттайгаар хийх бөгөөд эдгээр нь системийг бүрэн ашиглалтад оруулахаас өмнөх зайлшгүй хийгдэх туршилт, шалгалтууд юм.

Барилгын хувьд, үндсэн ажлуудынхаа ихэнхийг дуусгасан. Бетон цутгалт, фасад суурилуулалтын ажил дуусах шатандаа орсон. Одоо барилгын дотор болон гадна талын өнгөлгөө хийгдэж байгаа бөгөөд үүнд будаг, цонх, хаалга суурилуулах зэрэг дотоод заслын ажил багтаж байна.
Кабинуудыг Францаас тээвэрлэн авчирсан. Энэхүү төсөл нийт 98 кабинтай учраас Францаас Монголд тээвэрлэхэд нэлээд олон контейнер шаардлагатай болсон. Кабинуудыг эхлээд түр хадгалах талбайд байрлуулж, дараа нь барилгын талбайд авчран тус тусын эд ангиудыг угсарч, одоо өлгүүр болон хавчаар буюу grip-ийн хамт бүрэн угсарч дуусган гараж дотор байрлуулсан.

Кабелийн замын системийн бүх үндсэн хэсэг угсрагдаж дууссан тул бид туршилтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Одоогоор хамгийн түрүүнд хүлээж байгаа зүйл бол үндсэн цахилгаан сүлжээнд холбох ажил юм. Өөрөөр хэлбэл, барилгын болон кабелийн замын системийг үндсэн цахилгаан хангамжтай холбож, шаардлагатай цахилгааны тэжээлийг авсны дараа системийн эхний туршилтуудыг эхлүүлэх боломжтой болно. Энэхүү холболт ойролцоогоор нэгээс хоёр долоо хоногийн дотор хийгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд цахилгаан тэжээлээ авсны дараа эхний туршилтын үе шатыг эхлүүлэхэд тодорхой хугацаа шаардагдана” гэв.

Дүүжин замын тээврийг Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй бөгөөд 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Зорчигчдыг тус чиглэлд 22 км цагийн хурдтайгаар 11 минутын хугацаанд хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )