Эртний монгол овог аймгийн нэрээр нэрлэгдсэн өвс ургамал, газар нутаг бишгүйдээ л нэг байдаг. Манай сумын төвийн баруун талын налгар сайхан өндөр уулыг Шивээт гэнэ. Элбэг ургадаг өвс ургамлаар нь нэрлэсэн үү? Эсвэл хорин зууны тэртээ шивээ хэмээх монгол аймгийнхны нутаг байсны гэрч үү хэмээн цааш бодол минь хөвөрнө.
Энүүхэн Орхон голын минь эхээд зэргэлдээх сумын нутаг дэвсгэр болох Тэмээн чулуутын амны адгийн хэдэн буган хөшөөг МЭӨ VI-VII зууны Түрэгийн дурсгал гэж номлох атал тэдний эдүгээгийн хойч үе Европ хэмээх тивд одоо тусгаар улс байх агаад биднээс хавьгүй өндөр хөгжжээ. Тэд өвөг дээдсийн минь соёлын дурсгалд очих аялал жуулчлалын зам хэмээн Эрдэнэ зуугаас Хөшөө Цайдам хүртэл хорин найман километр газар засмал зам өөрийнхөө хөрөнгөөр тавьчихаад зундаа элэг нэгтнээ жуулчлуулж "эх түүхийн маань өв" хэмээн адислуулж байх юм. Бид болохоор түүнийг хүний нутгийн газар юм шиг эртний Түрэгийн хөшөө гээд л паг шүү дээ… Уг нь миний нутаг, орон улсын минь түүхийн улбаа ийн энэ орчлонгийн амьдралтай холбогддог дэлхийн соёл ажгуу.
Шивээт уулыг тойрсон найман сайхан булаг бий. Түүний нэг нь Хужиртын минь Шар булаг билээ. Зүүн хойшоо харсан мухар амны эхнээс урсах Шар булгийн адагт нэгэн шавар тагз, аргал шиг хэдэн хар гэрийн сүрийг дарна. Түүнийг Буянзаяа наймааных гэнэ. Хүмүүс тэр Буянзаяа гэгчийг наймаа хүн, дотор хүн гэх нь угтаа хятад хүн гэсэн санаатай дам үг бололтой. Мөн чанартаа гуулин, эсвэл наран үндэстэн байсан ч юм билүү? Хэн мэдсэн юм бэ?
Намайг бага байхад Улаандай наймаа гэж "номун номон тойпу" гээд юм уншдаг, хар морь унаж явдаг, их өндөр настай өвгөн, бас хятад Төмөр гээд хөгшин их үзэгддэг байсан. Хожим мэдвэл наран хүмүүс байсан юм билээ. Ядуу зүдүү ганц бие эмс нэн олон тэр үед гарсан бутчууд ихэнхдээ хоноц тэд нарынх гэдгийг гагцхүү төрүүлсэн эх нь мэдэхээс өөр хэн ч үл мэднэ. Тэгсэн ч гэлээ өр нимгэн тэр эмс "гараасаа хөтлөх үр заяасан бурхан" хэмээн тэднийг хүний ёсоор хайрлаж сэтгэл зүрхэндээ олноос нууцлан оршооно. Ороод ирэхэд нь хүний сайхан сэтгэлээр хандаж, хоноод явахад нь хорвоогийн гунигаа тайлаад хоцорно. Дайны үед төрсөн нутгийн царайлаг хүүхнүүдийн сор нь тэд нарын хүүхдүүд гэдэг билээ. Харь холын хэл буруутан цагаач ч гэлээ хүүхдийн эцгүүд тэд холыг харсан нүнжигтэй байсан гэдэг.
Манай нутгийнхан тэр Буянзаяа наймаа гэгчээ гуйлгачин түүлэгчнээр нь дуудаж муу хэлж байхаас биш, хэзээ, хаанаас хүрч ирж суурьшсанг нэхэн үгүйлэх хүн огт үгүй ээ! Үнэндээ Буянзаяа наймаа хэнээс ч юу ч гуйж байсан удаагүй. "Үхлээ, хатлаа" гээд эм тан гуйж ирсэнд нь өгсөн эм тан нь аминд нь орно. Таньдаг хүмүүсийнх нь гуйсан болгон нь тэднийд байдаг нь ёстой л хүслийн уурхай болсон тэр айлыг би биширдэг юм. Тэдний хөрөнгө зоорь, бэл бэнчинг хэмжиж хэн ч мэдэхгүй, тийн байтлаа түүнийг яагаад ад үзэж гуйлгачин түүлгэчин гэж харааж, алив юмны наад цаадахыг ойлгож мэдэхийг хүсдэггүй тэр хүмүүсийн бусдад атаа жөтөөрхсөн ааш авир, оросыг загас иддэг, хятадыг ногоо иддэг гэж өширхөж, сууринд амьдрагсдыг модоо барьсан гуйлгачид, мал мэдэхгүй хувхайнууд хэмээн зүхдэг нь дэндүү тэнэгтсэн мунхаглал болой. Малтай хүн гамшигт, мөнгөтэй хүн өрөнд сүйрдэг бол газартай хүн эрсдэлгүй амьдрах ухааныг тийм хүмүүс насандаа үл мэдэж намгийн мэлхий шиг вааглана. Ингэхэд манай нутгийнхан чинь буриад зон шиг ажилсаг, бусдад гайхуулах олхиотой билүү? Баруун түмнийхэн шиг ёс жаяг чанд, эв найртай билүү? Ажилсаг чанар, амьдралын ухаан сайтай билүү? Тэд нар шиг ороод ирсэн хүнд таних танихгүй, хөгшин хөвөө, дээр дор гэж ялгалгүй хүндэлж дайлж цайлж явуулдаг билүү?... Шороон зантай угтаж, шорон царайлаад гаргадаг биз дээ чааваас хөөрхий!
Буянзаяа наймааных арваад хүүхэдтэй, охид дийлэнх айл. Урин дулаан цагт Буянзаяа наймаа ногооныхоо газраас үл сална. Саалийн хэдэн үнээ, цөөн хэдэн хонь, ямаатай. Тэр нь эхнэрийнх нь үүрэгт ажил. Эхнэр нь Жанчив гэх орсон гарсан амьтныг цайлж дайлж байдаг их сайхан зантай, ажил сайтай авгай байх. Хүүхдүүд нь ээж аавынхаа завсрын ажил хийцгээнэ.Тэднийх намартаа өвс хадаад авчихна, өвөлдөө Шивээтээс хуурай мөчир зөөгөөд уул овоо шиг хураачихна. Харин нутгийнхан нь гэж залхаг залхуу нь дэндсэн, зугаа цэнгэл нь ихэдсэн, өөрсдийнх нь хэлдгээр "зулч, булдруунууд", одоогийнхоор бол нутгийн "баагийнууд" атаархахдаа "Хангайн өвс халиурч байхад өвс хаддаг мангар, Шивээтийн тэр их модноос очиж очиж мөчир түүдэг тэнэг, өвс ногоо иддэг гуйлгачин" хэмээн хэлэх нь юу ч биш.
Үг өдөж, ташуур гозогнуулсан ойворгон танхай сөөсгөрүүд, тарьсан ногоог нь зориуд сүйтгэдэг бэртэгчин хорлогчид зөндөө. Тэр бүхнийг Буянзаяа наймаа амандаа ус балгасан юм шиг чив чимээгүй өнгөрөөнө. Тэр ч байтугай өнөө "зулч булдруунууд"-ын дэггүй хүүхдүүд ч элэг барьж чулуугаар шидэх ч энүүхэнд. Буянзаяа наймаа хэнд ч ямар нэгэн гэм хор хийгээгүй нь үнэн. Тийн атал тэд юуны учир ийн тохуурхан элэг барьж дээрэлхэнэ вэ? Зөвхөн атаархал юм даа. Хэт ядуус, хэзээ ч үл нугарам туйлын харгис сэтгэлгээтэй байдаг аж. Тэдний атаархал өөрсөдтэйгөө хамт одно. Тэгээгүй цагт сүнс мэт оюунд нь шингэжээ. Хэрэв тэд оршин тогтоод байвал амьдрал ч, нийгэм ч үл өөрчлөгдөнө.
Хөөрхий дөө, Жанчив хөгшин хүний хань юм болохоороо өвгөнийгөө элдэв муу хүмүүст зуурдаар хорлогдчих вий дээ гэж санахдаа өнөө хэцүү "зулч булдруунуудад" сааль сүү, цагаан идээгээ илүүчилж муусайн хүүхдүүдээ мөн ч их гүйлгэсэн дээ. Бас өвгөнийхөө өмдийг нууж хүнд их өгнө. Учир юу хэмээвээс "Хүүхэд нь тогтдоггүй айлд дотор хүний өмдөөр өлгий хийвэл ээлтэй" гэх дом сонссон авгай хүүхнүүд Жанчив хөгшнийг амар заяа үзүүлэхгүй. Буянзаяа наймаа өмдөө алга болсныг мэдсэн ч "Тэлэ өмдү яахуу вэ, амьду явбуу сайхаан шүү" гээд өнгөрнө. Тэр цагт даавуу, даалимба, мөнгө төгрөг нүдний гэм байсан үе. Хуучин муу дээл хувцсаа эвлүүлж дэвлүүлж байгаад өвгөндөө нэг өмд хийнэ, тэр нь дорхноо бас алга болно. Эсвэл хэн нэг нь ирээд шалаад суучихна. Өгөхгүй бол өвгөнд муу юм болж магадгүй гэж бодоод бушуухан өгчихнө. Ихэнхдээ Буянзаяа гуайн шээсний үнэр, баганх нь багачуудын баасны үнэр шингэсэн ээлтэй тэр өлгий бас айлаас айлд дамжин хулгайлагдана.Тэр өлгийнд хүн бологсод эдүгээ нутгийн минь өтгөс буурлууд болж хорвоогоос буцах нь буцаж дээ.
Бэйлийн хүрээг нүүлгэж Хужиртын голын баруун зүүн дэнжид сургууль, артель байгуулахад Буянзаяа наймааных Шар булагтаа байж л байсан, харин хүүхдүүдийнх нь томууд нь сургуульд орцгоосон, арван жилийн дараа Хужирт сум байгуулагдахад тэднийх Шар булагтаа байж л байсан, харин хүүхдүүдийнх нь түрүүчээс сумандаа албан хаагч, багш болцгоосон, түүнээс хойш арваад жилийн дараа улсын амралтын газар байгуулагдахад тэднийх Шар булагтаа л байсан, харин бүх хүүхдүүд нь айл орон болцгоосон байв.
Тэдний хүүхдүүд царай зүс, бие бялдар гоолиг, сурлага, хүмүүжил, ажил сайтай, урлаг, уран сайханд авьяастай болоод тэр үү, бүгд л дорхноо айл орон болсон доо. Харин Хужиртынхнаас тэдний хүүхдүүдээс хэн ч гэрлээгүй ажээ. Хэдэн өдөр дараалан нар шарвал "хэл буруутан хүн мэлхий шатаажээ" ч гэх шиг, хэтэрхий задгай, зайдан, залхуугаа "бидний буян хишгийг буруу хэлтэн атгажээ" ч гэх шиг тэнэмэл үг тэднийг ийн болгосон хэрэг. Шуудхан хэлбэл хүн чанаргүй, залхуу хүмүүсийг тэд голсон байжээ.
Төд удалгүй Буянзаяа наймаа Хаахайн аманд амралтын газрын ногоо тарьж мөнгө сайтай болсон юм. Буянзаяагийн хүүхдүүд нь ажил үйлсээрээ шалгарч төр засгийн ажилд дэвшицгээж хот газар руу ном журмаараа шилжсээр тэднийхнээс бараг хүн үлдээгүй дээ. Хоёр хөгшин ч тэднийхээ хойноос нүүсэн дээ. Түүнээс хойш олон жил өнгөрч.
"Майраан" хэмээх Хас бид хоёр өнгөрсөн зун Шар булагт "Бөөвгөө" хэмээх Сосорынд очиж хууч жаал хөөрлөө. Сосор бол Шар булгаасаа салж үзээгүй Хужиртаасаа гарч яваагүй, юм үзэж нүд тайлаагүй нэгэн. "Бөөвгөө" Сосор идэр залуудаа Буянзаяагийн охидуудын нэгэнд сэтгэл алдарч явснаа хуучилсан юм. Нэг мэдсэн хэлний тухай яриа болж "Майраан" Хас "манай нутгийнхан бусдаас хэлний их авьяастай" гээд авч өгч байна. Манай нутгийнхан гэж туйлшрах хэрэггүй. Хятад хэлний олон улсын тэмцээнд Монголын баг түрүүлсэн. Ерөөс монголчууд ямар ч хэлэнд авьяастай гэж би мэтгэх аятай хэлэв. Тэгтэл учрыг сайн ойлгоогүй халамцуу "Бөөвгөө":
-Тэгнээ, Буянзаяагийнхан л байж таараад байна гэв. Ойлгоогүй би:
-Юунд Буянзаяагийнхан байж таараад байгаа билээ гэв. Тэрээр:
-Тэр тэмцээнд түрүүлсэн хүмүүсийг "майраан" та хоёр чинь нэг нь болохоор манай нутгийнхан гээд л, нөгөөх нь болохоор монголчууд гээд байгаа биз дээ. Манай Шар булгийн Буянзаяа наймаа хятад хэлтэй, Жанчив гуай чинь монгол хэлтэй, хүүхдүүд нь болохоор хоёуланг мэднэ. Тийм л хүмүүсийн хүүхдүүд түрүүлнэ үү гэхээс мань мэтийн хүүхдүүд хэзээ ч сурахгүй гэж авдаг байгаа.
Сэтгэгдэл ( 0 )